Их юмны үлдэгдэл

2018-06-4 Соёл урлаг

Өдрийн сурвалжлага

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Гэндэнгийн гудамж. Хотын А зэрэглэлийн бүс учраас орчин үеийн архетиктуртай “International commercial center”, “Monnis”, “Bluy skey” зэрэг цамхагууд сүндэрлэнэ. Эдгээр шилэн барилгуудын дунд хуучин хөх тоосгон хашаатай, буддын шашины сүм содон. Энэ бол төрийн их Чойжин Лувсанхайдавын нууц тарнийн сүм нэртэйгээ энэ буурин дээр тэртэй 110 жилийн өмнө шавь тавиа тавьж 1908 онд ашиглалт орсон хуучны уран барилга, уран баримал, уран зураг, шашин, түүхийн хосгүй үнэт үл хөдлөх өв “Чойжин ламын сүм музей” юм.

Энэхүү хуучин барилгын хоёр га газрыг эдийн засгийн нүдээр харвал аль эрт хүчит техникээр “түрчихмээр”. Энэ том газар дээр эргэн тойронд нь сүндэрлэх орчин үеийн хийцтэй зочид буудал, үйчилгээний төв, ажлын байр барьвал хэмжээлэшгүй их ашиг олж болно. Улсын нийслэлийн төв Чингисийн талбайгаас чанх урагш 200 м орчим зайтай хүн амын хөдөлгөөний оргил цэг. Ийм газар буддын шашины хийд хуучны нүнжиг үнэртүүлнэ.

Улс орон бүрийн нийслэл өөрийн гэсэн өвөрмөц онцлог, имижтэй байдаг. Хэдийгээр орчин үеийн хотын өнгө төрх сууж байгаа ч уламжлалт элемэнтгүй хэмээн шүүмжлүүлдэг Улаанбаатарын нэгэн өвөрмөц шигтгээ нь Чойжин ламын сүм музей. Энэ музей нь түүхийн хосгүй үнэт дурсгал төдийгүй, шашины чиглэлийн жуулчдын сонирхолыг татдаг үзмэр юм.

Чойжин ламын сүм музей монголын төрийг хамгаалдаг уу?

Хөх тоосгон ханыг дагаж алхсаар хашаа руу орвол шал өөр орчин угтана. Барилга байгууламж нь бүхэлдээ буддын шашины сургаальд суурилах билэгдлийн шинжтэй. Ихэнх буддын шашины сүмийн бурханд төрх тайван дөлгөөн байдаг бол Чойжин лам музей бурханы барималууд сүрлэг төрхтэй, ширүүн харц, хурц шүд, улаан хэл, гартаа барьсан зэр зэвсэг, хүзүүндээ зүүсэн хүний толгойг хэлхэж хийсэн эрхээрээ ялгарна. Цаанаа л нэг сүрлэг, чихүүдэс төрүүлэм. Тайлбарлагч н.Орхоны хэлснээр зарим мэдрэмтгий хүмүүст эвгүй сэтгэгдэл төрөөд энэхүү музейг үзэж чаддаггүй аж. Харин миний хувьд, хүүхдийн паркад байрлалтай аймшгийн ертөнцөөр аялах гэж байгаа юм шиг оройны үс сэвэлзэх маягтай. Тэгснээ буддын шашины сүм юм чинь тэгж их айдас төрүүлэхгүй байх гэсэн бодол ундраад… яг ямар мэдрэмж төрөх бол гэсэн хүлээлт намайг гижигдэнэ.

Ийнхүү бурхад нь сүрлэг, догшин ширүүн төрхтэй байдаг нь учиртай. Чойжин гэдэг үгийг толь бичгээс харвал чой нь ном, жин нь сахиус гэсэн утгатай. Үгчилбэл номын сахиус гэсэн үг. Чойжин гэдэг маань номын хүчээр бүтсэн буддын шашинд саад бологч, дайснуудыг дарах, шашинаа бусдаас хамгаалах үүрэгтэй догшин сахиуснууд юм.

Тиймдээ ч анх энэ сүмийг нээлттэй босгож төрийн чойжин Лувсанхайдавыг чойжин буухад VIII богд өөрийн биеэр морилж “Миний шашиныг хамгаалан дэлгэрүүлж, багш, бурхан, ном гурван эрднийг муугаар бодож байгаа буруу номтны цусыг урсгаж, үнсэн товрог болгохтун” хэмээн хүндлэл үзүүлж хадаг барьж байжээ. Үүнээс үндэслэн шашины сүсэгтнүүд Богд хаан цөвүүн цаг ирж буйг мэдэрч төр шашинаа хамгаалуулахаар өөрийн дүү Лувсанхайдавыг төрийн чойжин болгосон гэж үздэг. Түүнчлэн өдий хүртэл энэ сүм хадгалагдаж үлдсэн нь төрийн чойжингийн номын хүч хэмээн тайлбарладаг сүсэгтэн ч бий.

Чойжингийн зан үйлийн гарлыг нь хөөвөл буддын шашины улааны урсгалтай холбогддог. Энэ тухай эх сурвалжаас хамаарч хоёр янзын түүх байдаг.

Эхний түүх нь түвд чигийн эх сурвалжтай. Буддын шашиныг Түвдэд дэлгэрүүлэх болжээ. Тухайн үед түвдийн өндөрлөгийн ард түмэн уул ус, лус савдагаа шүтдэг байж. Тиймдээ ч бурхны шашиныг эсэргүүцэн, сүм хийд барихыг ч зөвшөөрсөнгүй.. Ийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас нууц тарины хүчинд нэвтэрсэн Бадамжунайг залжээ. Тэрбээр түвдийн уулсын лус савдагтай нууц таринын аргаар тэмцэлдэж шашиндаа дагуур оруулж гэнэ. Үүний дараа буддын шашины нууц тариныг түвдийн лув савдагаа тахих ёс, дэг нэгтгэж Чойжин буух дэг сургуулийг үүсгэсэн гэж үздэг.

Харин монгол талын эх сурвалжид чойжинг бөөгөөс үүсэлтэй гэх.

Далай ламын элдэв ад зэтгэрээс хамгаалуулахаар Монголоос хоёр бөө илгээсэн нь Чойжин буух дэг сургуулийг бий болгосон гэх домог байдаг. Чойжин буух нь бөөгийн зан үйлтэй зарим талаараа төстэй. Адилхан хүний оюун санаанаас хальж, өөр ертөнцөөр аялана. Харин ялгаатай тал нь бөө хүн онгод буюу өмнө нь амьдарч байсан хэн нэгэн хүний сүнсийг буулгадаг бол чойжин буулгана гэдэг нь сахиус өөртөө буулгана гэсэн үг. Буддын сургаалиар замнагч хүн бүр чойжин сахиус буулгаж чадахгүй. Тусгай чадвартай хүний хийдэг ажил. Бөөгийн онгод буулгадаг хүнийг улаач гэнэ. Чойжин сахиус буулгадаг хүнийг гүртэн гэдэг. Өөрөөр хэлбэл, гүртэн нь өөрийн биедээ номын сахиусыг оршоож, нууц тарний хүчээр дайсантайгаа тэмцдэг.

1937 онд буюу сүм хийдийн голомтыг харлуулж, буулгасан. Харин Чойжин ламын сүм бурхан тахилыг л ганцхан огт хөндөөгүй юм.

Энэ нь бурханы шүншиг өдийг хүртэл оршиж байна. Тиймдээ ч музейг түүхийн үнэт үзмэр гэхээсээ илүүтэй шашины талаас нь хардаг хүмүүс олонтаа. Энэ тухай музейн захирлын үүрэг гүйцэтгэгч “Манай Шүгдэн сахиусанд улс төр бинзесийн томчууд их мөргөдэг” хэмээсэн юм.

Бид ч шүсэг бишрэлийн зорилгоор музейд ирсэн хүнтэй таарсан. Түүний Монгол нэр нь М.Ариунболд. Америкт төрж өссөн, буддын шашинтай. Хоёр сарын өмнө ШУТИС-д хүнсний технологийн чиглэлээр суралцахаар Монголд иржээ. М.Ариунболд ирэхээсээ өмнө монголын талаар интернетээс багагүй мэдээлэлтэй болсон бөгөөд ирэнгүүтээ Чойжин ламын сүм музейг үзжээ. Түүнд маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн учраас дахин ирж мөргөл үйлдэж яваа нь энэ гэнэ. Тэрээр “Амирект Буддын шашины сүм байдаг. Гэхдээ энэ газрыг гүйцэхгүй. Энэ том шашины болон түүхийн дурсгалыг хадгалахын тулд монголчууд түүхээ судлах хэрэгтэй. Монголчууд түүхээ мэддэггүй. Би жирийн монгол оюутнаас илүү энэ улсын түүхийг мэднэ. Түүхээ судалсан хүн гурван үеээ хамгаалж чаддаг. Хамгийн гол нь хэн байснаа, хэн байгаагаа, хэн байхыгaa мэддэг” хэмээн манай сурвалжлах багтай цөөн хором хөөрөлдсөн юм.

 

Энэ мэт музейг шашины талаас нь харах хүн цөөнгүй. Зарин нэг сүсэгтнүүд үндэсний аюулгүй байдлыг хамгаалагч сүм гэж ярихыг ч сонслоо. Тиймдээ ч Батлан хамгаалах яамны үе үеийн сайд нар Чойжин ламын сүм музейд анхаарал хандуулсаар ирснийг гэрчлэх хүн ч байв.

Орхигдсон хот

Сүмийн гол хаалгаар ормогц монос мод найгсан ХХ зууны эхэн үе таныг хүлээж авна. Түмний хөлөөс алсарч, дуу чимээнээс ангижирч, Улаанбаатар төдий л тохиолдохгүй орчинд тусгаарлагдана. Битүү ногоон зүрэгний дундуур хөх тоосгыг босоогоор нь шигтгэж хийсэн тэртэй зуун жилийн өмнөх чулуун замаар аялана. Яг энэ замаар VIII Богд Жавжандамба, ардын хувьсгалын анхны долоо /анхны долоо энэ сүмд хувьсгалаас урвахгүй гэж цусан тангараг тавьж байжээ/ морилж байсан гэж бодохоор тэдэнтэй өөрийгөө энэ тэнцүүхэн мэт сэтгэх шиг… Учир нь өдгөөгийн музей үзэгчид тухай үеийн язгууртан, шашины мяндагтнуудын заралдаг байсан гол хаалгаар зорчдог юм. Тэртээ 100 жилийн өмнө мань мэтийн жирийн иргэнд энэ зам дээр хөл тавих эрх байсангүй. Жирийн иргэд гол хаалгаар бус баруун жижиг хаалгаар орж мөргөдөг байжээ. Үүнээс тусгаар тогтнол, улс орны хөгжил, ардчилсан нийгэм, эрх чөлөөний мэдрэмжийг амталж болно. Чулуун зам зарим газраа эвдэрчээ. Түүнийг засахын тулд хөх тоосго бус энгийн чулууг цементээр фалийтал наасан нь сэргээн засварлах ур ухаан үгүйлэгдэж буйг илтгэнэ. Товчхондоо тэртэй 100 жилийн өмнө орхигдсон хотод ороод ирэх шиг л болно.

Энэхүү түүхийг дурсгал өдийг хүртэл тэсч үлдсэн тухай түүхийн баримт түшиглэн бичвэл 1937 онд Оросоос Х.Чойбалсанд цөөхөн хэдэн сүм хийд авч үлдэхийг зөвшөөрсөн захиа ирсэн гэдэг.

Зарим судлаачид Х.Чойбалсан өөрөө чойжин байсан учраас энэ сүмд гар хүргээгүй гэж ярьдаг юм билээ. Чойжин ламын сүм музей нь 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед хөндөгдөөгүй үлдсэн ганц сүм юм. Энэ их хэлмэгдүүлэлтээс өмнө манай улс 700 гаруй сүм хийдтэй байсан гэдэг.

Харамсалтай нь Эрдэнэ зуу, Амарбаясгалант, Гандандэгчлэн хийд, Эрх дагины сүм, Дамбадаржаагийн хийд зэргээс бусдыг нь нурааж, галдан шатаасан юм. Гэхдээ эдгээр хийдийн дотор байсан бурхан шүтээн, эд зүйлийг бүгдийг нь хурааж авсан байдаг. Харин энэ музейд огт гар хүрээгүй юм. 1938 онд шашины чиглэлийн үйл ажиллагаа явуулахыг нь хориглоод түүнээс хойш судалгаа шинжилгээ зориулалтаар ашиглаж байсан бөгөөд 2000 онд бие даасан музей болжээ. Ямартай ч монголын түүхийн 100 гаруй жилийн нугчаанд элэгдсэн дурсгалууд өдийг хүртэл хадгалагдаж байна. Цаг зав гаргаад очоод үзэхэд гэмгүй.

Их юмны үлдэгдэл сэдвийн доор соёлын өвийг бүхэлд нь хамруулаад бичиж болох л байсан. Ингэх нь уйтгартай болов уу гэж бодоод Монголын 200 гаруй урчуудын өөрсдийн гараар дөрвөн жилийн турш барьсан, 100 жилийн өмнөх монгол урчуудын ур чадвар, урлах эрдмийн бодит гэрч болсон музей танилцуулах нь илүүд хэмээн үзлээ. Мөн дээр хэлсэнчлэн энэ музей бол огт хөндөгдөөгүй үлдсэн шашины шүтээнтэйгээ өдийг хүртэл хадгалагдаж байгаа соёлын хөдлөх болон үл хөдлөх бие өв юм. Чойжин ламын сүм музей шашин, түүх, урлагын ач холбогдолтой учраас өдийг хүртэл хадгалагдаж, орчин үеийн барилгуудтай зэрэгцэн өвөрмөц дүр төрх болон сүндэрлэж байна. Энэ бол агуу их соёлын үлдэгдэл гэдгээ гэрчилж, зарлаж, зангараг зааж буйгийн илрэл ажгуу. Соёлын өвийг хадгалж үлдэхийн үнэ цэнэ ийн оршвой.

Энэхүү түүхийн үнэт өвийг хамгаалж байгаа хүмүүс өмнө нь харьяа яамгүй байсан учраас үргэлж хоёрдугаар эгнээнд тавигддаг байжээ. Боловсрол соёл шинжлэх ухааны яам нэн тэргүүнд боловсрол, сургуульд анхаарлаа хандуулна. Дараа нь мэргэжлийн урлагын байгууллага. Хамгийн сүүлд номын сан, музейг оруулдаг байж. Тиймдээ ч энэ салбарынхны нийгмийн асуудал орхигдсон. Өдгөө музейн ажилчид гар дээрээ 350-400 мянган төгрөгийн цалин л авч байна. Ингэж үнэгүйдүүлэх нь тэдний ажлын үр дүн шууд гардаггүйтэй холбоотой гэдгийг энэ салбарынхан ам уралдуулан ярих.

Эмч өвчитнөө нүдэн дээр эмчлээд босгоод ирдэг, багш есөн сарын турш хичээл заагаад тухай сурагчийг анги дэвшүүлдэг. Гэтэл музейхэнд “Энэ хүүхэд манай үзмэрийг үзээд ийм мундаг болчихлоо гэх баримт байдаггүй. Бидний ажил удаан хугацааны дараа үр дүнгээ өгч, нийгмийн гишүүдэд суурь хүмүүжил олгодог” гэдгийг музейн ахлах тайлбарлагч онцолсон юм. Ийнхүү хийсэн ажил гарт баригдаж, нүдэнд үзэгддэггүй учраас тэд зуун жилийн өмнөх барилгатай, төрийн засгийн бодлого орхигджээ.

Түүхийн энэхүү үнэт өвд хүйтэн сэтгэлээр хандаж буй хүн ч байна. Бүр газраас нь хумслах хүсэлтэй этгээд ч бий. 2010 онд зэргэлдээх аж ахуй нэгжүүдтэйгээ газрын маргаан үүсгэжээ. Шүүх, цагдаагаар явж заргалдвал кадастрын зураг нь зөвхөн гол сүм буюу 609.7 м2 гэж заасан байжээ. Үүнээс болж бөөн хэрэг мандаж арай гэж хоёр га газартай гэсэн Засгийн газрын тогтоол гаргуулж эрх зүйн хамгаалалтанд орсон байна.

Би музейн ажилчдаас нэг зүйл анзаарсан. Тэд асуудлыг эдийн засаг, эрх зүйн аргаар зохицуулахаас илүүтэй ёс зүйн, гоо зүйн талаас нь шийдэхийг урьтал болгодог бололтой. Захиралын үүрэг гүйцэтгэгч бүсгүй “Манай газар руу дайраад байгаа хүмүүс музейг минь нэг үзээсээ гэж боддог. Тэгвэл ямар үнэтэй зүйл рүү дайрч буйгаа ойлгох байх” хэмээн ярихыг сонсоод “Үнэхээр соёлын өвийн үнэ цэнийг ойлгодог, сэтгэлтэй хүмүүс л энэ салбарт ажилладаг юм байна” гэх бодол ундарсан юм.

Цалин муу, нийгмийн халамж огт байхгүй, ажлын нөхцөл бүр ч тэг заачихсан. Чойжин ламын музейн халаалт байхгүй. Өвлийн улиралд -45 хэм хүрдэг гээд бодчих. Ийм эртний барилга дээр сэргээн засварлалт хийж, халаалт тавих чадвартай байгууллага ч Монголд байхгүй. Иймд гаднаас мэргэжлийн байгууллага урьж сэргээн засварлалт хийлгэхээс өөр аргагүй. Ингэж байж л орчин үеийн музей болно. Гэтэл тийм хэмжээний хөрөнгийг хаанаас олох вэ. Ер нь энэ салбар хөрөнгө мөнгө боловсон хүчний гачигдал ихтэй. Хэдхэн байгууллага байдаг учраас энэ чиглэлийн мэргэжилтэнг жил бүр бэлдээд байвал төгсөгчид нь ажил олдохгүй гэх зовлон алга. Тиймээс Соёлын сургууль зах зээлийнхээ багтаамжийг харж байгаад л музейн хөтөч тайлбарлагч, соёл байгууллагын менежментийн чиглэлээр элсэлт авдаг аж.

Энэ мэт музейн салбарт орхигдсон, бодлогын хувьд шийдэх асуудал их байна. Гэхдээ 2012 онд харьяа яамтай болсноос хойш энэ мэтчилэн зовлонт асуудал болон бодит байдал нь арай л өөрчлөгдөж байгаа гэсэн гэгээн бодолтой энэхүү түүхт газраас гарч одсон юм, бид.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.