АН-ын Их хурлын тойронд шивэр авир хийсэн гишүүд олон байна

2018-12-5 Нам хөдөлгөөний амьдрал

-2016 оны УИХ-ын сонгуулиас хойш МАН нийт 3.5 тэрбум ам.долларын өр бий болгосон-

Ардчилсан намын IX их хурал Төрийн ордонд болж байна. Хуралд тус намын 1040 төлөөлөгч оролцож байгаагийн 380 нь ҮБХ-ны гишүүн юм. Энэ удаагийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцэж батлах товтой байгаа юм. Тодруулбал, АН-ын даргын улс төрийн илтгэл, мөрийн хөтөлбөр /үзэл баримтлалын төслийг хэлэлцэх/, үндсэн дүрмийн төслийг хэлэлцэн батлах, ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, намын даргын илтгэлийг хэлэлцэх, улс төр нийгэм эдийн засгийн байдалтай холбоотой шийдвэр гаргах, ҮБХ-ны гишүүдэд өөрчлөлт оруулах зэрэг асуудал багтаж байна.

Хуралдааны эхэнд намын дарга С.Эрдэнэ улс төрийн илтгэл танилцуулсан юм. Тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа АН дотоод шинэчлэлийн ажлаа эхлүүлсэн гэдгийг онцлов. Ингэхдээ намын Үндэсний бодлогын хорооны 410 гишүүний 45 хувь нь 39-өөс доош насны залуусаас бүрджээ. Энэ бол бодлого суурьтай төлөвшсөн АН-ын шинэ үеийн дүр зураг, агуулгын шинэчлэл юм гэв. Мөн өнгөрөгч парламентын сонгуулийн дараа АН сөрөг хүчний үүргээ амжилттай гүйцэтгэж, “60 тэрбум”-ын хэрэг, Төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгж ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан асуудал зэргийг нарийн шалгаж, хариуцлага тооцож ажиллахыг МАН-ын удирдлагуудаас шаардаж байна гэдгийг тодрууллаа. Түүнчлэн 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш МАН нийт 3.5 тэрбум ам.долларын өр бий болгосон. Энэ мөнгөөр 73.6 мянга айл буюу Улаанбаатар хотын гэр хорооллын 30 хувийг орон сууцтай болгох боломж байсан. Түүнчлэн ЖДҮХС-гийн зээлийг жинхэнэ эзэнд нь хүргэж чадсан бол 90 гаруй мянган ажлын байр шинээр бий болох байсан гэсэн тооцоолол ч бий. Энэ бүхний хариуцлагыг эрх баригч нам хүлээх ёстой. Түүнчлэн 2016 оноос хойш ам.долларын ханш даруй 600 гаруй төгрөгөөр өсч, шатахуун, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн зэрэг нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан олон асуудал гарц, шийдлээ хүлээж байна. Ардчилсан нам энэ бүх алдаа гажуудлыг харсаар байж дуугүй суух эрхгүй. Сөрөг хүчнийхээ хувьд иргэд сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалан бодлогын алдаа завхрлыг засахын төлөө ажиллах болно хэмээсэн юм.

Тэгэхээр улс төрийн байдал ажин түжин байгаа энэ үед тус намынхан Их хурлаа товын дагуу хийж байгаа нь гишүүдийнх нь хувьд, олон асуудал дагуулж байна. Хуралдааны эргэн тойронд тус намын удирдлагуудын зүгээс гаргасан улс төрийн шийдвэрийн талаар гишүүд шивэр авир хийх нь олонтаа дуулдаж байлаа. Тухайлбал, хуралдаанд оролцож буй гишүүдийн зүгээс УИХ-ын бүлгээ хязгаарлах хүртэл хэмжээнд хүрч, улс төрийн шийдвэр гаргасныг шүүмжлэх оролцогчид цөөнгүй байв. Зүй нь бүлгийнхээ эсрэг шийдвэр гаргасан гэж УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарт сахилгын шийтгэл оногдуулж, харин Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх тушаал гаргасан нь ялангуяа ардчилсан гэх тодотголтой намын хувьд хэр зохистой вэ гэсэн асуудал хуралдаанд оролцогчдын гол сэдэв ч болж байна.

Харин эл асуудалд намын удирдлагууд ер нь бол намаас хэнийг ч хөөгөөгүй. АН-ын дүрэмд хүнийг хөөх заалт байхгүй. Л.Болд, Д.Мурат гишүүнийг дөрвөн жил нэр дэвших эрхээс нь түдгэлзүүлсэн. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзанданыг дөрвөн жил намын гишүүнээс түр түдгэлзүүлсэн. Ийм л шийдвэр гарсан. Үүнийг намын гишүүнээс нь хөөсөн мэтээр ойлгож болохгүй гэсэн байр суурь илэрхийлж байлаа.

Түүнчлэн АН анх удаа үнэт зүйлээ тодорхой болгож байна. Баруун төвийн нам. АН-ын өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийгдсэн өөрчлөлт бодлогын чиглэлд байсан. Их хурлаар энэхүү бодлого ямар хүрээнд байх уу гэдэг үнэт зүйлээ тодорхой болгоно. Ийнхүү энэ удаагийн Их хурлаас зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа долоон асуудалд шийдэл хүлээж буй юм. Мөн  намаас нэр дэвших эмэгтэйчүүдийн квотын асуудлыг хэлэлцэж тоог нэмэх талаар санал тусгана гэж мэдэгдлээ.

О.ГЭРЭЛ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.