УИХ-ын гишүүн О.Баасанхүүг АТГ-аас шалгаж эхэлсэн гэлээ

2017-12-25 Нам хөдөлгөөний амьдрал

Хэвлэлийн бага хурал

Монголын залуу хуульчдын “Хос дэнс клуб” ТББ-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй холбоотой асуудлаар АТГ, Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар тус ТББ-ын тэргүүн А.Гантамир өнөөдөр /2017.12.25/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Төрийн ордонд УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хамтраад МАХН-ын II их чуулган гэдэг зүйлийг хийсэн. Энэ нь хуульд нийцэж байгаа эсэхэд манай залуу хуульчдын клуб хөндлөнгийн дүн шинжилгээ хийсэн талаараа өмнө нь мэдээлж байсан. УИХ-ын гишүүний үүднээс О.Баасанхүү гишүүнийг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүний нэр төр, бүрэн эрхийг хувийн зорилгодоо ашиглахыг хориглоно гэж заасан. Гэтэл О.Баасанхүү УИХ-ын гишүүний нэр төр болон бүрэн эрхээ намын дарга болох хувийн эрх ашигт ашиглаж, Төрийн ордонд хурал зөвлөгөөн зохион байгуулсан.  Үнд­сэн хуулийн 1.2-т заасан хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэдэг зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн  Их хурлыг зохион байгуулсан санхүүжилтыг хаанаас авч, яаж зар­цуулсан бэ гэдэгт тайлбар гаргуулахаар АТГ-т хандсан.  Улс төрийн намын тухай хуульд иргэн, аж ахуйн нэгж тухайн намд хандив өгч болно. Гэхдээ тухайн шатны намын байгууллага, анхан шат­ны байгууллагын дансаар дамжуулна гэж заасан. Гэтэл О.Баасанхүү гишүү­ний хуралдуулсан их чуул­ган ямар нэг намын дансаар орж ирсэн хан­диваас бүтсэн зүйл байхгүй. Хувийн дансаар мөнгө авсан байхыг үгүйсгэхгүй.  Улс төрийн намын тухай хуульд хан­дивтай холбоотой бас нэг заалт бий. Иргэн улс төрийн намд хандив өгөх дээд хэмжээ нэг сая төгрөг байна. Гэтэл О.Баасанхүү гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Чуулганд зар­цуулсан 150 сая төг­рөгийн хандивыг Баянгол зочид буудалд өөрөө бэлнээр аваачиж өгсөн. Үүнийг МАХН-д байсан нэр бүхий хүн хандив болгож өгсөн” гэж ярьсан. Тиймээс энэ үйлдэл нь хууль зөрчсөн байх үндэслэлтэй учраас АТГ-т хандсан. Тухайн санхүүжилт УИХ-ын гишүүнд хандив нэрийд­лээр өгсөн авлигын шинж чанартай байхыг үгүйсгэхгүй тул хандивтай холбоотой хэсгийг дэл­гэ­рэн­гүй шалгаж өгөхийг хүссэн” гэв.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.