Алтан хошуу хүргэх тусгай утастай болжээ

2017-04-21 Мэдээ, мэдээлэл

Нийгмийн даатгалын байгууллагуудын дунд энэ оныг “Эерэг хандлага, чанартай үйлчилгээ”-ний жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан нийгмийн даатгалын байцаагч, ажилтны харилцаа, хандлага, үйлчилгээний соёлыг дээшлүүлэхэд анхаарч, нээлттэй утас ажиллуулахаар болжээ. Тодруулбал, нийгмийн даатгалын байцаагч, ажилтан хууль бус үйлдэл гаргасан, гаргахыг завдсан, иргэнд буруу мэдээлэл өгсөн, шаардлагагүй баримт бичиг нэхсэн, зүй бусаар харьцсан тохиолдолд 95771289 дугаарын утсаар мэдээлэл өгч болох гэнэ.

Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан тооцоотой холбоотой хуурамч баримт бичиг нэхсэн, зээл авах, гадаадад зорчих виз гаргуулах, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох үед хууль бус шаардлага тавьсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой мэдээллийн нууцлалыг алдагдуулж, бусдад түгээсэн бол мөн дээрх утсанд гомдол гаргаж болох нь.

Гомдлыг ЭМНДГ-ын Хяналт шалгалтын хэлтсийнхэн хүлээн авна. Тэд мэдээллийн нууцлалыг хадгалж, асуудлыг түргэн шуурхай, хуулийн дагуу шийдвэрлэх юм. Харин нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн талаарх мэдээллийг 77771289 утсаар өгч байна.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.