Эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа нийслэлийн төдийгүй орон нутгаас ирсэн сувилагч нар маргааш жагсаал, цуглаан хийх гэж байна. Тэд Засгийн газарт тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй бол Олон улсын сувилагчдын өдөр буюу 5 дугаар сарын 12-нд ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдээд байна. Энэ сэдвээр Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмартай ярилцлаа.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлс хүрэлцээгүй гэдэгтээ төр засаг ч, иргэд санал нийлдэг. Гэвч яагаад дорвитой арга хэмжээ авахгүй байна вэ?
Тийм ээ. Та бүхэн боддоо. Асрагч сувилагч нар сардаа 300-400 мянган төгрөгийн цалин авч байна. Энэ цалин хөлс амьдрал ахуйд нь хаанаа ч хүрэхгүй. Эрүүл мэндийн салбарыг зүрхний цохилт, хэмнэлээр авч үзвэл нарийнхан зураас нь алдаа заагаад эхэлсэн гэхэд болно. Бүх эмнэлгийн сувилагчийн орон тоо дутуу, ачаалал нь хэд дахин нэмэгдсэн байдалтай байна.
Бүхэл бүтэн 12 цаг хөл дээрээ зогсож, бусдын эрүүл мэндийн төлөө туйлдаж ядартлаа ажилласан бүсгүй зургаан цаг унтаад эргээд ажилдаа гардаг. Хүн хүчний дутагдлаас болоод 24 цаг ажиллах тохиолдол ч элбэг.
Өнөөдрийг хүртэл тэд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр явж байгаа тулдаа л тэвчсээр ирсэн. Тэд бол эзэмшсэн мэргэжил, эмнэлэгтээ, салбартаа чинхүү хайртай хүмүүс. Гэвч төр засгийн зүгээс удаа дараа аргацаасан хариу өгч, сүүлдээ бүр улс төржүүлж шоудаад, яг амьдрал дээр өөрчлөгдсөн зүйл алга. Яг байдагтаа байна. Тиймээс л бид маргааш болох жагсаалыг зохион байгуулж байгаа юм.
ҮЭ-ийн зүгээс салбар яамандаа хандсан уу. Өмнө нь уулзаж, зөвшилцөлд хүрч байв уу?
Бид удаа дараа уулзаж, зөвшилцөх тал дээр саналаа өгсөн. Гэвч манай салбар яам болох Эрүүл мэндийн яамны удирдлагуудын зүгээс эмч, ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдэх тал дээр дорвитой санаачилга гаргахгүй байна. Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо төр засагт жагсаал цуглаан, шаардлага хүргүүлэн тодорхой үр дүн, шийдэлд хүрдэг. Бодлогын хэмжээнд дэмжигдсэн, шийдэлд хүрсэн асуудлуудыг үргэлжлүүлэх хүсэл сайд Д.Сарангэрэлд харагдахгүй байгаа юм.
Өмнөх сайд А.Цогцэцэг ажиллаж байхдаа ҮЭ-ээс санаачилсан үндэсний хэмжээний уулзалтад бүх газар, хэлтсийн дарга нартайгаа оролцож салбарын ажилтнуудын хүсэлт, бэрхшээл, саналыг сонссон төдийгүй түүнийгээ ажил хэрэг болгосон.
Хоёрдугаарт, Монголын эдийн засаг өнөөгийн нөхцөл байдлаас дор “гэрэл гэгээгүй” гэж байсан 2017 онд бид Хамтын ажлынхаа хүрээнд салбарын хэлэлцээр байгуулж, сүрьеэгийн эмч, ажилтнуудын цалинг 30 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлүүлж төсвөөс 1,7 тэрбум төгрөг зарцуулсан. “Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо” гэдгийн жишээ энэ шүү дээ. Эрүүл мэндийн салбарын зовлон жаргалыг мэддэг хүн арай өөр байдаг юм билээ.
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэх бололцоо төр засагт бий юу?
Эдийн засгийн өсөлт 4,7 хувиар гарч, гурван тэрбум ам.долларын валютын нөөцтэй, “Хуралдай”, “Мазаалай” бондууд ханш тасралтгүй дээшилж, өр зээлээ дарсан тухай сайхан мэдээллүүд өдөр болгон сонсож байна. Эдийн засагт эерэг байдал үүссэн учраас төр засаг эхний ээлжинд эрүүл мэндийн манаанд сөхөрч, сөгдөж яваа эмч, ажилчидаа харж хандах ёстой. Бидэнд бодитой хийсэн тооцоо судалгаа хангалттай бий, үр дүнг гаргахын төлөө, ширээний ард сууж хэлэлцээрт ороход бэлэн байгаа гэдгийг хэлье.
Яг үнэндээ 28 жил эрүүл мэндийн салбарын ажилтнууд төр засаг харж үзэх болов уу, цалин нэмнэ гэж хүлээсэн. Засаг солигдох болгонд одоо л цалин нэмэх байх гэж хүлээсэн ч ийм байдалтай 28 жил боллоо. Төр засгаа алгаа тэнийлгэх болов уу гэж 28 жил хүлээсэн эмч, сувилагч, асрагч бурханы оронд яваад дууслаа.
Бурханы орон гэснээс Солонгос руу “дүрвэх” их нүүдэл эрүүл мэндийн салбарт нүүрлэсэн гэж сонссон?
Үнэндээ 20-30 жил ажилласан туршлагатай, чадвартай сувилагч нар маань Солонгос руу аяга таваг угаахаар явцгааж байна. Сайндаа биш сарын хоёр сая төгрөгийн цалин өгдөг газар руу явцгааж байгаа юм. Тэд нарыг жаргах гэж явж байна гэж битгий бодоорой. Өнөөдөр эрүүл мэндийн салбарболовсон хүчний гүн ангал руу унаж байгааг хэлэх хэрэгтэй. Авьяастай, зүрх сэтгэлтэй олон арван сувилагч нар харь орныг зорилоо. Сувилагч болох сонирхолтой хүүхэд залуус ч ховордож байна. Тийм хүнд амьдрал сонгохын оронд өөр ажил хийх нь стресс багатай, цалин өндөртэй ажил болчихлоо.
Хэдий хэрийн цалин хөлс өгвөл Солонгос руу явахаа зогсоох вэ сувилагч нар?
Шүүгч нар шиг дөрвөн сая, “Эрдэнэс Монгол” компанийн захирлууд шиг зургаан сая төгрөгийн цалин дээрээ урамшуулал, машин тэрэг, зар сурталчилгааны мөнгө төр засгаас нэхээгүй. Цалингийн тогтолцоогоо өөрчлөөд доод цалинг нэг сая төгрөг болгоод өгөөч гэсэн даруухан хүсэлт, гуйлт тавиад байгаа юм. Яамны зүгээс эмнэлгийн ажилтны албан тушаалын зэрэглэл гэдэг зүйлээр аргацаах, тэмцлийг зогсоох гэж оролдож байна. Нэгдүгээрт үнэлгээний судалгаа гэдэг зүйлээ түүвэрлэж хийсэн. Хоёрдугаарт ачаалалтай эмнэлгүүдийн ажилтнуудын үнэлгээг дундчилах, дүйцүүлэх маягаар хийсэн. Бод доо эрүүл мэндийн салбарын 50 мянга гаруй ажлын байрны ачаалал, ажилтнуудын ур чадварыг үнэлэх гэж байж түүвэрлээд 2600 ажлын байр, хүнийг хамруулсан. Энэ түүвэр хангалттай гэж үзэж байгаа нь өөрөө асуудал. Өрхийн эмнэлгийн хүмүүсийг дуудаж авчраад хуудсаа бөглүүлсэн гэсэн ч шүүмжлэл байгаа.
Гуравдугаарт, яамныхан “Энэ үнэлгээг хийснээр салбарын бүх эмч ажилчдын цалин 7-49 хувь нэмэгдэхээр байгаа. Нийт 62,1 тэрбум төгрөг жилдээ шаардлагатай. Үүнийгээ 2019 оны эхнээс хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэсэн” мэдээллийг нийгэмд өгөөд байгаа.
Үүнийг салбарын ажилтнууд хүлээн зөвшөөрөхгүй ээ. “Дараа оны эхнээс…” гэдэг ийм үгээр бид хууртагдаж ирлээ.Тийм ч учраас бид зохион байгуулалтад орж тэмцлээ хийнэ.
Тэмцэл үр дүнд хүрэхгүй бол яах вэ?
Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын тэмцэл үр дүнд хүрэх ёстой. Энэ тэмцлийг Эрүүл мэндийн яам, төр засаг ч дэмжих ёстой. Монголчууд нэг нэгнийхээ зовлон жаргалыг ойлгоод ширээний ард суух, гарц гаргалгаа хайх болов уу гэж гэж найдаж байна. Бид үр дүн гартал тэмцэх болно. Энэ том салбарын асуудал зөвхөн эмч, ажилчдын асуудал биш. Цаанаа Монгол хүний эрүүл мэнд, чанартай үйлчилгээ авах асуудал хүртэл яригдаж байгаа учраас энэ бол улс орны хэмжээний шийдэх асуудал юм.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87431
30707
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.