Монгол нэртэй гадаадын жүдочид

2019-04-12 Бор шувуу

Монгол нэртэй гадны жүдочид  байдаг эсэхийг уншигч авхай та анзаарсан уу. Өөрөөр хэлбэл, манайхан ч гэсэн Түвд, Санскрит, Түрэг, Хятад, Орос, Англи гээд гадаад нэр үр хүүхдэддээ өгдөг шүү дээ. Ялангуяа, 1921 оноос хойш иван ах нарыг дахин шүтэх үзэл дэлгэрч Катя, Таня, Галя, Маруся, Александр, Олег, Миша, Михаль, Юра, Шура гэх орос нэрийг өгдөг болсон.

Харин өдгөө эртний хаад, хатдын нэрийг өгөхдөө ард нь жин буюу хүн гэсэн хятад үгийг залгаж Мөнхжин, Энхжин, Өлүэн-Үжин, Бөртэ-Үжин, Анужин, Есүйжин, Монголжин гэх “мода” дэлгэрээд байна. Мөнх хаан, Өэлүн, Бөртэ, Ану, Есүй гэсэн хаан, хатад байсныг бүгд мэднэ. Яагаад жин гэсэн хятад үгийг залган хэрэглээд байгааг мэдэхгүй. Үжин гэдэг нь хатан хүн гэсэн утгыг хятад, манжаар илэрхийлдэг юм шиг байгаа юм.

Тэгэхээр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилддаг Унгарын шилдэг жүдочин Хедвиг Каракас гэж бий. Тэрбээр Хар хас гэсэн монгол нэртэй. Үүнээс гадна Унгарын 73 кг-ын жингийн бөх Миклос Унгари, 81 кг-ын жигийн жүдоч Атилла Унгари нар Хүн гүрэн, Хүн гүрний Атилла хаан гэсэн нэртэй бол +100 кг-ын жингийн Барно Бор гэдэг бөх Бараан Бор гэсэн монгол нэртэй байгаа юм. Мөн Оросын 66 кг-ын жингийн жүдоч Анзар Ардановын нэрийг нэг анзаараад үз дээ. Анзаар Ард гэсэн монгол үг байгаа. Киргизын -100 кг-ын бөх Чингиз Мамедов Чингис хааны нэртэй. Харин Узбек улсад +100 кг-ын жингийн Абдулло Тангрев гэж алдартай жүдочин бий. Тэрбээр Абдулло Тэнгэр гэсэн монгол нэртэй юм. Түүнчлэн Азербайжаны 60 кг-ын шилдэг тамирчин Орхан Сафоровын нэр шууд Орхон голын нэрийг илэрхийлж байгаа бол Украины залуу од Дарья Белодед, 73 кг-ын жингийн жүдоч Артем Хомула нарын нэр Дарь, Хомоол гэсэн монгол нэр юм.

Тэр битгий хэл Молдавын 73 кг-ын тамирчин Татарску буюу Татар монгол гэсэн нэртэй. Мөн Тунисын 81 кг-ын Бен Аммар гэдэг бөх Би Амар гэсэн монгол нэртэй байгаа юм даа. За жүдо бөх сонирхогчид минь энэ бүхэн зүгээр л наргиа байсан юм шүү.

Гэхдээ бидний өвөг дээдэс Хүннү гүрнээс өмнө одоогоос 5-12 мянган жилийн өмнө Дундад Ази, Орхи Дорнод, Европ тив рүү нүүдлэн шилжилт хийж Сүмэр буюу Сүмбэр, Дарвид буюу Дөрвөд, Лерс буюу Барс, Кушаан буюу Хөсөгтөн хэмээх төрт улсыг байгуулж явжээ. Тийм болохоор Араб, Перс, Грек, Испани, Слав хэлэнд олон Монгол үг нэвтрэн орох үндэс болжээ.

Харин одоогоос 2000 гаруй жилийн өмнө Өмнөд Хүннүчүүд Хань улстай нэгдэн Умард Хүннүүчүүдтэй дайтсан. Ялагдал хүлээсэн Умард Хүннүгийн зарим овог аймгууд Дундад Ази, Ойрхи Дорнод, Балканы хойг,Зүүн болон Төв Европ руу довтолж Мажарын талд Хүннү гүрнээ байгуулсан түүхтэй. Түүнээс хойш 1000 жилийн дараа нүүдэлчин Хүннү нарын үр удам Монголчууд дахин Европыг байлдан дагуулсан нь Слав, Араб, Перс хэлэнд монгол үг, монгол соёл дахин нэвтрэн орох шалтгаан болжээ. Орос хүнийг сайн маажвал цаанаас нь Татар-Монгол гарна гэдэг оргүй хоосон үг биш юм шүү. Түүнчлэн Хохоол буюу Хөхөлт Украин, Бат хааны ач хүү Узбекийн нэрээр нэрлэгдсэн Узбек улс, Хороо хүрээ гэсэн монгол үгээр улсаа нэрлэсэн Коре буюу Солонгосчуудад бид баярлаж талархаж явах ёстой юм шиг ээ…

Н.Отгонбаатар

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.