БНСУ, Иран, Япон, Италид халдварын тархалт эрчтэй хэвээрээ байна

2020-03-6 Мэдээ мэдээлэл

COVID-19 халдварын нөхцөл байдал болон манай улсад урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ хийлээ.
Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ДЭМБ-ын зөвлөх баг Монголд ирээд, 3 чиглэлээр ажиллаж байгаа. Нэгдүгээрт, эмнэлгээс шалтгаалах халдварын хяналт. Хоёрдугаарт, тохиолдлын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх. Гуравдугаарт, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах чиглэлээр Монголын эмч нарын багтай хамтарч ажилласан. Өнөөдөр мэдээллийн цагт ДЭМБ-ын суурин төлөөлөгч, мөн манайд ирсэн багийнхан, Герман улсын Элчин сайд оролцож байна.
Өчигдөр биднийг мэдээлэл өгснөөс хойш 24 цагийн хугацаанд дэлхийн 86 оронд халдвар тархсан. БНСУ, Иран, Япон, Итали зэрэг оронд халдвар эрчтэй тархаж байгаа хэвээрээ байна.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, Хятадад халдварын тархалт буурч байгаа ч дэлхийн 86 оронд бүртгэгдлээ. Азийн нэг, Европын 3 оронд халдвар голомтлон гарч байгаа. Тохиолдлын тоогоороо хоёрдугаарт Өмнөд Солонгос орж байна.
Хэдийгээр өвчлөл зарим оронд голомтлон гарч байгаа ч гэсэн энэ өвчнийг хязгаарлах, таслан зогсоох боломжтой гэдгийг зарим улсуудын жишээ харууллаа. Өчигдөр ДЭМБ-ын Ерөнхий захирлын мэдээлснээр энэ өвчнийг зогсоох нааштай хандлага гарч байна. Жишээлбэл, БНСУ-д бүртгэгдэж байгаа шинэ тохиолдлын тоо буурч, шинээр голомт нэмж үүсээгүй.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Нэгдүгээр сарын 9-өөс өчигдөр оройны 23:00 цаг хүртэлх хугацаанд нийтдээ 858 иргэнийг ажиглалтад авсан. Одоогоор 476 иргэн ажиглалтад байна. Урьчилсан дүнгээр 256 тохиолдлыг сэжигтэй гэж тооцож, хяналт, шинжилгээ хийсэн. Алтанбулагийн хилээр орж ирсэн 3 иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарласан. Итали болон Тайланд улсад зорчоод ирсэн иргэд юм билээ.
Өнөөдөр өглөө Берлин-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 104 зорчигч ирсэн. Тэдгээрээс 17 хүнийг ажиглалтад, тандалтад авсан байгаа. 5 хүнийг ХӨСҮТ-д, 12-ыг нь Багабаянгийн амралт руу аваачсан. Эмнэлгийн тусламж хэвийн байна. Монгол Улс ОХУ-аас 500 оношлуур, ДЭМБ-аас 560 кг ачаа бүхий хамгаалах хэрэгсэл хүлээн авсан.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү, 2020 оны гуравдугаар сарын 4-ий өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй. Өчигдөр ХӨСҮТ-д сэжигтэй хүн тусгаарлаагүй. Харин ажиглалтад ХӨСҮТ-д 5, Дархан-Уул аймагт 3 хүн, нийт 8 хүнийг ажиглаж байна.
Монголд вирусийн халдвар илрээгүй байгаа ч сонор сэрэмжээ алдахгүй, ЭМЯ-наас өгч байгаа зөвлөмжүүдийг хэвшүүлж, халдвар тархсан улс орнуудаас ирсэн иргэдтэй уулзахгүй, олноор цуглахгүй байхыг анхааруулж байна.

Хууль л амла!

6 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.