Гуравдугаарт эмнэлэгт ангиографийн аппарат суурилууллаа

2019-05-20 Мэдээ мэдээлэл

Улсын гуравдугаар төв эмнэлэгт энэ сарын 17-ны өдөр Засгийн газрын шийдвэрийн дагуу 2018-2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар судсан дотуурхи оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай Philips брендийн Azurion 3M15 загварын Ангиографийн аппаратыг суурилуулан өнөөдөр хүлээн авлаа.

Судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээ нь манай улсын эрүүл мэндийн салбарт нэвтрээд даруй 30 гаруй жилийн нүүрийг үзэж буй бөгөөд өнөөдөр тус эмнэлгийн зүрх, мэдрэлийн судсан дотуурх оношилгоо эмчилгээний эмч, мэргэжилтнүүд Олон улсын түвшинд хүрсэн лавлагаа тусламж үйлчилгээг ард иргэддээ чанартайгаар үзүүлж байгаа билээ.

Тус эмнэлэг улсын хэмжээний зүрхний судсан дотуурх мэс заслын тусламжийн 80 орчим хувийг, мөн тархи мэдрэлийн судсан дотуурх мэс заслын тусламжийг 100 хувь дангаар хариуцан, өндөр ачаалал хүлээн ажилладаг. Тус эмнэлгийн хувьд саяханыг хүртэл 1 ангиографийн аппараттайн улмаас төлөвлөгөөт тусламж үйлчилгээний хүлээгдэл чирэгдэл нэлээдгүй байсан бол хамгийн орчин үеийн энэхүү шинэ аппарат суурилагдснаар тусламж үйлчилгээний хүлээгдэл чирэгдэл багасах, тархины харвалт, зүрхний шигдээсийн амь тэнссэн байдалтай ирж байгаа хүмүүст судсан дотуурх мэс заслын шаардлагатай тусламжийг түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Зүрх, тархины судасны судсан дотуурхи оношилгоо, эмчилгээний өндөр хүчин чадалтай хамгийн орчин үеийн энэ аппаратыг Монгол улсын Засгийн газраас улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдэж өгч байна. Мөн тус эмнэлэгт улсын төсвийн 2.2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зүрх, мэдрэлийн өндөр түвшний нарийн оношилгоог хийх хүчин чадалтай MRI буюу Соронзон резонаст томографийн аппарат суурилагдаж байгаа бөгөөд тун удахгүй ашиглалтанд орох гэж байна. Энэ аппарат суурилагдсанаар зүрх мэдрэл төдийгүй элэг, бөөр, дотор эрхтэн, тулгуур эрхтэн зэрэг олон эрхтний өвчин эмгэгийг оношлох бүрэн боломжтой болох юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.