Хамгийн олон буган хөшөөтэй газар хаана вэ

2021-07-7 Амрах агшин

 

Манай улс болон Тува, Байгаль нуурын өвөр бие нутгаар өргөн тархсан Буган  хөшөө бол хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед тухайн газар нутгаар оршин сууж байсан овог аймгийн түүх, соёлын гайхамшигт дурсгал зүйл юм.

Буга нь төв Азид өргөн тархсан чухал ан төдийгүй, хүнд ямар ч хор хөнөөлгүй, байгалиас заяасан гоо үзэсгэлэнтэй амьтан учраас монголчууд эрт дээр цагаас нэн эрхэмлэн  хүндэтгэж,  шүтэн биширч иржээ. “Чингис хааны дээд язгуур Бөртэ чино, Гоо марал” гэж гардаг нь чоно буга монголчуудын шүтээн болж байсны гэрч юм.

Буган чулуун хөшөө нийт 600 гаруй олдсоны 500 гаруй нь Монголын нутагт байгаа билээ. Эдгээр хөшөө нь дунджаар 1-4 метр гаруй өндөр,  20-40 см зузаан, 30-100 см өргөн хэмжээтэй байдаг. Гол төлөв урт гонзгой, чулууны хажуугийн дөрвөн урт талыг сайтар засч, нүүрэн талын заримдаа нүүрэн ба ар талын оройн хэсэгт дугуй цагираг / нар, сар/ хөшөөний их биеийг ороолгон хэд хэдэн бугыг маш урнаар дүрсэлж, тэдний доогуур бүс татаж, зэр зэвсэг зүүсэн байдалтай байдаг. Судлаачид санал зөрөөтэй боловч үндсэндээ Буган чулуун хөшөөг МЭӨ 8-3-р зууны үед холбогдоно гэж үздэг.

А.Уянга

 

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.