Хэвлэлийн бага хурал
Гадаад харилцааны яамнаас өнөөдөр сар бүр уламжлал болгон хийдэг “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурлыг хийв. Хурлын эхэнд Солонгосын хойгийн аюулгүй байдал ямар байгаа талаар тодруулав. Учир нь сүүлийн өдрүүдэд тус улсын талаар гадна, дотнын хэвлэл мэдээллийн байгууллагууд нэлээд онцлон хүргэж буй юм. Энэ хүрээнд тус газарт манай улсаас ажиллаж, амьдарч буй иргэдээ хэрхэн эх оронд нь авчрах вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж буй юм. Гэхдээ одоогийн байдлаар Солонгосын хойгт өөрийн улсын иргэдээ татах хэмжээний түгшүүрт байдал үүсээгүй гэдгийг тус яамны Консулын газрын дарга Я.Ариунболд албан ёсоор мэдээллээ.
Түүнчлэн БНСУ-ыг зорин явж буй монголчуудаас тус улсад хууль бусаар амьдран үлдэж буй иргэдийн тоо өссөөр байгааг Консулын газрын дарга тодотгож байна. 2014 онд 24560, 2015 онд 30527, 2016 онд 36 мянган монгол иргэн визний хугацаандаа буцаж ирэлгүй тус улсад үлдсэн байна. Энэ оны эхний гурван сарын байдлаар л гэхэд БНСУ-д харлаж үлдэгсдийн тоо 36560 хүрсэн гэдгийг тус улсаас мэдээлжээ.
Ийн хараар ажиллаж, амьдарч буй иргэдийн тоо өсч байгаа нь хоёр улсын иргэд хоорондын харилцаа, харилцан виз олголтод сөргөөр нөлөөлсөөр байгаа юм. Гэвч хоёр улс албаны төвшинд харилцан найрсаг ажилласаар байгааг албаны эх сурвалж дурдлаа. 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ-ын Элчин сайдын яамнаас тус улс руу визгүй зорчихыг болиулсан. Энэ нь ганц манай улсад үйлчилж буй журам биш ажээ. Монголын 2838 иргэн визгүйгээр тус улсад зорчдог байсан бөгөөд тэд алба, амины асуудлаар 6956 удаа зорчсон байна. Эдгээр иргэдэд олон удаагийн визийг хүндрэл чирэгдэлгүйгээр олгохыг ГХЯ-аас хүссэн байна. БНСУ-ын ЭСЯ саналыг нааштайгаар хүлээн авч, олон удаагийн визийг олгож эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, Консулын газар солонгос иргэдэд олон удаагийн визийг олгож эхэлсэн байна.
Энэ үеэр хөндөгдсөн бас нэгэн анхаарал татсан асуудал бол давхар иргэншилийн тухай байлаа. Гадаадын улс орнуудад амьдарч буй монгол иргэдийн олонтаа санал болгодог давхар иргэншлийн асуудлыг ГХЯ-наас ажлын хэсэг гарган судалж байгаа юм байна. Эхний ээлжинд аав ээж нь хоёулаа Монгол Улсын иргэн бөгөөд хүүхэд нь гадаад улсад мэндэлсэн бол давхар иргэншил олгодог болох нь зүйтэй гэсэн санал боловсруулаад байгаа гэнэ.
Дашрамд дуулгахад, энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Монгол Улсын 172 иргэн гадаадын улс орнуудад ял эдэлж буй ажээ. Тэднээс 32 нь ялтан шилжүүлэх гэрээний дагуу эх орондоо ял эдлэх хүсэлт гаргажээ. Он гарснаас хойш 13 иргэн хар тамхины хэрэгт холбогдсон байна. Харин тэдний зургаа нь зөөвөрлөж яваад баригдсан бол долоо нь хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогджээ.
О.Соёмбо
7 цагийн өмнө
11 цагийн өмнө
12 цагийн өмнө
2024-10-4
2024-10-4
2024-10-4
87305
30052
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.