Ногоон тивийн Австрали орноор зорчсон нь

2023-08-14 Амрах агшин

(Аяллын тэмдэглэл)

 “Брисбен”  Квинслэндын  нийслэл

Австралийн Квинслэнд мужийн нийслэл Брисбен . Мөн л Английн луу хэрэгтэнг хорих газар 1824 оноос эхлэн барьж байгуулаад 1842 онд хааж энгийн иргэд чөлөөтэй суурьшсан. Бүр 1854, 1857, 1861, 1889, 1881 онд коллеж, их сургуулиуд байгуулагдсан боловсролын баялаг уламжлал түүхтэй. Генерал Томас Брисбены нэрээр нэрлэгдсэн голын эрэг дээр Брисбен хот сүндэрлэнэ. Энэ генерал их сургуульд  хамт суралцаж байсан хоёр найзтайгаа Кутта уулан дээр  дуран авиат одон орон судлалын төв нээж, дэлхийн өмнөд хагасын 7385 одны цомог хийсэн гэж байгаа.

Тэрчилэн эл хотод олон улсын маш олон хурал, зөвөлгөөн, уулзалтууд зохион байгуулагддаг, эндээс холгүйхэн орших дэлхийн байгалийн өвд орсон Том шүрэн арал, Квислэндийн чийглэг дулаан ой, Дорнод эргийн бороот ой, Фрейзер арал гээд дэлхийд гайхагддаг тансаг газруудыг ирсэн зочид гийчиддээ үзүүлдэг бололтой. Яг бүтэн тойроод үзэж явна гэвэл олон сар, ихээхэн зоос хэрэгтэй, тийм боломжгүй нь зах зухаас нь үзэж болно. Давалгаан дээр тэшигчид, өндрөөс үсрэгчид  ертөнцийн  хүмүүн юу эсийг хийж зугаацна тэр бүгдийг мөнгөтэй холбон жинхэнэ утгаар нь хөгжүүлжээ.

Зуны агаарын дундуж хэм 20-27С өвөлдөө 20-21 С байдаг дулаан бүс нутаг. Хотын төвдөө далдуу, амроо, эвкалипт жүрж ,нимбэг гээд халуун орны маш сайхан ногоон  модод дээр энэ дэлхийн хаана ч байхгүй Австралийн унтаахай уутат баавгай унтаж, зараа мэт шавьж идэштэнүүд гүйлдэж, зүсэн зүйлийн шувууд жиргэлдэнэ. Манай гариг дээр хоёр зуун мянга гаруй зүйлийн “эндемик” амьтан байдаг. Харин ногоон тивийн арван хоёр мянган зүйлийн ургамалын дөрөвний гурав нь “эндемик”. За юун гадаад үг хэлээд байна гэвэл энэ үг олон улсын хэллэгээр бол  тэрхүү амьтан ургамалууд зөвхөн нэг газар амьдарч ургадаг, өөр хаана ч байхгүй гэсэн үг. Ногоон тивийн арван хоёр мянган ургамлын дөрөвний гурвыг эзлэх 235 сүүн тэжээлтэн,120 хоёр нутагтан, 420 мөлхөгч,720 зүйлийн шувуудын 85-93 хувь нь эндемик.Эвкалипт мод гэхэд хэдэн зуун зүйл байх юм.

Австралийн төрийн сүлдэнд имж,тэмээн хяруул орсон нь эдгээр амьтад хойшоо ухарч явдаггүй, урагшаа зөвхөн урагшаа гэдэг бэлэгдэлтэй.

Имж гэдэг амьтан бол ногоон тивийн нэрийн хуудас. Энэ өвсөн тэжээлтэн ямар зөөлөн ноолуур шиг биетэй, найрсаг амьтан бэ дээ гэхээр. Хүний  гараас ирж хоол идээд байх юм .  Одоо гурван зүйлийн имжны  хэдэн мянгаараа билчдэг билчээр урьдынхтай  адилгүй ч, тоо толгой 19 сая орчим байдаг гэнэ.Том улаан имжны хариах,үсрэх нь лутаа лут. Уртад  арван хоёр ,гурван метр харайна. Харин өндөрт эрлэг нь Динго нохой, хүн хоёр. Би түрүүчийн тэмдэглэлдээ  Динго нохойны тухай устсан гэж бичсэндээ хүлцэл өчье, цөөрсөн гэж ойлгоорой. Хүн яахав, амттай сайхан махыг нь шарж иднэ. Имжны тослог багатай шарсан мах бол рестораны үнэтэй хоолнуудын нэг. Манайхан адуугаа дээдэлдэг  ч бас махыг нь зооглодогтой адилхан юм билээ.

Унтаа баавгай “Коала” хоногийн 16-18 цагт “Эвкалипт” модон дээрээ ус ч уухгүйгээр нойрсох манай Монголын тарвагатай төстэй гэмээр юм уу даа. Модны навч шүүслэг ч мансууруулан унтуулна.Коала гэж аборигенээр ‘’уудаггүй’’ гэсэн  үг ажээ. Сайхан арьснаасаа болоод хядагдаж, одоо зүүн Австралид үлдсэн . Амьтны хүрээлэнгийн баавгайг тэврээд үзсэн чинь 6 кг орчим юм. Ихэвчлэн 4-13кг ,түүний эртний өвөг нь 28 дахин том байжээ.Энэ хөөрхөн амьтан сар гаран хээлээ тээгээд, 5гр зулзага гаргаад уутруугаа хийнэ. Зулзага нь уутнаасаа 6 сарын дараа гарч,  эхийнхээ нуруун дээр 6 сар болоод биеэ даана .Шувуудаас олон зүйлийн тоть ялангуяа какаду маш олон янз “цагаан”, “нүцгэн нүдэн”, “хамарт” гээд, эднээс  хаан тоть , хөх тоть хамгийн үзэсгэлэнтэй нэн ховор, хамгийн үнэтэй нь юм. Хөх тоть дуудлага худалдаанд 35 мянган фунт стерлинг хүрдэг байна.

“Алтан эрэг” аялал жуулчлалын хот

 Брисбен хотоос цаг хиртэй явж, амралт цэнгээний Алтан эрэг хотод очно. Нүд алдам цэнхэр далайн хаяа, цайрах цагаан элсэн хөвөө, ур хийцээрээ уралдах лугаа  өндөр өндөр тэнгэр баганадсан барилга, үргэлж мөнхийн ногоон мод,  өнгө өнгөөр алаглах цэцэгсийн хот, наран шарлагын хот ч гэх Алтан эрэг хот  маш эрчимтэй хөгжиж байгаа хот юм байна. Зугаа цэнгээн, танин мэдэхүйн Далайн ертөнц /Sea world/ , Кино ертөнц  / Movie world/, Далайн эргийн амралт/ Sea world resort/, Хөдөөгийн диваажин/ Paradise- country /, Усан  парк/ Wet in wild/ Мөрөөдлийн ертөнц/ Dream world/ аялал жуулчлал , наран шарлагын газар, тоглоом наадмын хотхонтой .

Алтан эрэг хотын жилийн дундаж температур цельсийн 25-32 хэм.  Жилдээ бараг 300 хоног нартай байдаг гэнэ. Биднийг очсон үед маш халуун, дээрхи хотхоноор  орж тоглож, үзэж бишэрч бас цагаанаар атаархаж явснаа нуух юун. Хаашаа  л харна инээмсэглэсэн сайхан хүмүүс аз жаргал,баяр баясгалантай,амарч чадаж байнаа.

Далайн ертөнц  амралтын хотод 17 том аквариум , том үзүүлбэр үзүүлэх 12 талбайтай ба дэлхийн байгалийн өвд орсон Том шүрэн арлын гайхамшгийг харж, далайн гахайтай нөхөрлөн, зургийн цомог бүтээж, жижиг, том далайн амьтан, махчин загас харж , далайн од, зараа зэрэг олон амьтныг гараар хүрч мэдэрч,улаан номонд орсон  хотон шувуудыг  өөрийн гараараа хооллож ч үзэв. Австралид  ажиллаж  амьдрах таатай орон гэж дэлхий даяараа ярьдаг  бол бас үзэж сонирхох, зугаацахад ч таатай орон юм.

Квислэндын нэрийн хуудас

Австрали улсын мужуудыг түрүүчийн тэмдэглэлд дурдсан ба  Квинслэнд  гэж хатан хааны газар гэсэн үг англичууд тэртээ 1724 оноос газар орон эзлэн колончлоод хамгийн сайхан газрыг эрхэм дээдсийнхээ  нэрээр нэрлэсэн байна. Квинсленд муж тивийн зүүн хойт талд оршино. Одоо дэлхийн өвд орсон, очиж үзсэн газар нутгийн тухай ярья. Өнөөдөр дэлхийн 157 орны  962 бүртгэлтэй өв байна. Үүний 745 нь соёлын,188 гаруй нь байгалийн, 29 нь холимог  өв гэж ЮНЕСКОийн баримт материалд дурдагджээ.

Ногоон тив энэ үзүүлэлтээрээ гайхалтай гэж түрүүчийн тэмдэглэлдээ дурьдсан бол  түүнийгээ бага зэрэг тодорхой болгоё. Хэвлэлийн “акул” CNN байгалийн долоон гайхамшигийн нэг  гэж зарласан, Квислендын нэрийн хуудас Аугаа шүрэн арлууд нь мөн л энэ тивийн зүүн хойд талд 2300 км сунаж тогтжээ. Хойт үзүүрийн өргөн нь 2 км. өмнө хэсгийнх 150 км, нийт талбай нь 348, 698км квадрат, дээрээс харахад тах хэлбэрийн 2900 шүр. 300 аралтай. Энэ арлууд арав гаруй мянган жилийн өмнөөс үүссэн бөгөөд манайханы хөөрөг, түүний толгой хийж гангардаг шүр ,сувдийг ихээр олзворлодог байсан гэх.

Шүр бол амьд амьтан бөгөөд дэлхийд 5000 гаруй зүйлийн шүр  байдаг аж. Гадуураа хуягтай хөндий биетэй энэ амьтан олон  тэмтрүүлтэй, түүгээрээ далайн жижиг загас болон бусад амьтдыг барьж амруугаа хийж хооллодог. Хатуу хуягны 88 хувь нь карбонат кальци мөн магни, төмөр, органик бодис агуулна.  .Хуяггүй ч бас байна. Суумал амьдралтай нь ургамал шиг нахиалж мөн эр эм эсүүдээ амаараа гадагш цацаж тэдгээр нь үр тогтож, хэдэн долоо хоноод жижиг авгалдай шиг болох ба, түрүүчийн хуяг дээр бууж бэхлэгдэн амьдарч эхлэнэ. Маш олноор чигжүү хатуу гадаргуйд бэхлэгдэн ургаж, үржиж, үхэж үрэгдсээр зөвхөн хуяг дуулга нь л үлдэнэ. Тэр хуяг дуулгууд хэдэн метр өндөр, хэдэн тонн жинтэй шүр, шүрэн арлыг үүсгэнэ. Хатуу шүр  мөөгөн, тархин, бугын эвэр шиг хэлбэр дүрстэй. Гэхдээ маш удаан, жилд 75 миллиметр л ургана. Хатуу шүр хэдэн зуун мянган жилийн туршид буй болдог баялаг юм.

Шүр ургадаг нөхцөл маш нарийн 18-22С нэг хэм доош дээш хэлбэлзэхэд  ургахгүй болчихоно. Түүнээс гадна дэлхийн дулаарал, далайн шуурга, од, хүний тарьсан хог  гээд дайсагнагчид ч мундахгүй их. Ихээхэн эмзэг экосистем далай болгоны усанд ургаад байхгүй халуун бүсийн тэнгис далайд таатай нөхцөлд ургана. Энд 400 гаруй зүйлийн шүр ургадаг. Зөөлөн шүр улаан, шар, улбар шар хүрэн, хар, ягаан, саарал янз янзын өнгийн судалтай. Шүр зурнаа гэвэл зураачийн  гар цуцмаар санагдахуйц ёстой л зүсэн зүйлээрээ байх юм. Шүр иддэг амьтан далайн янз бүрийн одууд байдаг. Нэг Терновын титэмт гэгч од жилд таван метр квадрат талбайн шүрийг дуусгадаг, мөн  хог хаягдал далайн бохирдол, хэт дулаарал зэргээс дэлхийн нийт шүрэн аралын 20 хувь нь сөнөсөн гэнэ. Энэ янзаар бол 2050 онд бүрмөсөн устана гэдэг тооцоог эрдэмтэд хийгээд байгаа нь харамсалтай юм.

Шүрэн эдлэлийг хүн төрлөхтөн 25 мянган жилийн өмнөөс хийж иржээ. Манайд улаан шүрийг үнэлэж дээдэлж ирсэн бөгөөд 10-200 метрийн гүнд ургадаг, өнгөлгөө сийлбэр хийхэд сайхан, олон үндэстнүүд аз жаргал, үхэшгүй мөнх, даруу зөөлөнг бэлэгддэг ба муу нүд, атаа хорсолоос хамгаалдаг гэдэг. Манай ард түмэн ухаан, зөн нэмдэг цээж сайтай болгодог гэж үздэг. Юу болоод шүрний тухай бичээд байна гэвэл байгалийн нөхөгддөггүй баялгаа дэлхийн анхаарлын төвд оруулан, түүнийг үзэхээр ирсэн аялагч, жуулчдын мөнгөөр амьдардаг. Австраличууд бодлого айхтар юм гэдгийг хэлэх гэсэн хэрэг.

Аугаа шүрэн арлуудын амьтан олон янз. 1500 гаруй зүйлийн загас байх ба дотроо тоть, эрвээхий загас, усны хөхтөн судалт, бага, бөхтөр халим, далайн гахай, аврага яст мэлхий, хавч хэлбэртэн наймаалжууд гээд нэн олон янз. Бас дэлхийн хамгийн хортой хөх хөлт наймаалж гээд хаана ч байхгүй амьтан зөндөө .Ертөнцийн баячууд байгалийн  энэ хосгүй, өөр хаана ч байхгүй гэсэн сайханыг үзэх гэж жилийн туршид энэ тиврүү зориостой.

 Хатан хааны халуун чийглэг ой

 Жилийн туршид бороотой, есөн мянган километр квадрат нутаг бүхий хэдэн арван сая жилийн өмнөх шигээ унаган төрхөөрөө байгаа гайхалтай сайхан ойг дэлхийн байгалийн өвд 1988 онд оруулсан байна. Ховор 380 зүйл ургамал, 102 зүйлийн устаж байгаа амьтад амьдардаг. бауг тивийн уутат амьтдын 58, сарьсан багваахайн 29, эрвээхийн 58, шувуудын 40, хэвлээр явагчдын 20 хувь нь энд тархжээ. Энд жилийн дундаж хур тунадас 4000 мм, зуны ид, халуун 31С 28-17С хэлбэлздэг. Манго жимсний модон ой 136 км квадрат талбайд үргэлжилнэ. Хортой, хоргүй могой, янз бүрийн аалз, цох, шавж ихтэй юм.

Фрейзер арал

Шүрэн тэнгист уугуул иргэд аборигенчүүдын нэрлэдгээр Кгари-диваажин нэртэй арал мөн л Квинслендээс дэлхийн байгалийн өвд 1992 онд бүртгүүлсэн.Тэртээ он жилүүдэд Англичүүд арлын  арав гаруй омгийн иргэдийг хайр найргүй хядсан гашуун түүхтэй юм билээ. Ногоон тивийн диваажингийн арлын урт нь 110, 7-23 км өргөн элсэн манхантай. Төв хэсэгтэй дөч гаруй цэнгэг нууртай. Зарим нуур элсээр шүүгдсээр байгаад бараг нэрмэл ус шиг цэвэр, ямар нэгэн амьтан амьдрах боломжгүй тунгалаг болох ба хамгийн том Боэминген нуурын хэмжээ 200 га юм. Баруун эрэг тэр аяаараа манго жимсний мод, хулс, ойм, эвкаливт, далдуу ургасан  намагтай ба арлын зүүн далай тал цагаан элсэн наран шарлагын 100 км талбайн элсэн хөвөөгөөр хурдны тэргээр торох юмгүй жирийлгэх нь бас нэг гайхалтай амралт жаргал гэнэв. Мөн антарктид тив рүү  яваа бөгтөр халимыг 8,9 дүгээр сард олноор сүрэглэн, далайн усандаа хэрхэн наадахыг харах ховорхон  боломж ч байдаг байна.Энд 354 зүйлийн жигүүртэн дотор маш ховор газрын тоть, нарийн хөлт, шар шувуу байна. Цэнгэг нууранд хэдэн зүйлийн яст мэлхийтэй, бас шоргоолж идэштэн, тэмээн хяруул ему, опоссум, валлаби, ховор амьтны хүрээлэн гэсэн үг. Далайн сүртэй давалгаанд тэшигчид энд жинхэнээсээ жаргаж цэнгэдэг бололтой

Дорнод эргийн бороот ой

Брисвенээс Сидней орох замд торох үүлгүй цэнхэр тэнгэр үе үе гарч ирэх цэлгэр цэнхэр далай ийм өндөр ургасан модод ногоон ой байдагаа гэж гайхан явлаа. Австрали тив түүхэн газар зүйн хувьд 750-550 сая жилийн өмнө буй болсон супер тив Гондванын нэг хэсэг байсан бөгөөд энэ тивд одоогийн Өмнөд Америк, Африк, Энэтхэг, Арабын хойг, Мадагаскар, Шинэ зеланд, Австрали, Антарктид ордог байсан. Харин 150 сая жилийн өмнөөс салж эхэлсэн гэдэг ба хамгийн сүүлд 40 сая жилийн өмнө Австрали Антарктид тивүүдийг тусгаар болсон  гэж үздэг. Энэ тивийн амьтан, ургамлын аймаг яагаад давтагдашгүй эндемик, балар эртнийх шиг байгааг 400 сая жилийн өмнөөс тусгаарлагдсан гэж үзэх эрдэмтэд байдаг ба  19 дүгээр зуунд дэлхийг тойрсон Дарвин авгай хувьслын онолоороо нотолсон. Бас нэгэн дэлхийн байгалийн өв болох Дорнод эргийн бороот ой гэх 370 мянган га бүхий 50 тусдаа дархан цаазтай газар нутгийн тухай хэлье. Шинэ Уэльс, Квинсленд мужийг дамнан 500 км урт, Брисвенээс Нюькасл хотуудын хооронд том нуруудыг бүрхсэн халуун орны бороот ой. Манайхан ярьдаг шиг “сэр сэр салхи бур бур бороотой”, бүр эртний сөнөсөн галт уулийн тогоо, гүн гүн ангал усаар тусгаарлагдсан ногоон ширэнгэн ой, хаа сайгүй хүрхрээ хүржигнээд, түмэн зүйлийн шувууд дуулсан, Австралийн ургамлын овгийн 50 хувь, сүүн тэжээлтэн,  шувуудын зүйлийн дөрөвний гурав нь шивээлсэн дэлхийд хосгүй халуун орны бороот ойд очиход сүрдмээр юм билээ.

А.Оюунчимэг (орчуулагч, зохиолч) 

Өнөөдрийн онч үг

42 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.