УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

2018-11-16 Нам хөдөлгөөний амьдрал

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны Төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавиад байгаа билээ. Тодруулбал, төсвийн алдагдлыг 1.9 их наяд төгрөгт баталсан нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зааснаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх заалтыг зөрчсөн. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 32.8 хувьтай тэнцэх зардал төлөвлөсөн нь дэлхий нийтийн эдийн засагт хямрал, доргилт үүсэх нь тодорхой болсон үед байж боломгүй, эрсдэлтэй болчимгүй бодлого болсон гэж дүгнэсэн. Иймд УИХ дахь МАН-ын бүлгээр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, байр сууриа нэгтгэхээр бүлгийн ээлжит бус хуралдааныг зарлаад байна.

Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар мөн Засгийн газраас ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшүүлж буй УИХ-ын гишүүн Ч.Улааныг дэмжих эсэхийг хэлэлцэх юм байна.

Бүлгийн хуралдааны дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Төсвийн байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэх юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.