З.Энхтөр: АН-ынхан ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байна

2017-04-26 Нам хөдөлгөөний амьдрал

Хэвлэлийн бага хурал

Сүхбаатар аймгийн АН-ын гишүүд аймгийнхаа төв талбайд цуглаан, суулт зохион байгуулаад 20 гаруй хонож байна. Энэхүү асуудалтай холбоотойгоор өнөөдөр МАН-ын Хууль эрх зүйн газрын дарга Р.Саруул, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр, Иргэдийн хурлын дарга Б.Гансүх, Иргэдийн хурлын тэргүүлэгч Ш.Мандахнар, МАН-ын Хууль эрхзүйн газрын дарга Р.Саруул нар хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар бодит мэдээллийг өгсөн юм.

Монгол Улсын үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит сонгуулиар Сүхбаатар аймгийн ИТХ-ын 33 суудлаас МАН 17, АН 16 суудлыг авч, МАН ялалт байгуулжээ. Ийнхүү хуулийн дагуу буюу 7-р сарын 19-ний өдөр анхдугаар хуралдаанаа хуралдуулсан байна. Уг хуралд АН-аас сонгогдсон 16 иргэдийн төлөөлөгч тодорхой шалтгаан хэлэлгүйгээр суугаагүй учраас олонхи болсон МАН-ын 17 төлөөлөгч хурлаа зохион байгуулж, Иргэдийн хурлын даргыг томилох, Иргэдийн хурлын тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргаар томилуулах хүний нэрийг өргөн мэдүүлэх гэх хууль ёсны шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Засаг даргыг батламжилжээ.

Энэ цагаас эхлэн Сүхбаатар аймгийн тулга тойрсон маргаан, учир утгагүй тэмцэл өнөөг хүртэл үргэлжилж, асуудлууд шүүх цагдаагийн шатанд яригдаж байгаа аж. Тодруулбал, АН-ын гишүүд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан Д.Болдбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 70.1.4 дэх хэсгийг зөрчсөн гэх 44 дугаартай шийтгэврийг 2016 оны 6-р сарын 30-ны өдөр Сүхбаатар аймаг дахь эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргуулсан байна. Энэхүү шүүхийн шийдвэр ямар ч үндэслэлгүй, АН-ын санаатай явуулга байсан гэж үзэн, Сүхбаатар аймгийн МАН-аас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг 7 дугаар  сарын 20-ны өдөр эцэслэн шийдвэрлэжээ.

Харин АН-аас МАН-ын 17 төлөөлөгч хурлаа зохион байгуулсан нь хууль бус гэх гомдлыг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан боловч дээд шүүхийн эцсийн шийдвэрээр 2016 оны 12 дугаар сарын 19-ний 444 дүгээр тогтоолоор дээрх гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.  Энэхүү тогтоолд Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан товлогдсон 2016 оны долдугаар сарын 19-ний өдөр нэр дэвшигч Д.Болдбаатарыг “нэрийн жагсаалтаас хассан” эрх бүхий байгууллага буюу Сонгуулийн хорооны шийдвэр гараагүй байсан бөгөөд Д.Болдбаатар нь төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэн анхдугаар хуралдаанд оролцсон байна. Мөн “33 төлөөлөгчөөс 17 нь буюу олонхи хуралд ирсэн” гэж үзсэн нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  23.7-д заасныг зөрчөөгүй болно. Тиймээс анхдугаар хуралдааны бүхий л шийдвэр хүчин төгөлдөр хэмээн тодорхойлсон байгаа юм.

Маргаантай тойргийн хувьд дахин сонгууль явагдаж, АН-ын гишүүн П.Мөнхжаргал сонгогдсон гэх боловч тэрбээр Сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн тухай болон хүчингүй болсон Иргэдийн хурлын тамга, албан бланк ашиглан хууль бусаар Сонгуулийн хороо байгуулж, хууль бус сонгууль явуулахаар оролдсон гэмт хэргийн шинжтэй үйлдэлд нь хуулийн байгууллагад шалгагдаж, хоёр шатны шүүхээр хэлэлцэгдэн, 2017 оны хоёр дугаар сарын 24-ны өдрийн 36 тоот магадлал, 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 44 тоот магадлалаар П.Мөнхжаргалыг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт дахин шалгуулахаар шилжүүлэн, шалгах ажиллагаа дуусаагүй, Прокурорын шатанд хянагдаж байгаа ажээ.

Ийнхүү маргаантай асуудлууд шүүхийн шатанд эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Сүхбаатар аймгийн АН-ын удирдлагууд иргэдэд буруу, ташаа мэдээлэл түгээж, жагсаал цуглаан зохион байгуулаад зогсохгүй энэхүү жагсаалдаа бага насны хүүхдүүдийг ашиглаж байгаа нь тодорхой хууль тогтоомжуудыг зөрчиж байж болзошгүй бөгөөд хүүхдийн эрхийг хамгаалах зэрэг байгууллагууд тус асуудлыг анхааралдаа авч ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа хэвлэлийн бага хуралд оролцогчид мэдэгдсэн юм.

Хэвлэлийн хурлын үеэр Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр “АН-ын гишүүдийн зүгээс бидэнд дөрвөн шаардлага тавьсан. Нэгдүгээрт, намайг гурван жил жил төрийн албанд ажиллаагүй байж Засаг дарга болсон. Тиймээс сайн дураараа огцор. Хоёрдугаарт, П.Мөнхжаргалын бүрэн эрхийг зөвшөөр. Гуравдугаарт, Онгон сумын Засаг даргыг томил. Дөрөвдүгээрт, Төрийн албан хаагчдыг халсан асуудалдаа уучлалт гуйж, буцаан ав гэсэн. П.Мөнхжаргалын хувьд эрүүгийн хоёр ч зүйл анги дээр шалгагдаж байгаа. Хэрэв шүүх, прокуророос түүний гэм буруугүйг тогтоочихвол бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөхөд асуудалгүй гэдгээ АН-ынханд өгчихсөн байгаа. Онгон сумын Засаг даргыг томилох тухайд энэ шаардлагаа гаргасныхаа маргааш нь буюу 3 дугаар сарын 31-нд томилуулах бичгээ ирүүлсэн. Бид холбогдох бичиг баримтыг нь орон нутгаасаа бүрдүүлээд АТГ-т шалгуулахаар өгсөн. Гэтэл өнөөг хүртэл АТГ-аас бидэнд хариулт өгөөгүй байна. Ямар нэгэн ашиг сонирхолын зөрчилтэй эсэхийг зайлшгүй АТГ-аар шалгуулж байж Засаг даргыг томилодог. Мөн төрийн албан хаагчдыг халж сольсон асуудал миний эрх мэдлээр хийгдсэн зүйл биш. Зарим алба, газрууд нийлсэнтэй холбоотойгоор цомхотголд өртсөн, Засаг даргын тамгын газрын бүтцийг Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор 37 байна гэж заасан дагуу 54 байсан орон тоог хуулийн дагуу цөөлсөн. Албан хаагчийг халж, сольсонтой холбоотой асуудал Захиргааны шүүхээр шийдэгдэх ёстой. Өлсгөлөн зарлана, жагсана, цуглана гэдгээр эдгээр асуудал шийдэгдэхгүй. Түүнчлэн “Сүхбаатар аймаг төсвөө баталж чадахгүй, цалин тавих чадамжгүй үйл ажиллагаа нь доголдсон байдалтай байна” гэх  худал мэдээллийг нийгэмд тарааж байна. Манай аймаг үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Хэдийгээр МАН, АН-ын иргэдийн төлөөлөгчдийн суудал 16:16 байгаа боловч бид АН-ынхныг хуралдаа битгий суу гэж хэлсэн зүйл байхгүй. Харин ч эсрэгээрээ хуралдаа сууж, аймаг орон нутгийнхаа асуудлыг шийдвэрлэе. Ганц хүний эрх ашгийн төлөө бүгд ингэж туйлширч болохгүй гэж хэлж байгаа. Хамгийн гол нь найман жил орон нутгийн удирдлагыг барьсан АН-ынхан ялагдлаа л хүлээхгүй байгаагаас энэ бүгд үүдэлтэй” хэмээн ярилаа.

<

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.