Эмийн асуудлаарх мэргэжлийн зөвлөл , хүүхдийн эмч нар, ТББ, ЭМЯ, АХБ-ны төлөөлөл өнөөдөр хуралдаж, виферон лааны эмчилгээний үр дүнгийн талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэж санал нэгтэй үзлээ.
Тодруулбал, 2016-2018 онд ЭМЯ-ны хүсэлтээр АХБанк санхүүжүүлэн олон улсын болон үндэсний эксперт, зөвлөхүүд, мэргэжлийн багийг оролцуулан ” Улсын эмнэлгийн эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах. . .” төсөл хэрэгжүүлсэн аж. Энэхүү хүрээнд эмчилгээний үр дүн нь нотлогдоогүй эмэнд эрүүл мэндийн даатгалаас ихээхэн санхүүжилт хийж байгаа тухай дүгнэлт хийж ЭМЯ-ны Эмийн хэлтэст өгсөн байна. Энэхүү дүгнэлтэнд вирусын эсрэг өргөн хэрэглэдэг виферон лаа нь хүүхдийн эмчилгээний удирдамжид ороогүй, ялангуяа томуугийн үед хэрэглэхгүй байх талаар хүүхдийн эмч нар, мэргэжилтнүүд анхааруулж байна.
Хурлын үеэр ЭМД-аас энэхүү лааны үнийг 80 хувь хөнгөлүүлэх оролдлого хийгдсэн учраас сэрэмжлүүлэг мэдээллийг салбарын сайд, ЭМДҮЗ-ийн даргын хувьд олон нийтэд өгсөн билээ. Тэрбээр “Үүнийг хувийн ашиг сонирхлын үүднээс мэдээлэл хийсэн мэт мушгин гуйвуулж буйд харамсаж байна. Надад эмнэлэг, эмийн сан, эм хангамжийн чиглэлд ямар ч бизнес байхгүй. Миний хамгийн том ашиг сонирхол бол ард иргэддээ тэр дундаа үр хүүхдээ өвдсөн үед нь чанартай, аюулгүй, өндөр үйлчилгээтэй эмээр хангах боломжийг бүрдүүлэх явдал юм. Энэ үүргээ биелүүлэхийн тулд мэргэжлийн баг хамт олонтойгоо бүхнийг хийх болно. Тэр дундаа эм ханган нийлүүлэх байгууллага, Эмийн холбоотой нягт хамтран ажиллана. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой эмийн асуудалд бид онцгой анхаарах учиртай. Цаашид эмийн бүртгэл, зөвшөөрөл, хяналтын асуудлыг бодлогын яам бус олон улсын жишиг, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу бие даасан байгууллага эрхлэх шаардлагатай. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ЭМЯ хийж дууслаа. Эцэст нь эцэг эхчүүд, хэвлэл мэдээллийнхэндээ хандъя. Эмийн чанар, аюулгүй байдалд бид хамтдаа хяналт тавьж байж үр хүүхдээ, өөрсдийгөө эрсдлээс хамгаална. Та бид хамтдаа зориглон хийхгүй бол өөр хэн нэгэн хийхгүй” хэмээн онцлов.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30712
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.