Ковид-19-ийн халдвар авсан хүний тоо 75.182 хүрчээ

2020-02-19 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаарх  өнөөдрийн хэвлэлийн хурал боллоо.   Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Ковид-19 халдвар Азийн 12 оронд бүртгэгдээд байна. Тэр дундаа монголчуудын хамгийн ихээр зорчдог Япон, Сингапур, Тайвань зэрэг оронд халдвар нэмэгдсээр байна” гэв.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “2020 оны хоёрдугаар сарын 19-ний 10:00 цагийн байдлаар ковид-19-ийн халдвар авсан хүний тоо 75,182, нас баралт 2,009 байна. Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдол 1,851 байгаа бол нас баралт 137-оор нэмэгдсэн. Хятад улсаас гадна дэлхийн 25 улсад 900 тохиолдол бүртгэгдсэн. Шинэ коронавирусийн халдварын тохиолдлуудад хийсэн судалгаагаар өвчлөлийн  81 хувь нь хөнгөн,  14 хувь нь хүнд,  5 хувь нь нэн хүнд явцтай байна.
Хоёрдугаар сарын 11-ний байдлаар БНХАУ-д эрүүл мэндийн 3,019 ажилтан халдвар авснаас 1,716 нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан. 14.6 хувь нь маш хүнд байгаа.
Одоогоор Хятадад 80 гаруй эмнэлзүйн туршилт судалгаа хийгдэж байгаа бөгөөд эхний үр дүн дөрөвдүгээр сард гарна” гэв.
Үргэлжлүүлэн ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл “ДЭМБ-аас улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ үргэжлүүлэхийг уриалж байгаа. Сая 17 байгууллагын төлөөлөл багтсан ажлын хэсэг эрсдлийн үнэлгээг тав дахь удаагаа хийж, эрсдэл өндөр байна гэж дүгнэлээ.

Халдвар буурахгүй, оргил үе тохиож байгаатай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн хугацааг гуравдугаар сарын 30-н хүртэл сунгалаа. Үүнтэй холбоотойгоор Улсын Онцгой комисс маргааш хуралдана” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.