Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол Оюутолгойд бүртгэгджээ

2019-03-7 Мэдээ мэдээлэл

 

Эрүүл Мэндийн Яамнаас Улаанбурхан өвчин гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар яг одоо мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Улаанбурхан өвчин 2018 оны сүүлийн хагасаас маш олон оронд тархалттай байгаа. Тархалт гарах эрсдэлтэй байсан учраас бид урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж байсан. Гэсэн ч харамсалтай нь өчигдөр Энэтхэг улсаас манай улсад ажиллаж байгаа иргэн улаанбурхнаар өвчилсөн нь тогтоогдлоо” хэмээн ярилаа.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюутолгой компанийн уурхайд ажилладаг гадаад инженер халуурч, биеэр нь тууралт гараад эмнэлэгт хандсан. Ингээд шуурхай шинжилгээ авахад улаанбурхан өвчин мөн болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдлоо.

Өнөөдөр өглөө шуурхай арга хэмжээ авч ХӨСҮТ-ийн таван ажилтантай баг Оюутолгой руу ниссэн. Өвчтнийг тусгаарласан байгаа. Өвчнийг тархаахгүй тэнд нь дарахаар зорин ажиллаж байна. Түүнтэй ойр ажиллаж байсан 12 хүнийг тусгаарласан. Уг өвчтөнд хийсэн шинжилгээний хариу өчигдөр орой 16.45 минутад улаанбурхан болох нь батлагдан гарсан.

Манай ажилтнууд халдвар тарахаас сэргийлэх чиглэлээр бүхий л ажлыг зохион байгуулна. Шаардлагатай бүх эмнэлгийн хэрэгсэл, вакциныг авч явсан” гэсэн мэдээллийг өглөө.

Улаанбурхан өвчин дэлхий дахинаа нэлээд өндөр халдварын тархалттай байгаа талаар мэдээллийг ДЭМБ-аас өгсөөр байгаа. Түүнчлэн манай хоёр хөршид улаанбурхны дэгдэлт гараад байгаа бол Энэтхэг улсад 64 мянган хүн өвчлөөд байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.