БНСУ-д эмчлүүлсэн иргэд эх орондоо хяналтад орох боломжтой болов

2018-02-21 Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНСУ-ын Эрүүл мэнд Нийгмийн халамжийн яамны хамтарсан БНСУ-д эмчилгээ хийлгэсэн иргэдэд үйлчлэх “Эмчилгээний дараах хяналтын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн хурлын зааланд боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд УНТЭ-ийн захирал Б.Бямбадорж, ЭМЯ-ийн Төрийн захиргааны газрын ахлах мэргэжилтэн н.Эрдэнэтуяа, Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн н.Бархас, Гадаад харилцаа хамтын ажиллагааны мэргэжилтэн н.Туяа, УНТЭ-ийн эмзүй эрхэлсэн дэд захирал Д.Чулуунбаатар , Стратеги төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Далайжаргал, Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн дарга Н.Оюундэлгэр, БНСУ-ын Эрүүл мэнд халамжийн яамны эмчилгээ эрхэлсэн хэлтсийн дарга, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн албаны дарга ,Сөүлийн Гэгээн Мария эмнэлгийн эмч, профессорууд зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

Энэхүү арга хэмжээг нээж УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж хэлсэн үгэндээ:

-“Энэхүү төв нь Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд нийгмийн халамжийн яамны хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хийгдэж ажлын нэг хэсэг. Эмчилгээний дараах хяналтын төвийг байгуулснаар БНСУ-д мэс засал болон эмчилгээ хийлгэсэн Монгол иргэд маань эх орондоо хяналтанд орох, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломж бүрдэж байна. Манай Улсын иргэдийн хувьд БНСУ-д ихээр эмчлүүлдэг боловч эмчилгээний дараах хяналт хаягдах, доод тал нь 2-3 удаа тухайн улс руу зорчих зэрэг нь цаг хугацаа алдахаас гадна санхүүгийн маш том дарамтад ордог байсан.

Тэгвэл энэ төв байгуулагдсанаар хоёр улсын эмч, мэргэжилтнүүд харилцан мэдээлэл, туршлага солилцох, БНСУ-д оношилгоо, эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдэд эмчилгээний дараах зөвлөгөө, үйлчилгээг эх орноосоо шууд авах боломжтой болж өвчтөнд ирэх дарамт багасаж байна. Энэ төвийн хувьд зөвхөн УНТЭ-ийн хүрээнд биш улсын хэмжээнд ажиллана гэдгээрээ онцлогтой” гэлээ.

БНСУ-ын Сөүлийн Гэгээн Мария эмнэлгийн төлөөлөгч Жи Юөул Ли

-“2017 оны 11 дүгээр сараас эхлээд энэхүү төсөлтэй холбоотой ажлуудад хоёр тал эхлүүлсэн. Харин өнөөдөр нээлтээ амжилттай хийж байна. Ерөнхийдөө эхний 3 сар төвийн туршилтын ажлууд хийгдэх болно. Энэ төвийн хамгийн эхний үйлчлүүлэгч бол БНСУ-д улсад зүрхний мэс засалд орсон хүүхэд байгаа. Энэ хүүхэд манай улсад хагалгаанд орсон хэдий ч эх орноосоо зөвөлгөөгөө авч хяналтанд орж байна. Бид энэ төслийн хүрээнд Монгол улсад гурван удаа ирж, уулзалтуудыг хийсэн.

Солонгос улсад мэс засал хийлгэсэн өвчтөнүүд маань мэс заслын дараах хяналт эмчилгээг хийлгэх шаардлагатай байдаг. Тэдгээр өвчтөний хувьд байнга манай улсад очиж хяналтанд орох хэцүү учраас бид УНТЭ-тэй хамтран энэхүү төвийг байгуулж өнөөдөр нээлтээ хийж байна. Эмчилгээний явцын шинжилгээнүүдээ хийлгээд хариуг манай тал руу илгээснээр дахиад ийм эмчилгээ хийлгэнэ, ийм эм уух шаардлагатай гэдгээ очихгүйгээр харилцан мэдэгдэх том боломж нэгдэж байгаад баяртай байна. Энэ төвийг нээснээр солонгос монгол эмч нарын харилцаа холбоо улам гүнзгийрж, өвчтөний талаар мэдээлэл солилцож, шаардлагатай тохиолдолд солонгос эмч монгол ирж үзлэг хийх боломжтой болно” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.