Хоёр сая ам.долларын асуудал Т.Ганболдын хувийн компанитай холбоотой юу

2019-01-9 Нам хөдөлгөөний амьдрал

Дөрвөн сая ам.долларын асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, дүүгийнхээ хамт саатуулагдаад байгаа билээ. “Алтан Дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд нар дөрвөн сая ам.долларыг Д.Дорлигжавт өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдал туулсанаа телевизэд өгсөн ярилцлагадаа тодотгосон юм.

Тэрбээр “Д.Дорлигжав Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа намайг дарамталж, тодорхой хугацаагаар хорьж байсан. Сүүлд нь би дүүгийнх нь данс руу 4 сая ам.доллар шилжүүлсэн. Энэ үнэн. Сүүлд Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин баримт дэлгэж байсан шүү дээ. Баримтын зарим хувилбарыг тухайн үед сөрөг хүчний бүлгийн даргаар ажиллаж байсан С.Бямбацогт аваад, будаа болгож өгнө гээд авсан тэгээд дарагдсан. МАНАН-гийн бүлэглэл байдаг нь үнэн. Энэ том бүлэглэлийг азаар Х.Баттулга тасалж гарч ирсэн” хэмээн ярьсан юм.

Эл ярианы дараахан Д.Дорлигжав “Би Т.Ганболдтой нэг ч удаа уулзаагүй. Намайг прокурор байхад Т.Ганболд надтай уулзах хүсэлт удаа дараалан тавьсан. Таны сайн дүү чинь болъё гэсэн. Би хүлээж аваагүй. Ноцтой гэмт хэрэгт холбогдсон байсан юм билээ” хэмээж байв.

Харин 2014 оноос эхтэй дөрвөн сая ам.долларын тухайд Д.Дорлигжав “ОХУ-ын иргэн Паушокийн “Алтан Дорнод Монгол” компанийг манай дүү Д.Баатар авахаар болж, хоёр сая ам.долларыг урьдчилгаа болгон шилжүүлсэн. Гэтэл “Голомт” банкны зүгээс бэлэн мөнгөөр авах хүн олдлоо гэсэн нь Т.Ганболд байсан. Т.Ганболд 30 сая ам.доллар барьж, Паушок дээр очоод “Алтан Дорнод Монгол” компанийг худалдаж авсан. Ингээд хоёр сая ам.долларыг буцаагаад шилжүүлсэн. “Голомт” банкнаас манай дүүд тайлбар өгсөн. Т.Ганболдын “Pioneering” компаниас танай данс руу хоёр сая ам.доллар андуурч шилжүүлсэн тул мөнгийг буцааж шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийн дагуу мөнгийг буцаасан гэсэн тайлбарыг банкнаас өгсөн. Тэгэхээр Т.Ганболдын ярьж байгаа 4 сая ам.долларын эхний хоёр сая доллар нь хоорондын тооцоогоо дуусгасан баримт. Нөгөөх нь андуурч хийсэн гүйлгээнийхээ баримтыг барьж яваад байгаа хүн” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Ер нь дөрвөн сая ам.доллартай холбоотой сенсаци 2014 оноос эхэлсэн байдаг. Улс төрийн тогтворгүй байдал үүсч эхлэхээр дэлгэгдээд бусад үед намждаг тийм л сэдэв. 2014 онд тухайн үеийн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн цахим хуудастаа “Алтан дорнод Монгол” компаниас төрийн томоохон өндөр албан тушаалтанд авилгал өгсөн талаарх баримтыг дэлгэсэн. Харин тэр үед нь Д.Дорлигжав Хууль зүйн сайд болохоор УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох үедээ “Энэ бол улс төрийн зорилготой гүтгэлэг” гэж мэдэгдсэн.

Мөн тэр үед “Алтан Дорнод Монгол” компанийн тэргүүн дэд захирал асан Ч.Бямбаа, “Голомт”-ын Д.Баясгалан нар хэвлэлийн бага хурал зарлаж, “Тэр мөнгө өөр зориулалтын гүйлгээ байсан” гэдгийг хэлж байлаа. Ч.Бямбаа “Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн цахим мэдээллийн хуудсаар олон нийтэд цацсан дөрвөн сая ам.долларын гүйлгээний хуулга нь “Рэкэл” компанийн данс руу Т.Ганболдын NRI компаниас шилжүүлсэн мөнгөний баримт” байсан хэмээн тайлбарлалаа. Ч.Бямбаа нь Алтандорнод компанийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байх үед С.В.Паушок компаниа зарах санал гаргасны дагуу 23 сая доллараар худалдаж авах гэрээг 2011 оны тавдугаар сарын 3-ны өдөр хийжээ.

Гэрээний эхний нөхцлийн дагуу Ч.Бямбаа хоёр сая долларыг хурдан хугацаанд төлөх үүрэг авч, “Голомт” банкнаас зээлэн шууд Паушокт шилжүүлсэн байна. Ийнхүү Алтан дорнод компанийн ажлыг цааш үргэлжлүүлэх гэсэн боловч боломжгүй болж, Т.Ганболд худалдан авахаар болж, Паушоктой гэрээ байгуулан авсан байна. Ингэхдээ Ч.Бямбаагийн “Рэкэл” компанийн зүгээс Паушокт төлсөн хоёр сая ам.долларыг Т.Ганболд өөрийн эзэмшлийн NRI компанийн нэрээр түүнд буцаан төлсөн баримт нь Х.Тэмүүжингийн дэлгэсэн гүйлгээний хуулга гэж тайлбарлаж байв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.