УИХ сөрөг хүчингүй боллоо

2018-12-4 Нам хөдөлгөөний амьдрал

Өвлийн тэргүүн сар дундаа орж, хүйтний эрч чангарч, хөдөө орон нутагт цасан шуурга тавьж, хүн амьтан осгож байна. Харин Төрийн ордонд улс төр 30 хэм хүртлээ хална. Хэт халуунд наршсан зарим нь элийрч, балайраад сүйд.

Өвлийн бэлтгэл ажлаас илүүтэй ЖДҮ-ээс зээл авсан аваагүй мэтгэлцээн өрнөж, сайд нар нь аваагүй гэж мэлзэж байснаа удалгүй “Авсан, яасан” гэх байдлаар хариулах нь халууны солиорлын хэлбэр биз. Хэр баргийн аавын хүүд олдоод байдаггүй зээлийг дээгүүрээ, тэр бүү хэл танхимаараа шахуу хуваагаад идчихсэн Засгийн газарт хариуцлага тооцох сонирхол нэр бүхий 27 гишүүнд л байсан уу гэвэл бас үгүй. У.Хүрэлсүхийг дэмжигчдийн дунд ч Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь солих шаардлага бий хэмээх байр суурьтай гишүүд байсан ч 2020 оны сонгуулийн тойрогтоо хорогдож, хөдлөөгүй. Өдгөө эл үйл явдлаас үүдэлтэй МАН Засагтайгаа үлдсэн ч АН бүлэггүй боллоо.

Уг нь Засгийн газар огцрох нь МАН-д ч, АН-д ч ашигтай байв. МАН-ын хувьд 27 нэр бүхий гишүүдийн энэ удаагийн ялалт, гуравдугаар ээлжийнхний хооллолтоос илүүтэй ЖДҮ-тэй холбогдсон сайд нартайгаа хариуцлага тооцох сайхан боломж. Шулуухан хэлэхэд 2020 оны сонгуулийн гол сурталчилгаа болох байв. Дараагийн сонгуулиар МАН олонх болох хөг нь хэдийнэ өнгөрсөн. Харин бүлэг байгуулах хэмжээний суудал авч, хамтарсан Засгийн газарт багтах нь чухал гэвэл үнэнд ойр буух биз. Үүний тулд У.Хүрэлсүхийн Засгийн газраар тахил өргөж, цаашлаад ЖДҮ-тэй холбогдсон гишүүдтэйгээ хариуцлага тооцсон бол энэ намын нэр хүнд жаахан ч болтугай өсөх байв.

Хэдийгээр эрх барьж байх хугацаандаа Засгийн газраа хэдэнтээ огцруулж, улс төрийн тогтворгүй байдал бий болгосон гэх шүүмжлэл ээрэх боловч, нөгөө талдаа эрх мэдэл, ямба нь хэтэрсэн нэгэндээ хариуцлага тооцож чадсан дүр зураг бууж, тэрүүгээрээ пиар хийх байлаа. Харамсалтай нь тэдэнд одоо хэлэх үг байхгүй. Б.Батзориг, Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатараар туг тахисан. Тэр хангалттай гэх байдлаар хариулах У.Хүрэлсүхийн нүүрний хувирал нүдэнд тод буух шиг.

Юутай ч дараа дараагийн нүүдэл Ухнаагийн хүүгийн гарт бий. Шадар сайдаар ажиллаж байхдаа танхимынхаа эсрэг гарын үсэг зурж байсан үеэ санагалзаж, Ц.Цогзолмааг тэр уучилж өнгөрөөсөн бол… АТГ-д шалгагдаж байгаа зургаан сайдынхаа хар толгойтой хариуцлага тооцсон бол… Гангар шаазан шиг болсон намынхаа эв нэгдлийг тэр хангаж чадвал намынхаа түүхэнд өөрөөр бичигдэж мэдэх л юм.

МАН найтаангуут АН хатгаа тусчихав. АН-ын тэрслүү гурван нөхөр Засгийн газрыг огцруулах кноп дарсан бол У.Хүрэлсүх тахимаа өгөх байв. АН өнөөдрийнх шиг өвчилж, эмгэнэхгүй байх байлаа. Ёстой л УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Л.Болд, Ж.Батзандан хоёрын оронд байсан бол ЖДҮ хулгайчтай тултал нь тэмцээд Засгийн газрыг огцруулах кноп дарах байлаа. Тэгсэн бол Засаг солигдоод, арваад ЖДҮ хулгайч нар бууж, АН-ын бүлэг байгаагаараа байх байж. Дараа нь тэр 60 тэрбумын эсрэг тэмцэж болох л байлаа. Одоо яаж тэмцэх юм” хэмээсэн нь загтнасан газар нь маажих шиг.

Засаг огцорсоноор АН бүлэгтэйгээ үлдэхээс гадна, С.Эрдэнэ барьцаа ахиулж, Төрийн тэргүүний зүүн гарыг чөдөрлөж дөнгөх байв. Ерөнхийлөгч, АН-ын дарга хоёрын зөрчилдөөн ил болоод удаж байна. Гагцхүү өнгөрсөн өдрүүдэд ЖДҮ болоод Засгийн газрын донсолгооноор олон нийтэд анзаарагдаагүй. Х.Баттулгатай хүзүү сээрээрээ холбогдсон У.Хүрэлсүхийн хүчийг сулруулах нь АН-д гэхээсээ С.Эрдэнэд чухал. Тиймдээ ч бүлгийн гишүүд нийтээрээ Засгийн газрыг огцруулах кноп дарахыг захисан хэрэг. Харамсалтай нь түүний төлөвлөгөө бүтэлгүйтэв. Хэзээний үгэнд нь ордоггүй Ж.Батзандан хоёр нөхрөө урвуулж, бослого гаргасан. Улмаар эсрэг кноп дарж, С.Эрдэнийн төлөвлөгөөг нураав. Эцэст нь Ж.Батзанданг хөөж, Л.Болд, Д.Мурат нарыг сонгуулиар бойкотлож, УИХ дахь бүлэггүй болов.

Ц.Оюунгэрэлийн хэлдгээр одоо яаж ЖДҮ болоод 60 тэрбумтай тэмцэх үү. Ганц нэгээрээ дэмий орлилдохоос цаашгүй болж АН амиа хорлочихлоо.

Ингээд УИХ сөрөг хүчингүй боллоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.