Жилд 90 гаруй мянган хүүхдийг осол, гэмтлээс хамгаалах боломжтой

2019-04-26 Мэдээ мэдээлэл

“Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт-2030” салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвлөгөөн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордонд болж байна.

Зөвлөгөөнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэв. Тэрбээр осол, гэмтлийн тохиолдол, түүнийг бууруулах чиглэлээр нухацтай хэлэлцэж, тодорхой арга хэмжээ авах нь чухал байгааг тэмдэглэв.

Өнгөрсөн онд осол, гэмтлийн улмаас 142 мянга 600 гаруй хүн гэмтэж, 2920 хүн амь насаа алдсан байна. Энэ нь өдөрт 7-8 хүн осол, гэмтлийн улмаас амиа алдаж, дайн байлдаанд нэрвэгдсэн орныхтой дүйх хэмжээнд хүрсэн гэсэн үг юм. Зөвхөн зам, тээврийн ослоор 20 мянга 300 гаруй хүн гэмтэж, 529 хүн амь насаа алджээ. Мөн өнгөрсөн онд 375 хүүхэд зам, тээврийн осолд өртсөний 52 нь эндсэн байна. 6500 орчим хүн түлэгдсэний 67 хувь нь 0-15 насны хүүхэд бөгөөд 33 нь нас баржээ.

Осол, гэмтэл иргэдийн эрүүл мэнд, амьдралыг бусниулж, нийгэм, эдийн засагт асар их хохирол учруулж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.

Статистик тоо баримтууд нь ажлын үр дүн муу, осол, гэмтлээс сэргийлэх ажил хангалтгүй байгаагийн илрэл гэж тэрбээр үзэж байна. Иймээс бүх байгууллага үүнд онцгой анхаарч сэтгэл, зүтгэл гаргаж ажиллах ёстойг сануулав.

Осол, гэмтэл буурахгүй байгаа шалтгаануудыг зөв тогтоох, хоорондоо уялдаатай ажиллах, осол, гэмтлээс сэргийлэх боловсрол, дадал олгох, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх, иргэд эрүүл мэндээ хамгаалж, үр хүүхдээ осол, гэмтэлд өртөхөөс сэргийлэх үүрэг, хариуцлагаа биелүүлж байх нь чухлыг тэмдэглэв.
“Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт-2030” улсын зөвлөгөөнөөс гаргасан зөвлөмжийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, ажлыг нь эрчимжүүлэх чиглэлээр Албан даалгавар гаргахаар төлөвлөж байна.

Зөвлөгөөний үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс статистик мэдээллийг сонордуулсан юм.

Тодруулбал, өнгөрөгч онд тус төвд түлэгдэлтийн улмаас хэвтэн эмчлүүлсэн 868 хүүхдийн эмчилгээний зардалд хоёр тэрбум төгрөг зарцуулсан аж. Харин нас барсан есөн хүүхдэд 469 сая төгрөг буюу нэг хүүхдэд ойролцоогоор 50 гаруй сая төгрөг зарцуулсан тооцоолол бий гэв. Хэрэв энэхүү зардлыг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахад зарцуулсан бол ирээдүйд гарах эрсдэлт нөхцөлд амьдарч буй 90 гаруй мянган хүүхдийг энэхүү эрсдлээс хамгаалах боломжтойг онцлов.

Монгол Улсын Засгийн газар 2002 оноос хойш “Осол, гэмтлээс сэргийлэх” үндэсний хөтөлбөр, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ч осол, гэмтлийн тоо буурахгүй, харин ч ихсэх хандлагатай байна.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.