Д.Батсайхан: Монголд театр судлал атраараа байна

2017-03-24 Соёл урлаг


Олон улсын театрын өдөр энэ сарын 27-нд тохионо. Театр судлаач СУИС–ийн багш, доктор, профессор Д.Батсайхантай ярилцлаа.

Театр судлаач манайд их цөөхөн байдаг.  Мэргэжлийн хүмүүс байдаг ч яг энэ салбартаа шамдаж ажиллахгүй байна уу даа?

–Манайд энэ салбар 1960-аад оноос хөгжиж ирсэн. Түүнээс өмнө зохиолч, театр сонирхдог хүмүүс өөрсдийнхөө сэтгэгдлийг бичдэг байлаа.  Харин миний аав С.Дашдондог гэдэг хүн ОХУ–д энэ мэргэжлийг эзэмшиж ирснээр Монголд мэргэжлийн театр судлал хөгжиж эхэлсэн.

1990 он хүртэл энэ салбарын хөгжил эрчимтэй явж байгаад харин энэ цаг үед зогсонги байдалд орчихоод байна.  Би аавынхаа мэргэжлийг өвлөж, өөрийнхөө чадах хэмжээнд л судалгааны ажил хийж байна. Нөхөр маань дипломат учраас амьдралын эрхээр олон газар оронд ажиллалаа. Энэ маань ч судалгаа шүүмлэлийн ажилд маань нөлөөлдөг гэж боддог. Утга зохиол судлал гэдэг шиг эрчимтэй хөгжиж, олон сайн судлаачийг төрүүлж чадаагүй ч гал нь бол унтарчихаагүй яваа.

Театр бол нэг талаараа дэлхийн нийтийн өмч юм л даа. Театрын урлаггүй улс орон гэж үгүй. Тэнд судлал шүүмжлэлийн салбар нь хэрхэн хөгжиж байх юм?

–Маш эрчимтэй хөгжиж байна.  Аргагүй ч юм. Тэнд төр засаг нь театр урлагтаа анхаарч чадаж байна.  Харин манайд бол байдал эсрэгээрээ.  Төрөөс театрын мэргэжилтэн, менежер, үзэгч бэлтгэх ямар ч бодлого байдаггүй.  Мөн Монголд театр урлагийн хэдхэн байгууллага байна.  Тэдний дунд өрсөлдөөн алга. Тэгэхээр ийм унтаа, сулбагар, зүгээр л үүргээ гүйцэтгэсэн бүтэц болж байна.  Гэхдээ мэргэжлийн байгуул­лагууд өнгөрсөн хугацаанд зүгээр суусангүй.  2013  оноос СУИС дээр утга зохиолын тэнхим байгуулагдлаа. Манай залуу багш нар болох Я.Баяраа Х.Чойдогжамц нар шүүмж судлал тал дээр сайн ажиллаж байна. Ер нь манай театр судлалын салбар атраараа байна.  Одоо төгсч байгаа хүмүүс мэргэжлийн зүгээс сайн ажиллаж чадвал амжилт гаргах бүрэн боломжтой. Дуурь, драм, хүүхдийн жүжиг, түүхэн зохиол гээд судлах зүйл их байна. Тэнд орон зай нээлттэй байгаа дуулгамаар байна.

Театрын нэгэн амин хэсэг нь үзэгч шүү дээ. Үзэгчээ бид ер нь яаж бэлтгэх ёстой юм бэ?

–Хүүхдийг багаас нь театр урлагт хайртай болгож өсгөх хэрэгтэй.  Сургуулиудын дуу хөгжим, уран зохиолын хичээлүүд нь жаахан өнгөцхөн байна уу даа гэж хардаг. Театрын амин сүнс хэсгийг идэвхитэй оруулж, жүжгийг  хэрхэн задлах гэдгийг ч тэнд заамаар байна.  Д.Намдаг гуайг мэдэхгүй хүүхдүүд их сургуульд орж ирж байна шүү дээ.  Мөн наад захын ойлголт болох театрт суух соёлыг ч мэдэхгүй ирдэг. Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, тайзан дээр болж буй үйл явдлаас илүү утсаа оролдоод сууж байгаа хүүхдийг яах вэ.  Энэ мэт хандлагууд  байхгүй болсон цагт л театр маань хөгжихөөр байна.

Та аавынхаа театр судлалын мэргэжлийг үргэлжлүүлж яваа. Аав тань юу гэж захидаг байв?

–Би урлагийн гэр бүлд төрж өссөн хүн. Ээж маань И.Батжаргал гэж жүжигчин хүн байлаа. “Хонины найр”, “Сэрэлт” зэрэг кинонд ээжийн маань дүр үлдсэн байдаг.  Цол гуншинг нь авч чадаагүй ч гэсэн 1940-1950 оны үед Монголын театрын урлагийг нуруундаа үүрэлцэж явсан.  “Зам”, “Цолмон”, “Далан худалч” зэрэг театрын онцлох жүжгүүдэд гол дүрд тоглож байлаа.  Тухайн үед аав ээжийнхээ буянаар Монголын бүхий л жүжиг, дуурь, балетын анхны үзэгч нь байдаг байсан.  Номын сан, дүрслэх урлагийн бүтээл гээд гэр маань ч урлагийг орчин байлаа. Бага нас минь ингэж өнгөрсөн болохоор урлагт хайртай болж өсөхгүй гээд яахав.   Наймдугаар ангиасаа эхлээд л аавынхаа мэргэжилд дурлаж сонгосон. Аав маань шударга зарчимч хүн байлаа.  Хүнд үнэнийг нь шууд нүүрэн дээр нь хэлчихдэг байсан. Түүнээс болоод ч тэр үү их олон дайсантай байсан даа.

Судлаач шүүмжлэгч  хүний бас нэгэн чанар байх л даа. Та тэгж ажиллаж чадаж байна уу?

–Би аав шигээ хурц байж чаддаггүй.  Ээж минь жүжигчин байсан учраас энэ мэргэжлийн хүнд хэцүүг мэдэрдэг, ойлгодог байлаа.  Тийм болохоор хүний хийсэн бүтээлийг энэ муу байна гэж шуудхан хэлж чаддаггүй. Уран бүтээлчдээ өрөвддөг, тэднийхээ талд байж хүндэтгэдэг.

Гэхдээ таны мэргэжил учраас хэлчихмээр зүйлээ ямар нэгэн байдлаар ойлгуулахыг хичээнэ биз дээ?

–Мэдээж аливаа бүтээлийг шүүмжлэлтэй  өнцгөөс харахаар заавал нэг юм байж таарна.  Түүнийг хүн бүхний нүдэн дээр нүүрийг нь улалзуулаад цоллоод байдаггүй. Шүүмж гэдэг маань сайныг нь ч хар бараан талыг нь ч олж харах ёстой.  Тэр бүхнийг мэргэжлийн өнцгөөс дэнсэлж уран бүтээлчдэд ойлгуулж, дараа дараагийн бүтээлд нь сайнаар нөлөөлөх нь бидний ажил юм.  Үүнийг маань уран бүтээлчид эерэг зөв өнцгөөс хүлээж авахгүй байх нь бий.  “Чи намайг шүүмжиллээ, Олны өмнө гутаалаа” гэсэн дайралт надад зөндөө л ирж байсан.  Бид театрыг яагаад судлаад байгаа юм бэ.  Гар утас, телевиз, компьютерээр бүхнийг үзчихэж байхад театр ер нь хэрэгтэй юм уу.  Байх ёстой юу гээд л энэ бүхнийг бид ярьж судлах, театр хамгийн чухал гэдгийг нотлоод сууж байх  ёстой юм.  Гэтэл одоо хэдэн жилийн өмнө ярьдаг байсан уламжлалт байдлын шүүмжээ хийгээд л сууж байна.

Зүгээр сонирхож асууж байгаа шүү. Энэ даяаршлын нийгэмд театр яагаад байх ёстой юм бэ?

–Энэ бол амьд урлаг. Театрт жүжиг үзнэ гэдэг орон дээрээ хэвтээд телевиз үзэхээс тэс өөр. Жүжигчний амьд харилцаа гэж бий.  Хайртай жүжигчнээ амьдаар хэрхэн инээж, уйлахыг харах тэр мэдрэмж хамгийн чухал. Мөн театр өөрөө ариун сүм юм. Тэнд хүмүүс очоод ухаардаг.  “Хүний амьдрал чинь нээрээ тийм шүү дээ. Би ингэж амьдрах ёстой юм байна” гэсэн бодолтой гардаг.  Хуучин социализмын үед театрт “Ураа мандтугай” гэсэн үзэл суртал их байлаа.  Өнөөдөр бол тийм зүйл байхгүй л дээ. Театрт сайхан жүжгүүд их тоглож байна.  Тэндээс ухаараад гарч байна.

Та мэдээж театрт тоглож буй жүжгүүдийг үздэг байх. Хамгийн сүүлд ямар жүжиг үзэв. Шүүмжлэгч судлаачийн зүгээс жүжгээ харж ойлгоод байх зовлон байдаг уу?

–Би УДЭТ–ын уран сайхны зөвлөлд нь багтдаг. Тиймээс шинэ гарч буй уран бүтээлийг бүгдийг нь л үзэхийг хичээдэг. Хамгийн сүүлд гэвэл “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг үзлээ. Би мэргэжлийн зүгээс жүжгээ үзнэ. Хамгийн сүүлд “Ромео Жульетта” музыкл дээр шүүмж бичсэн.  Олон нийтэд зориулж  чадаж уу, мэргэжлийнхэн хэрхэн үнэлэх бол, менежерүүдэд санал болговол үнэд хүрэх болов уу, мөн бусад театр судлаач нартаа санал болговол ямар байх вэ гээд л олон өнцгөөс жүжгийг харна.  Түүнийгээ үнэн зөвөөр дамжуулах нь бас л бидний үүрэг.  Яагаад гэхээр бидний үзэл санаагаар тухайн жүжгийг олон нийт, театр судлаач нар, менежерүүд хүлээж авна шүү дээ. Тэгэхээр бид хэтэрхий их магтаад, эсвэл хэтэрхий хар бараанаар будаад байж болдоггүй.

Театрууд маань одоогоор голдуу орчуулгын бүтээл тоглож байна. Энэ нь бас  тийм ч сайн зүйл биш санагддаг?

-Тийм шүү.  Театрт орчуулгын бүтээл давамгайлж байгаа нь сайн зүйл биш. Гэхдээ бидэнд жүжгийн зохиолч үнэндээ алга. Театр энэ дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Найруулагч, зохиолч хоёр хамт сууж байгаад жүжиг босгож ирдэг баймаар байна.  Хуучин Д.Намдаг, Чимэд, Л.Ванган гээд агуу хүмүүс байлаа.  Энэ хүмүүсийн нуруун дээр театрын урлаг хөгжиж иржээ. Түүний дараа Ц.Балдорж агсан, Ш.Гүрбазар гуай бичсэн. Өөр хүн байхгүй л боллоо.  Жүжгийн зохиол гэдэг өөрөө тийм ч амар зүйл биш юм.  Роман, туужаас хамаагүй хэцүү. Уран зохиолыг драмын хэлбэрээр бичиж байна. Тэгэхээр хүмүүс хашраад байх шиг байгаа юм.  Арай гэж зохиолоо бичдэг, түүний дараа жүжгээ тавих гэж бөөн асуудал болно. Тэгснээс романаа бичээд сууж байсан нь дээр гэсэн ойлголттой хүн олон байна.

Т.БАТСАЙХАН

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.