“Амны хөндийн эрүүл мэнд” сургалт Сонгинохайрхан дүүргээс эхэллээ

2018-04-3 Мэдээ мэдээлэл

Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар дунд сургууль дээр өнөөдөр “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын албан ёсны нээлт боллоо.

Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүд зөв угаах дадлыг хэвшүүлэх зорилготой “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын нээлтэнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Өнгөрөгч нэгдүгээр сард зохион байгуулагдсан тус сургалтанд Чингэлтэй дүүргийн 50, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирал, сургалтын арга зүйч, нийгмийн ажилтан, багш зэрэг нийт 120 хүнийг хамруулсан байна.

Өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж буй “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалт энэ сарын 5-ныг дуустал үргэлжлэх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 21 сургуулийн 1-5 дугаар ангийн 700 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч хамрагдах ажээ. Сургалтын хүрээнд бага ангийн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр боловсруулсан “Амны хөндийн эрүүл мэнд“ гарын авлагыг танилцуулж, багш нарын мэдлэг туршлагыг сайжруулахаас гадна тэднээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагч нарт мэдээлэл зөвлөмж хүргэхээр зорьжээ. Цаашид энэхүү сургалт бусад дүүргийн хэмжээнд ч мөн үргэлжлэх юм байна.

Дашрамд дуулгахад, манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж шүд цоорох өвчлөл нь бага насны хүүхдийг түлхүү хамарч буй бөгөөд олон улсад зонхилон тохиолдох өвчний жагсаалтанд Улаанбаатар хотын хүн амын шүдний өвчлөл 5-р байрт жагссан байна. Мөн нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх болон ЕБС-ийн бага ангийн хүүхдийн дунд шүд цоорох өвчин, цоорлын эрчмийн үзүүлэлт (нэг хүүхдийн аманд байх цоорсон, ломбодсон, авагдсан шүдний нийлбэр тоо) нь ДЭМБ-ын гаргасан шалгуураар “МАШ ӨНДӨР” ангилалд хүртлээ өсчээ.

ЭМЯ-аас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийслэлийн Боловсролын газар, АШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургуультай хамтран хүн амын, тэр дундаа хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн талаархи сургалт сурталчилгааг насны онцлогт тохируулан тасралтгүй, цэгцтэй явуулах, амны хөндийн эрүүл мэндийг зөв сахих аргад сургах, хоол хүнсний зүйлийг зөв зохистой сонгон хэрэглэх дадал заншилтай болгох зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд” гарын авлагыг хэвлүүлж, багш нараар дамжуулан сурагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт үе шаттайгаар сургалт хийсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт “Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулна” хэмээн тусгасан бөгөөд уг ажлын хүрээнд бага насны хүүхдийн амны хөндийг эрүүл байлгах асуудалд ихээхэн анхаарч, сургалт сурталчилгааг өргөжүүлэн, эрүүлжүүлэх ажлыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн болон бусад байгууллагатай хамтран ажиллаж байна.

Түүнчлэн АШУҮИС-ийн харьяа Нүүр ам судлалын сургуулиас ЕБС-ийн бага ангийн багш нарт зориулсан гарын авлагыг боловсруулж, “Гүүд нейборс” ТББ-ын дэмжлэгтэйгээр 4000 ширхэгийг хэвлүүлж тараажээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.