“Элэг бүтэн монгол” хөтөлбөр үе шаттайгаар хэрэгжинэ

2017-04-13 Мэдээ мэдээлэл

Засгийн газрын хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон холбогдох албаны хүмүүс тус хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагаанд заасны дагуу 2020 он хүртэл хэрэгжүүлж, 4 зорилт бүхий 75 цогц ажлыг хийж гүйцэтгэснээр хепатитийн вирүсийн халдварын тархалтыг зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулна. Одоогоор бэлтгэл ажил 90 орчим хувьтай хангагдсан бөгөөд 5 дугаар сарын 1-ний өдрөөс улс орон даяар хэрэгжиж эхлэхэд бэлэн болоод байна.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 2017 онд 40-65 насны хүн амд, 2018 онд 15-39 насны хүн амд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, оношилгоог үе шаттайгаар хийж, эмчилгээний зардлын 226 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийн 24,1 хувь нь улсын төсвөөс, 67,5 хувь нь Эрүүл мэндийн даатгалын сангаас, 3.3 хувь нь орон нутгийн төсвөөс, 3,8 хувь нь олон улсын байгууллага, гадаадын улс орны төсөл, зээл, тусламжаар, 1.3 хувь нь бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр тооцооллоо. Бид батлуулсан хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбар дундын хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшил, мэргэжлийн нийгэмлэг, холбоодтой нягт хамтран ажиллана гэв.

Сүүлийн арван жилд элэгний хорт хавдрын нас баралт Монгол улсад нэмэгдэж элэгний хорт хавдар болон хатуурлын улмаас жилд дунджаар 2600 хүн буюу өдөр бүр долоон хүн нас бардаг бөгөөд энэ нь нийт нас баралтын 15 орчим хувийг эзэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирүсийн архаг халдвараар 400 мянга орчим хүн өвчилсөн байх магадлалтай байгаа юм. Манай улсад хепатитийн вирүсийн архаг халдвар өндөр байгаа нь Монгол улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлэхэд хүргэж байгаа төдийгүй цаашид элэгний хатуурал, хорт хавдрын нас баралт залуужих нөхцөл бүрдээд байна.

Тиймээс уг хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирүсийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.