ТТЭНН-ын даргаар Ц.Баянбилэгийг томилжээ

2017-04-27 Нам хөдөлгөөний амьдрал

Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намын даргаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга ажиллаж байсан ч түүнийг чөлөөлжээ. Тодруулбал, намын удирдах зөвлөлийн гишүүд нь түүнийг намаасаа хөөсөн тухай тус намын дарга асан Ц.Баянбилэг мэдэгдсэн юм. Тэрбээр “УИХ-ын гишүүн асан Г.Уянга намын дарга болох гэж яарахдаа бага хурлын гишүүдийн гарын үсгийг хуурамчаар зурсан. Өнөөдөр хүртэл гарын үсэг зураагүй гэсэн 30, 40 гаруй гишүүд байна. Хүний гарын үсэг хуурамчаар зурах чинь гэмт хэрэг биз дээ. Бусдын үүсгэн байгуулсан намыг хуурамч гарын үсэг зурж намын дарга болно гэдэг чинь хууль, шүүхийн байгууллагыг залилан мэхэлж байгаа хэрэг биз дээ. Монгол Улсад шударга шүүх гэж байдаг манай намын гишүүдийн улс төрийн эрхийг хангаж өгнө гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Улмаар намын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын дээд шүүхэд гаргаад байсан юм. Дээд шүүх хүсэлтийг өнөөдөр хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар Ц.Баянбилэгийг сонгосныг болон намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн байна. Ингэснээр Г.Уянга намын даргаар чөлөөлөгдөж, Ц.Баянбилэг эргэн томилогдлоо.

А.Уянга

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.