Халдвар авсан хүнтэй 2,3 дугаар хавьтал болсон бол өөрсдийгөө яаралтай гэртээ тусгаарлаарай

2020-03-10 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаарх 11.00 цагийн мэдээллээ хийлээ.

COVID-19-ийн халдвартай нь  шинжилгээгээр батлагдсан Франц улсын иргэн гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор иржээ. Гуравдугаар сарын 2-ноос 6-ны хооронд Баянгол зочид буудалд байрлаж байгаад 6-ны орой Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр Дорноговь аймаг руу явсан байна. Тэнд очсон хойно нь түүний эрүүл мэндийн байдалд нь эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн гэж мэдээлсэн бөгөөд мэдээллийн дагуу түүнийг сэжигтэй тохиолдол гэж үзээд тусгаарлажээ. Үүний зэрэгцээ тухайн тохиолдолтой хавьтаж, ойртсон хүмүүсийг илрүүлэх ажлыг эхлүүлсэн байсан. Энэ судалгаагаар Улаанбаатар хотод байрлах түүний ажлын байрны үйлчилгээнд өртсөн 43 тохиолдлыг илрүүлэн шинжилгээний хариу гартал гэрт нь тусгаарлаж ажиглалтад авсан байсан.

Мөн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ойрын хавьтал болсон 60 хүнийг ч тэнд нь тусгаарлалтад оруулжээ. Аймгаас тусгаарласан хүмүүс дээр аймгийн мэргэжлийн баг очиж ажилласан байна. Батлагдсан тохиолдлын шинжилгээг давтан хийнэ.

Эхний хавьтлын 123 хүнийг хатуу дэглэмийн тусгаарлалтын бүсэд ажиглалтад авч, ойр ойрхон лабораторийн шинжилгээ хийх юм байна. Үүний зэрэгцээ халдвар авсан иргэнтэй онгоцонд явж ирсэн ойрын суудлын хүмүүсийг ч тусгаарлана гэлээ.

Иргэдэд хандаж хэлэхэд, хэрвээ тухайн халдвар авсан хүнтэй 2,3 дугаар хавьтал болсон бол өөрсдийгөө яаралтай гэртээ тусгаарлаж, ажиглалт аван шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад мэдээлэх хэрэгтэй аж.

Хууль л амла!

5 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.