Монгол Улсад “COVID-19” халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ

2020-03-10 Мэдээ мэдээлэл

Монгол Улсад “COVID-19” халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. 

Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “Урьд шөнө гадаадын нэгэн иргэнээс коронавирус илэрсэн мэдээлэл ирлээ. УОК-оос гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07:00 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос болон орон нутгаас гарах, орох хөдөлгөөнийг хягзаарлаж, энэ хооронд шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар боллоо” гэв.

Тодруулбал, УОК өнөөдөр 6.00 цагт хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцсэн байна. Москва-Улаанбаатарын онгоцоор энэ сарын 2-нд Монгол Улсад ирсэн Францын иргэн энэ сарын 7-ноос халуурч эхэлжээ. Улмаар эхний шатны шинжилгээгээр “COVID-19” илэрсэн бөгөөд Дорноговь аймагт тусгаарласан байна. Удахгүй дахин шинжилгээ хийж баталгаажуулах аж. Халдвар авсан иргэн нь Францын “Бадрах энержи” компанид ажилладаг, 56 настай эрэгтэй болохыг эх сурвалж мэдээллээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэхдээ “ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг Дорноговь аймаг руу явсан. Францын иргэний биеийн байдал харьцангуй тогтвортой байна. Халуурч эхэлсэн даруйд эрүүл мэндийн байгууллагаас өөрийгөө 14 хоног тусгаарлах зөвлөмжийг тухайн иргэнд өгсөн ч үл хайхран гадуур явсан байна” гэлээ.

Түүнчлэн “COVID-19” илэрсэн Францын иргэнтэй нэгдүгээр хавьталд байсан хоёр иргэнд эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж, анхааруулга хүргүүлсэн ч үл хайхран Дорноговь аймгийн нутгаас гарсан байна. Дээрх хоёр иргэнд хуулийн хариуцлага тооцно гэдгийг мөн УОК-ын гишүүд хэлсэн юм.

УОК-оос нэн тэргүүнд хамт ирсэн, ажлын байранд цуг байсан, нэг буудалд буусан зэрэг хүмүүсийн мэдээллийг нэгтгэн гаргах ажлыг тусгай хүчний байгууллагууд үүрэг болгожээ. Мөн өнөөдрийн 07.00 цагаас энэ сарын 16-ны 07.00 цаг хүртэл Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг зогсоохоор шийдвэрлэсэн байна. Тодруулбал, аймаг, сумдаас хувийн тээврээр гарах, орох хөдөлгөөн, хот хоорондын нийтийн тээвэр, орон нутгийн нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож буй юм.

Франц улсын иргэний Монголд явсан маршрутыг ийн гаргажээ

 

Хууль л амла!

5 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.