Эрүүл мэндийн яамннас ээлжит хэвлэлийн бага хурлаа хийв.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 79 оронд ковид-19 вирус тархжээ. Манай улс нэгдүгээр сарын 9-нөөс хойш 532 тохиолдлыг ажиглалтад авч шинжилгээ хийсэн байна. Өнөөдрийн байдлаар 469 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, хяналтад аваад байгаа талаар албаныхан мэдээллээ. Энэхүү ажиглалтад байгаа иргэдийг ХӨСҮТ, Жаргалантын ам дахь ОБЕГ-ын харьяа сувилал, Бага баян сувилал, Дархан-Уул, Дорнод, Баян-Өлгий аймгуудад тусгаарлагдаад байна.
Гэвч иргэд үүргээ биелүүлэхгүй, тусгаарлагдсан үедээ зөрчил гаргаж байгаа талаар холбогдох албаныхан тодруулав. Тухайлбал, Багабаян сувилалд тусгаарлагдсан Хөвсгөл аймгийн харьяат сувилагч мэргэжилтэй Б гэгч иргэн тусгаарлалтаас гаръя гэж бусдыгаа уриалан бослого гаргах гэж оролдсон. Мөн тусгаарлагдах үедээ ачаа тээшиндээ нууж авч орсон архиа өөрөө уусан, бусдад уулгасан зөрчил гарчээ.
Түүнчлэн ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэд гарах шаардлага тавьсан бол онгоцноос буусан иргэн Налайх руу зугтсан байна. Тиймээс үүргээ биелүүлээгүй хэнтэй ч байсан Эрүүл мэндийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно гэдгийг албаныхан хэлж буй юм. Зөрчил гаргасан иргэдэд дэглэмийн хугацаа дууссан хариу нь сөрөг гарсны дараа хатуу хариуцлага тооцох юм байна. Мөн Италиар дамжсан иргэн бага насны хүүхдээ дагуулан явжээ.
Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдрийн байдлаар 79 улсад халдвар гарч, БНХАУ, БНСУ, Итали, Иранд халдвар голомтлон тархаж, гурван улсад халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ.
БНСУ-ын Дэгү хотод халдвар олноор илэрч байгаа нь сүмээс гадна балетын сургалтын төвд халдвар гарснаас үүдсэн байна. Мөн Японд урлагийн тоглолт үзсэн 15 хүнээс халдвар илэрснийг мэдээлсэн.
ДЭМБ-аас COVID-19 томууг бодвол өвчлөл, нас баралтаараа өндөр бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч хүнд COVID-19 халдварын эсрэг дархлаа тогтоогүй байгааг онцлон мэдээлж байна” гэв.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдөр Нур-Султан-Улаанбаатарын онгоцоор 27 зорчигч ирснээс нэг хүнийг Багабаян амралтын газарт ажиглалтад аваад байна. Туркиш эйрлайнсын нислэгээр 230 зорчигч ирсэн. Тэднээс Итали улсад зорчсон хоёр монгол иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлахаар хүргүүлээд байна.
Өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн 07:15 цагийн нислэгээр нэг гэр бүлийн гурван хүн Итали улсаар дамжин зорчоод ирснээ мэдээлэлгүй ирснийг хууль, хяналтын байгууллагаар дамжуулан хайж олсон. Хоёрдугаар сарын 12-нд Улаанбаатараас гарч Женев-Милан-Женев-Франц гэсэн маршрутаар зорчоод Москвагаар дамжиж ирсэн гурван иргэн тэр мэдээллээ нууж, ирсэн даруйдаа ажилдаа мөн очсон байна. Тиймээс ажлын газрынх нь болон бусад холбогдох байгууллагын камерыг шүүж тандалт судлагаа хийлээ. Энэ бол маш хариуцлагагүй үйлдэл” гэлээ.
Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Японд улсад өчигдөр шинээр 30 гаруй тохиолдлыг шинээр бүртгэсэн байна. Тус улс лабораторийн шинжилгээгээ түргэвчлэх, шинэ эм гаргаж авахад онцгой анхааран хүчин чармайлт гарган ажиллаж байна.
“Diamond Princess” хөлөг онгоцон дотор олон хүн халдвар авсныг та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй төсөөтэйгөөр АНУ-ын баруун эрэгт “Grand Princess” далайн аяллын хөлөг онгоцонд халдвар гарсан байж болзошгүй мэдээлэл гарсан. Уг хөлөг онгоцонд 2,500 зорчигч аялж байсан бөгөөд аяллын эцсийн хүрэх газар нь Мексик улс байсан. Халдварын сэжигтэй тохиолдол байгаа учраас аяллаа үргэлжлүүлэхгүйгээр Сан Франциско боомтод эргэн ирж байгаа. Уг хөлөг онгоцны зарим ажилчин болон зорчигчдын дунд халдварын шинж тэмдэг илэрсэн учраас хөлөг онгоцыг боомтод ирэхээс нь өмнө АНУ-ын хяналт сэргийлэлтийн төвийнхөн очиж шинжилгээ хийж байгаа юм байна. Мөн Калифорни муж улсад онц байдал зарласан. Одоогийн байдлаар нэг нас баралт бүртгэгдсэн. АНУ-ын 14 мужид 158 тохиолдол бүртгэгдсэн.
Итали улсын хувьд халдварыг тогтоох зорилгоор бүх боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 15-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргасан.
Ойрх Дорнодод халдвар эрчимтэй тархаж байгаа. Иран улсын хувьд нийт 300 мянга гаруй эрүүл мэндийн ажилтныг халдварын эсрэг дайчлан ажиллуулж байна. Мөн ДЭМБ-ын тусламжийг авч ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн гэх мэдээлэл байна” гэв.
Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр, гуравдугаар сарын 3-ны дөрвөн тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан лабораторийн шинжилгээ хийж байна. Мөн нийт найман хүнийг эмчийн ажиглалтад аваад байна. Энэ талаар тэрбээр “Дүүргүүдийн эмнэлэгт уушгины халдвараар өвчлөн эмчлүүлж байгаа иргэдийн дунд санамсаргүй түүврийн аргаар судалгаа хийхэд коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй” гэлээ.
COVID-19 вирусийн халдварын нөхцөл байдлын мэдээ /2020.03.05ны 11:00 цаг/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, March 4, 2020
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87448
30781
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.