Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд тусгаарлагдсан 2, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 9, нийт 11 иргэний коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээний хариу сөрөг гарсан.
Гуравдугаар сарын 1-нд ХӨСҮТ-д 2, Сэлэнгэ аймагт 3 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, тандалт судалгаа лабораторийн шинжилгээ хийж байна.
Ажиглалтад өчигдөр ХӨСҮТ-д 8, Сэлэнгэд 13 хүнийг тус бүр авсан. Улсын хэмжээнд ажиглалтад 335 иргэн байна” гэдгийг тодрууллаа.
Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр өнөөдрийн байдлаар дэлхийн 64 оронд COVID-19 халдвар бүртгэгдээд байна. Иргэд ариун цэвэртээ анхаарч, амны хаалтаа зүүснээр гахайн хавдар, гар, хөл, амны өвчин, салхин цэцэг гэх мэт агаар дуслын замаар халдварладаг өвчнүүд 1.3-2.9 дахин буурсан байна. Томуу өвчин буурч, өнгөрсөн жилийн өдийд нийслэлд 600 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол одоо 280 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Монгол Улсад одоогоор нийт сэжигтэй таван тохиолдол, ажиглалтад 335 хүн байна. Түр ажиглалтад байгаа иргэдээс одоогоор ажиглалтад байх хугацааны төлбөр төлсөн иргэн байхгүй. Итали улсад загварын шоунд оролцсон иргэдийн биеийн байдал хэвийн байгаа.
Коронавирусийн халдвараас хохирол багатай даван туулах нь гол зорилт. Нэг л хүн өвдвөл хэчнээн хүчирхэг эдийн засагтай орон байлаа ч, анагаахын шинжлэх ухаан нь хөгжсөн орон байлаа ч хүчин мөхөстөж байна. Монгол оронд эл халдвар орж ирэх юм бол олон зүйл дээр бид хүчин мөхөстөнө, тиймээс урьдчилан сэргийлэх нь чухал байна” гэв.