Даамай ихийг туулсан Дайчин чин ван Ханддорж

2019-12-18 Танил биш танил

Гадаад хэргийг бүгд ерөнхийлөн захирах яамны тэргүүн сайд, Эрдэнэ дайчин хошой чин ван М.Ханддоржийн 150 насны ойд

Сүрлэг Бүрэнгийн нуруу, Чачиртай голын хооронд дүнхийх өвч ой модон хүрэм хэдэрсэн Ханжаргалант хайрханы нэгэн суганд цогт эх оронч Дайчин чин ван Ханддоржийн шарил оршиж буй. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдсанаас хойш, 200 гаруй жил зүүрмэглэсэн Монгол орноо сэрээж, улс шиг улс болгохын төлөө тэмцсээр, Туулын хөндийн хацар эсгэсэн жавар сөрөн, эмээлт морин дээрээ эрвэлзэж яваад 46-хан насандаа энэ орчлонг уйтайхнаар орхисон Ханд ван элэг эмтрэм тавилангийн эзэн ажгу. Энэ жил Эрдэнэ дайчин, хошой чин ван М.Ханддоржийн 150 насны ой тохиож байна.

Далай багшийг дагуулан их эрдмийн замд үдэж өгсөн 15 настай хүүгийнх нь толгойг цар дээр тавьчихсан зоог гүнцэг мэт барихыг харна гэдэг эцэг хүний хувьд төсөөлшгүй эмгэнэлт агшин.

Одоогоос зуун тавин жилийн өмнө Манжийн дарлал улам чангарч, Монгол орон түүхийн сүүдэрт мартагдаж асан гансралт жилүүдийн нэгэн, аргын 1869 онд төв Халхын элгэнд орших ханагар сайхан Ханжаргалант уулын өвөр сугаар нутагладаг Мижиддорж тайжийнд хөвүүн мэндэлсэн нь Ханддорж байв. Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз жалайр хунтайжийн удмын салаа мөчир болж, алтан ургийн удам залгасан энэ хүү Халх Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийг оройлон удирдах ижилгүй тавиланд төржээ.

Эцэг нь хошуу засаг залгаж завдалгүй эрт хальсан тул 1892 онд Ханддорж 23 насандаа өвөг эцгийнхээ оронд хошой чин ван зэрэг залгамжлан хошуу ноён болжээ.

Аргын тооллын 1905 он. Чин ван Ханддорж Манжийн шинэ засгийн бодлогыг илт эсэргүүцэн эх нутгаа онгон байдлаар нь хадгалахыг эрмэлзэж байсан тул түүнд хатуу сануулга өгөх зорилгоор Бадаргуулт төр хааны зарлигаар балчир хүү Данзанжамцыг нь Манжийн хааны ордны дэг журмыг зөрчсөн шалтгаанаар цаазалсан нь түүний цээжинд улалзаж байсан тэмцлийн галыг дүрэлзүүлсэн гэдэг.

Ханд ванг 1905 оны өвөл Бээжингээс “Хүүгийн тань бие муудав” гэж дуудуулахад, нутгаасаа мориор яаран гарч довтолгосоор Хаалган хүрч, галт тэргээр Бээжинд шөнөөр очиж, Юнхэ гүн сүм дэх нутгийн айлд буудаллажээ. Маргааш өглөө нь манжууд вантанг Монгол төвдийн журганд дуудан, хоол гүнцгээр дайлж байхдаа гэнэт цартай идээ авчирч, бүтээлгийг нь сөхтөл, хайрт хүү Данзанжамцынх нь цустай толгой байж. Вантан хүүгийнхээ толгойг аваад монгол лам нарын ном хурдаг Юнхэ гүн сүмдээ ирж, хойдхыг нь уншуулж, ном хуруулжээ. Тийнхүү, Бээжингийн тоост гудамжаар хүүгийнхээ толгойг тэврэн дэн дун явж байхдаа Ханд ван “Монхор хүүгээ алдсан ч, Монгол минь байхад болно доо…” гэж дуу алдсан гэдэг.

Ханд ван маргааш нь нутгаа тэмцэн зогсолтгүй довтолгосоор Цагаан хэрмийг өнгөрч, Жанчхүүгийн даваан дээр гарч байж, эцэг хүний гашуудал нь дэлбэрч,  хайрт хүүгийнхээ хойноос эмгэнэсэн хар нулимсаа сад тавьжээ.

Ханд ван үе улиран залгамжилсан хошой чин вангийн жинсээ чулуунд савж хагалаад:

-Жанчхүүгийн даваанаас хойш

Манж хятадын хилэн шаахай

Марал илжигнийх нь туурайн мөрийг гаргахгүйн төлөө үхэн үхтлээ тэмцэнэ! хэмээн тангарагласан нь эдүгээ ч монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон эх оронч дээдсийн эрхэм гэрээс  болон үлдсэн билээ.

Ханд ван яруу найргийн торгон мэдрэмжтэй, уяруун халуун зүрх сэтгэлтэй, ёстой л найранд гурван дуутай, наадамд гурван даваатай сайхан эр байж. Хайрт хүүгээ харьд алдчихаад цустай толгойг нь тэвэрсээр Халх нутагтаа ирээд, гуниг гашуудлаа тайлан “Ай нанаа” хэмээх дуу зохион дуулсан нь ардын дуу болон мөнхөрч, одоо ч ам дамжин аялгуулсаар л байна.

Ай Нанаа

Зүүн уулын зэрэглээ байна хө хө Ай Нанаа минь ээ ээ
Зүглээд очсон чинь үгүй л байнаа хө хө
Зүүдээ нойрон дундаа хоюулаа байнаа хө хө Ай Нанаа минь ээ ээ
Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байнаа хө хө
Урд уулын зэрэглээ байна хө хө Ай Нанаа минь ээ ээ
Угтаад очсон чинь үгүй л байнаа хө хө
Унтах нойрондоо хоюулаа л байнаа хө хө Ай Нанаа минь ээ ээ
Унтаад сэрсэн чинь ганцаараа байнаа хө хө…

”Ай нанаа”-г амраг сэтгэлтний дуу гэж хүмүүс андуурдаг бол, Ханд вангийн үрээ санаж эмгэнэсэн сэтгэлийн дуулал байж.

Ханддорж ван Хүрээнд ирснээс хойш ар Халхад Манжийн дарлал улам ширүүссээр байсан тул Сайн ноён хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд нарын ноёдтой санаа нийлэн тэмцэлд босохоор зориг шулуудан, монгол туургатны шашны тэргүүн, сүсэгтэн олны дунд үлэмж их нэр нөлөөтэй наймдугаар Богд Жавзандамба гэгээнтнийг үндэсний эрх чөлөөний тэмцэлдээ татан оролцуулж эхэлсэн юм.

Хошой чин ван Ханддорж хожим Манлай баатар цол шагнагдсан, өвөр Монголын эх оронч Баргын Дамдинсүрэнтэй 1908 онд дотно танилцан Монгол улсын туурга тусгаарлах ирээдүйн тухай ярилцан хүчээ нэгтэн тэмцэхээр тохирсон байна. 1911 оны зуны дунд сар. Нийслэл хүрээ, Эрдэнэ шанзодбын яам.

Халхын дөрвөн хан Түшээт хан Т.Дашням, Сайн ноён хан Т.Намнансүрэн, Засагт хан Т.Содномравдан, Сэцэн хан Навааннэрэн нар болон Халхын томоохон ноёд, ихэс дээдэс, хутагт хувилгаад цугларч Манж дачин улсын эсрэг хэрхэн тэмцэхээ зөвлөлдсөн нь Үндэсний эрх чөлөөний хувьсгалын галыг асаасан  байна.

Дараа нь Хан уулын Их тэнгэрийн аманд Халхын дөрвөн хан, ихэс ноёдын зөвлөгөөн болж, хаант Орос улсаас тусламж гуйх төлөөлөгчөөр Хошой чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өвөрлөгч Зостын чуулганы Хайсан гүн нарыг илгээсэн билээ. Дээдэс минь, үндэсний мөнгөн тэмдэгтгүй, байнгын арми, цагдаа, эмнэлэг, сургуульгүй, бүр банк ч үгүй атал, тусгаар Монгол улс байгуулна, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлнэ гэсэн хичнээн агуу хүсэл тээж Их Оросыг зорьсон юм бэ дээ.

1911 оны наймдугаар сар, Орос улсын нийслэл Санкт Петербург хот.

Ханд ван тэргүүтэй Монголын тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөний төлөөлөгчид Манжийн туршуулын мөрдлөгөөс мөр буруулан явсаар Хиагт, Иркутскээр дамжин Санкт Петербург хотод наймдугаар сарын 15-нд очиж Оросын сайд нарын зөвлөлийн тэргүүн ноён Столыпинд бараалхсан байна. Тэд Богд Жавзандамба хутагт болон Халхын дөрвөн ханы үзэглэсэн, Орос улсаас цэрэг зэвсгийн тусламж хүсэх бичгийг ноён Столыпинд гардуулсан юм.

Чин ван Ханддорж тэргүүтэй манай төлөөлөгчдийн гэдрэг буцах замд Манжийн туршуулуудын мөрдлөг улам  чангарчээ. Тиймээс, Чин вантан  өөрийнхөө хошууны захаар Оростой хиллэдэг нутгийн анчдын жим даган нууцаар Монголдоо орж ирж, нутгийнхаа Цонхлон ууланд хошууныхаа баг цэргээр хамгаалуулан манжуудаас нуугдан бүгжээ. Ийн бүгж байхдаа

Оросын хотоор орлоо доо

Оргодлын шинжтэй явлаа даа

Олз ашгийг хайсангүй

Олныхоо өмнөөс зүтгэлээ дээ

Хаан Богдын ивээлээр

Ханы зэрэгтэй биесийг

Харцын мэтээр явлаа даа

Эзэн Богдын хайраар

Эрмээ жуузар шагнууллаа даа

Энэ яваа биеийг

Эрлийн мэтээр явлаа даа

гэсэн дуу зохиож дуулсан нь үе дамжсан хошой чин ван хүн ч гэлээ, төр улсынхаа төлөө эрх ямбыг умартан, хүний газрын дээдсийг царайчлан доодос мэт явж, харих замдаа оргодол зайгуулын дүрээр ууланд бүгсэнээ дуулсан нь тэр аж.

“Олз ашиг хайсангүй

Олны төлөө зүтгэлээ дээ…” гэсэн энэ хоёрхон бадагт чин шударгуу эх орончийн үзэл санаа, үнэнч шударга ёсыг дээдэлсэн хатуу зарчим нь шингэснийг өнөөгийн авилгад идэгдсэн улстөрчдийн чихэнд хэдэнтээ хашгиран сонсгох сон!

Ханд ван тийнхүү хошуу нутагтаа хэсэг зуур байдлыг ажиглаад Хятадын Синхуан хувьсгал ялсан мэдээ авмагц Их Хүрээнд эргэн ирж, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд  шамдан орсон байна.

Энэ үед Нийслэл хүрээнд Халхын хүрээний түр ерөнхийлөн шийтгэх газрыг байгуулан, түшээ гүн Чагдаржав толгойлох болж, чин ван Ханддорж зөвлөн шийтгэх түшмэлээр томилогджээ. Энэ үед Түшээт хан, Сэцэн хан аймгаас цэрэг татах шийдвэр гарч, Чин ван Ханддорж нь тэр цагт Түшээт хан аймгийн жанжин байсан учир хоёр гуравхан хоногийн дотор 500 цэрэг цуглуулж чадсан байна. Энэ нь Ханд ван хошууныхаа ардын дунд хичнээн их нэр нөлөөтэй манлайлагч, тэмцлийн удирдагч байсны нотолгоо юм. Халхын хүрээний бус хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар буюу Түр Засгийн газрын шинжтэй энэ байгууллага Саньдо амбаныг “Гурав хоногийн дотор Монгол хязгаараас зайлан явах”-ыг тулган шаарджээ.

Тэр үед Их Хүрээнд байсан Америкийн иргэн “Монгол гүн” Ларсон бичихдээ “Монголын ноёд Манжийн Саньдо амбанд тааламжгүй байлаа. Тухайлбал, Ханд ван Сандо амбанг өөрийнхөө  ирсэн зүг рүү буцаад Цагаан хэрмийн цаад руу тонилбол сайн сан гэж  байв. Монголын бусад томоохон ноёд Ханд ван шиг санаснаа шууд хэлж чаддаггүй. Ханд ван дургүйцэхдээ Нийслэл Хүрээнээс гарч, Түшээт хан аймаг руугаа яваад цэрэг элсүүлэн Их Хүрээнд ирээд, шууд л манж нарыг зайлахыг шаардсан. Энэ хувьсгал цус асгаруулалгүйгээр хэдхэн цагийн дотор л болж чадсан юм. Монголын ард түмэн маргааш өглөө нь сэрээд л Хятадын гараас чөлөөлөгдсөнөө мэдсэн” гэж тэмдэглэсэн байдаг. Монгол цэрэг Улиастайг онцын эсэргүүцэлгүйгээр чөлөөлж, харин Ховд хотыг нэлээд тулааны эцэст эзлэн авснаар 1911 оны арванхоёрдугаар сарын сүүлч, дүн өвлөөр Монгол оронд үндэстний эрх чөлөөний хувьсгал ялав! Ингэж 1691 оны Долоннуурын чуулганаар Манжийн эрхшээлд орсон Монгол орон 220 жилийн дараа тусгаар тогтносон юм. Энэхүү түүхэн хувьсгалын оюун санааны удирдагч нь наймдугаар Богд Жавзандамба гэгээн, монгол түмнийг манлайлсан удирдагчдынх нь нэг нь хошой чин ван Ханддорж байлаа.

Чин ван Ханддорж шинэ тутам тусгаар тогтнолоо сэргээсэн Монгол орноо улс шиг улс байлгах, Монгол төрийн эрхэмсэг оршихуйн төлөө хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж  Монгол төрийн бэлгэдэлд онцгойлон анхаарсан юм. Тэрээр  Монгол төрийн дээд шагнал  “Эрдэнэ Очир” одонг санаачлан Санкт Петербург хотын Бокын пүүсэнд захиалан хийлгэж байв.

Мөн Эх дагина Дондогдулам хатны хамт Монгол төрийн дууллыг санаачлан “Зуун лангийн жороо луус” хэмээх төрийн дууллыг зохиолцсон нь төрийн гарамгай зүтгэлтэн, сэхээтэн байсных нь гэрч юм.

Чин ван Ханддоржийн санаачлагаар 1912 оны гуравдугаар сарын 24-нд 47 сурагчтайгаар орчин цагийн анхны бага сургуулийг байгуулалцсан байна.

Ханд вангийн санаачлагаар Орос улсаас хэвлэлийн машин, үсгийн хэв захиалан авчирч, Гадаад яамны дэргэд хорголжин барын жижиг хэвлэх үйлдвэр байгуулан, тогтмол сонин, сэтгүүл хэвлэдэг болжээ. Тэр ч бүү хэл, вантан Санкт Петербургт айлчлахдаа боловсон эмнэлгийн эм тариа, шархны боолт зэрэг дөрвөн авдар зүйл захиалан авсан төлбөрийн баримт нь архивт үлдсэн зэргээс үзэхэд орчин үеийн шинжлэх ухааны ололт, соёл боловсролыг эрхэмлэгч шинэлэг үзэлтэн байжээ.

Чухамхүү чин ван Ханддорж, Улсын Эх дагина Ц.Дондогдулам нарын санаачлагаар шашин төрийг хослон баригч Богд гэгээнтний мэлмий гийх, Монгол тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болгон нийслэл Хүрээнд Өндөр Жанрайсиг сүм, Жанрайсэг шүтээнийг 1911-1913 онд барьж байгуулж дуусгасан ажээ.

Тэрбээр Богд хаант Монгол Улсын Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны сайдаар томилогдсоноор Их Хүрээнээ байнга суурьших болж, өрнө, дорнын уран барилгын хэв шинжийг хослуулсан чамин уран хийцтэй нэгэн байшинг бариулсан нь өнөөг хүртэл зуу гаруй жил сүндэрлэсээр байна.

Чин ван Ханддорж өөрийнхөө хошууны төв-Вангийн хүрээг уран барилгын хийц маяг, өнгө үзэмжээр Халхын том хүрээ хийдүүдээс илүү хөгжүүлэхийг эрмэлзэж байсан гэдэг. Тэрбээр өвөг эцгийн үе-1890-ээд оноос анх эх суурийг нь тавьсан их Цагаан суваргыг 1905 он гэхэд дуусгаж, XIII Далай лам Түвдэнжамцаар аравнайлуулжээ. Эл цагаан суварга нь өргөнөөрөө 40 см, урт нь 1,2 м, зузаан нь 30-40 см хэмжээтэйгээр боржин чулууг засаж барьсан 40 м өндөр суварга байсан нь Халхад гуравхан гайхамшигт суваргын нэг болсон гэдэг.

ХХ зууны эхээр Вангийн хүрээнд Халхад хамгийн томд орохуйц цогчин дуган байгуулсан нь тэр үеийн модон хийцтэй барилгын хувьд дуулиан тарьсан байгууламж болжээ. Вангийн хүрээний тэрхүү үзэмж төгс аварга том Цогчин дуган нь гурван давхар асар дээвэртэй, 64 хаалгатай, дотроо 64 баганатай байсан аж.  Энэ цогчин дуганд түмэн хувраг ном хурахуйц багтаамжтай байсан гэдэг.

Бас Диваажин хэмээх Бурхны жаргалын орныг дүрсэлсэн Халхад ижилгүй гоёмсог сүмийг хиймэл шороон уулан дээр барьж байгуулсныг Ханд вангийн үед дээврийг нь алтаар шарж тохижуулан  дотор нь маш ховор гайхамшигт зүйлсийг байрлуулсан нь уран гоё хийцээрээ түмэн олны нүдийг хужирлаж, бахархал бишрэлийг өөрийн эрхгүй төрүүлж байжээ.

Вангийн өргөө баялаг сайхан номын сантай, түүнд есөн эрдэнээр бүтсэн Гаанжуур, Даанжуурын бүрэн ботиуд, Төвд, Энэтхэг, Хятад, Орос, Өвөр Монголоос залж авчирсан, захиж бүтээсэн ховор нандин ном судар байдаг байжээ.

Ханд ван Монголын байнгын армийн үндэс суурийг тавилцсанаар барахгүй, 1911 онд Орост айлчилж явахдаа  онгоцоор нисч үзсэн нь агаарын хөлгөөр аялсан анхны монгол хүн болсон гэдэг.

Эрдэнэ билигт дайчин чин ван, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны тэргүүнээр ажиллаж байхдаа гурван этгээдийн хэлэлцээрээр Олноо өргөгдсөн Богд хаант Монгол нь бүрэн тусгаар тогтнолоо алдах нь ойлгомжтой болсон хойно ч Монгол улсаа дэлхийн их гүрнүүдэд хүлээн зөвшөөрүүлэх бодлоо орхисонгүй. 1914 онд Бээжин дэх Америк, Англи, Япон, Франц, Герман зэрэг их гүрний Элчин сайдын яамдад дипломат болон эдийн засгийн харилцаа тогтоох саналаа илгээсээр байжээ!

Олноо өргөгдсөний тавдугаар оны цагаан сарын шинийн таван, аргын 1915 оны өвөл Гадаад хэргийн тэргүүн сайд, Дайчин хошой чин ван Мижиддоржийн Ханддорж Нийслэл хүрээнд 46 насандаа учир битүүлгээр халин одсон юм. Монголынхоо төлөө явсны эцэст зуурдаар хорвоог орхисон эрдэм билэгт,чин шударгуу, эх орончдын гунигт тавилан түүнийг ч тойрсонгүй. Хан уулын өвөрт, хацар исгэсэн Туулын жавар сөрөн давхиж яваад Дунд голын мөсөн дээр тархи нь бяцарсан хэвтэж байсныг хиа дагуулууд нь олсон гэдэг.

Ханд ванг Жанчхүүгийн даваанаас нааш манж хятадын шаахайн мөрийг бүү гарга! гэсэн хятадын эсрэг гуйвшгүй үзэлд нь хорссон Хүрээн дэх хятадууд хорлосон байхыг үгүйсгэхийн аргагүй. Ханд вангаас хойш Түшээ гүн Чагдаржав, Хиагтын хэлэлцээрийг ахалж, автономыг хүлээн зөвшөөрөхгүй гэж эцсээ хүртэл Орос, Хятадын төлөөлөгчидтэй үзэлцэж явсан Дотоод хэргийг бүгд ерөнхийлөн захирах яамны сайд, билэгт гүн Дашжав, анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн нарын эх оронч эрхэм дээдэс цаг бусын үхлээр ар араасаа цувран орчлонг орхисон билээ.

Ханд вангийн их хатан Сэвжидмаагаас хоёр хүү төрсний нэг Данзанжамц нь 1905 онд Бадруулт төр хаанд цаазлуулж, нөгөө хүү Жамбалдорж нь эцгийнхээ хошууг үе залгамжлан захирч байгаад, Ардын хувьсгалын дараа энгийн ард болсон ч 1930 онд хилсээр цаазлуулснаар удам нь тасарсан байна.

Сонирхолтой нь, Булган аймгийн Өлзийт суманд 1929 онд хийсэн хүн амын тооллогоор охин Сэсэм 32 настай, түүний охин Даваа 14 настай, хүү Жамбалдорж 30 настай, дүү Очир 18 настай, эхнэр Цэндсүрэн 26 настай, хүү Сэр-Од 7 настай, эх Сосор 78 настай, охин Лхагвасүрэн 3 настай гэсэн бүртгэл улсын архивт үлджээ.

Үүнээс үзэхэд Ханд вангийн ээж Сосор хатан өндөр насалсан агаад охин Сэсэмийн хүү 80 гаруй насны буурай Иш эдүгээ амьд сэрүүн байгаа агаад, энэ намар өвөг эцгийнхээ 150 насны хүндэтгэлийн ёслолд оролцжээ.

Унасан газар угаасан ус нь болсон одоогийн Булган аймгийн Бугат сумын төв, Булган хот, Улаанбаатарт Ханд вангийн гурван хөшөө буй. Дэрвэгэр дээвэртэй, өрнө дорнын уран барилгын хэв шинжийг хослуулсан орд өргөө нь нийслэлийн зүрхэнд дүнхийж байгаа. Зохиосон дуунууд нь ч аялгуулсаар, гэрээс үг нь монголчуудын сэтгэлд мөнхөрсөн гайхамшигт эх орончийн мэлмий гийсний 150 жилийн ой шувтарч байна. Өлмий нь бат оршиг! Өнөөгийн бидэнд үлдээсэн төрийн гал голомтыг унтраах ёсгүй!

Заяасан ганц амьдралаа, Туурга тусгаар Монголынхоо төлөө өргөл болгон барьж, олз ашгийн төлөө бус, олныхоо төлөө явсаар ойгүй эмгэнэлтэйгээр  хорвоог орхисон Эрдэнэ билэгт, Дайчин чин ван М.Ханддорж үйл хэрэг нь мөнхөрсөн  бахархалт эх оронч билээ.

Ханд вангийн 150 насны ойд зориулан Түүхчдийн холбооноос “Хошой чин ван Ханддорж баримтат кино бүтээж байна.

Б.ШҮҮДЭРЦЭЦЭГ

<

Алдаж үз, залуус аа…

20 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.