Асашёорюү Д.Дагвадорж ЭМЯ-нд 400 битүү хувцас бэлэглэв

2020-02-20 Мэдээ мэдээлэл

 

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга, МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж онц ноцтой тахлын үед хэрэглэх олон улсын чанарын шаардлага хангасан 400 ширхэг хамгаалалтын битүү хувцас, хэрэглэлийг ЭМЯ-нд хандивласныг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Их аварга энэхүү хандивынхаа талаар өөрийн цахим хуудсанд “Иргэний үүргээ биелүүлэх эх орноо гэх сэтгэл гэгэлзээд сайхан байна аа” хэмээн сэтгэгдлээ бичсэн бол хандивыг хүлээлгэн өгсөн түүний туслах Д.Долгормаа “Монгол Улсад “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч Засгийн газар, Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч, ажиллаж байна. Тиймээс иргэн бүр ЭМЯ-наас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүсье. Д.Дагвадорж аварга маань өнөөдөр ажил ихтэй байсан тул өөрийн биеэр ирж чадаагүйд хүлцэл өчье” гэсэн юм.

Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Манай улсад ноцтой халдвар гарсан үед эмнэлгийн ажилтнуудыг иж бүрэн хамгаалах орчин үеийн хамгаалах хэрэгсэл нэн шаардлагатай байсныг” тодотгоод, Асашёрюү Д.Дагвадорж аваргад чин сэтгэлийнхээ талархлыг дамжуулж буйгаа мэдэгдсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.