Умайн хавдраар жилд 140 гаруй эмэгтэй нас барж байна

2018-11-20 Мэдээ мэдээлэл

Монголд жилд 400 гаруй эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар өвчилж, 140 гаруй эмэгтэй нас барж байна. Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга нь хөхөнцөр вирусийн эсрэг вакцин. Уг вакциныг 9-15 насны охидод хийдэг. Одоогоор 100 орчим орон уг вакциныг үндэсний хэмжээнд хийдэг аж. Харин Монгол Улс уг вакциныг 2012 онд хийсэн ч, үргүйдэлд хүргэдэг гэх эсэргүүцэлтэй тулгарсны улмаас зогсоосон юм.

Мэргэжлийн байгууллагууд энэ эсэргүүцлийн шалтгааныг судлах зорилгоор 2016-2018 онд 1900 охины дунд судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдсан охидын тал нь 2012 онд хөхөнцөр вирусийн эсрэг вакцинд хамрагдсан охид аж. Судалгаагаар вакцин хийлгэсэн болон хийлгээгүй охидын жирэмслэлт, төрөлтөд ялгаа гараагүй байна. Мөн судалгаанд хамрагдсан нийт охидын дунд хөхөнцөр вирусийн тархалт 39 хувьтай байжээ. Харин вакцин хийлгэсэн охидын дунд хөхөнцөр вирусийн тархац 90 хувь буурсан байжээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.