ЭМЯ: Тусгаарлагдсан хүмүүсийн биеийн байдал сайн бөгөөд зовууртай хүн байхгүй

2020-02-24 Мэдээ мэдээлэл

Хэвлэлийн бага хурал


Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өвчний халдварыг хязгаарлах боломж хумигдаж байгаад дэлхийн эрүүл мэндийн байгууллага санаа зовж байна.
Иймд бид хамтран шуурхай урьдчилсан арга хэмжээ авахгүй бол хожимдох эрсдэл бий. БНСУ-д өнөөдөр 10 цагийн мэдээллээр 793 тохиолдол бүртгэгдэж 7 хүн нас барсан гэх мэдээлэл байна. Мөн бусад улс оронд өвчний тохиолдол улам нэмэгдэж байгаа учраас бид анхааралтай байж хариуцлагатай байх шаардлагатай байна.

Эрүүл мэндийн яамнаас тус улсад амьдарч байгаа иргэддээ мэдээлэл өгч байгаа. Мөн эрүүл мэндийн салбар 24 цагийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Түүнчлэн бид хэрвээ ямар нэг байдлаар манай улсад өвчний тохиолдолд бүртгэгдвэл эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны зураглалыг гаргасан, эмнэлгүүд бэлэн байдалд байгаа.

Өчигдөр бид Жаргалантын аман дахь ОБЕГ-ын сургалтын төв дээр Солонгосын онгоцоор өвчний голомт болох Тэгү хотоос ирсэн 17 иргэнийг тусгаарлан урьдчилан сэргийлээх арга хэмжээ авсан.

Үүнд дөрвөн эрэгтэй, 11 эмэгтэй, хоёр хүүхэд байгаа. Одоогоор эдгээр хүмүүсийн биеийн байдал сайн бөгөөд зовууртай хүн байхгүй” гэв.

Мөн энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тус эмнэлэгт тусгаарлагдсан байсан 6 хүний шинжилгээний хариу нь сөрөг гарч, коронавирус илрээгүй гэдгийг мэдээллээ.

Тэрбээр “Өчигдрийн Сөүл- Улаанбаатарын онгоцоор ирсэн долоон хүнийг тусгаарласан бөгөөд ХӨСҮТ-д нийт 8 хүн тусгаарлагдаад байна. Одоогоор эмчийн үзлэг хяналт явагдаж байна.

Иргэдээсээ энэ баярын өдрүүдээр хариуцлагатай байхыг сануулж байна. Учир нь БНХАУ-д Сар шинийн баярын өдрүүдээр халдвар ихээр тархаж эргэж нөхөшгүй алдаа гарсныг та бүхэн мэдэж байгаа. Монгол Улс цөөн хүн амтай учир өгсөн зөвлөгөө зааврыг сайтар биелүүлж, хүн бүр хичээвэл давж гарна” гэлээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.