Хүний гавьяат эмч Р.ШАГДАРСҮРЭН Шинжлэх Ухааны Академич цол хүртлээ

2018-12-21 Мэдээ мэдээлэл


Р.Шагдарсүрэн анагаах ухааны салбарт тасралтгүй 51 жил ажиллажээ. Тэрбээр судалгаандаа түшиглэн Монголын гэмтэл согог судлалын асуудлыг онол, арга зүйн шинэ хандлагаар авч үзэн гэмтэл согог судлалын дэг сургуулийг үүсгэн хөгжүүлсэн. Гэмтэл согогийн 300-аад эмч, судлаач бэлтгэж, хөнөөлгүй–бичил мэс заслын аргуудыг анхлан нэвтрүүлж гэмтэгсдийн хөдөлмөрийн чадварыг эрт сэргээхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Монгол орны нөхцөлд анх удаа гэмтэл согогийн бичил, хөнөөлгүй 21500 мэс засал хийсэн байна. Гэмтэл согог судлалын эрдэм шинжилгээ сургалтын албыг 2002 онд үндэслэн байгуулж, гэмтэл согогийн үндсэн мэргэшил эзэмших резидент сургалтыг эхлүүлж 224 эмч төгссөн. Онол практикийн хурлыг жил бүр зохион байгуулж, гэмтэл согог судлал сэтгүүлийг эрхлэн гаргадаг.

2002 онд анх осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр батлуулж 2, 3 дахь хөтөлбөр хэрэгжиж байна. 2002 оноос гэмтэл согог судлалын үндэсний төвийн дэргэд осол гэмтлээс сэргийлэх төв (ОГУСТ), Улаанбаатарын 8 дүүрэг, 21 аймагт ОГУС кабинетүүд байгуулагдан ажиллаж байна. 2011 онд осол гэмтлийн үндэсний тандалтын журам батлуулан, хэрэгжүүлж байна.
Хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2009 оноос эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээ осол гэмтэл, улсын хэмжээнд ажиллаж байна.

Р.Шагдарсүрэнгийн нийт бүтээл 219 байдаг бөгөөд үүнээс гэмтэл согогийн сургалтад зориулж 17 гарын авлага бичсэн, гадаадын сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэл 8, олон улсын онол практикийн бага хуралд 8, гэмтэл согогийн өгүүлэл, нийтлэл 7, өөрийн оронд хэлэлцүүлсэн илтгэл 44, байна. Тэрээр бичил мэс заслын 84 арга нэвтрүүлснээс шинэ бүтээлийн патент-1, ашигтай загварын гэрчилгээ 18-ыг эзэмшдэг, бичил мэс заслалын онол арга зүйг хөгжүүлж эмчилгээний практикт нэвтрүүлсэн анагаах ухааны салбарын тэргүүлэх эмч эрдэмтэн юм.

Түүний бүтээлээс эшлэл авсан бүтээл 6, ном, сурах бичиг, гарын авлага 5, шалгалтын сорил бодлого, хянан тохиолдуулсан ном, сурах бичиг 25 байдаг. Тэрээр гадаадын мэргэжлийн 2 байгууллагад гишүүнчлэлтэй эрдэмтэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.