Дадлага сургуулилт хийв

2020-02-23 Мэдээ мэдээлэл

Олон улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал хэмээн зарласан шинэ төрлийн коронвирусын халдварын тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Уг вирусын халдварын тохиолдол манай улсад бүртгэгдээгүй хэдий ч өртөх эрсдэл өндөр байгаатай холбоотойгоор Монгол улсын Засгийн газраас хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлан онцгой арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлж байгаа билээ.

Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, хариу арга хэмжээний тухай ЭМ-ийн сайдын 2020 оны 02 сарын 21-ний А135 тоот тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд өнөөдөр Хавдар Судлалын Үндэсний Төв дээр дадлага сургуулилтыг зохион байгууллаа. ХСҮТ-ийн Ерөнхий захирлын тушаалаар батлагдсан халдварт өвчний хам шинж, сэжигтэй тохиолдлын үед ажиллах мэргэжлийн багууд яаралтай дуудлагаар эмнэлэг дээр цугларснаар дадлага сургуулилт эхэлсэн.

Тус төвийн яаралтай тусламжийн тасагт халдварын сэжиг бүхий тохиолдол илэрлээ гэдэг тохиолдол дээр багууд хариу арга хэмжээний үед ажиллах түр зааврын дагуу ажиллаж бэлэн байдлаа шалгасны зэрэгцээ цаашид анхаарах, сайжруулах асуудлуудынхаа талаар дүгнэн ярилцснаар дадлага сургуулилт өндөрлөлөө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.