Д.ШИЖИРБААТАР: АРД ТҮМНИЙ САНАЛ ҮНЭГҮЙДЭЖ БОЛОХГҮЙ

2017-12-25 Нам хөдөлгөөний амьдрал
f538281f0861c0a34a7c69882f1788ff.jpg

 

Сүхбаатар аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг төрийн хуулийг хэрхэн зөрчиж буй талаар тус аймгийн АН-ын хорооны дарга М.Идэрбат, ИТХ-ын төлөөлөгч Д.Хосбаяр, Д.Шижирбаатар нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус аймгийн ИТХ-д үүссэн зөрчлийн талаар Д.Шижирбаатараас дараах асуултад хариулт авсан юм.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн ИТХ-д ямар нөхцөл байдал үүсээд байна вэ?

-Сүхбаатар аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдааныг энэ сарын 13-ны өдөр хуралдуулахаар ИТХ-ын тэргүүлэгчид шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн 16 төлөөлөгч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол хурлын 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу аймгийн Засаг дарга З.Энхтөрийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх асуудалд оруулах санал гаргасан юм. Гэтэл хоёр намын бүлгийн төлөөлөгчдийн санал тэнцэж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталж чадаагүй. Ингээд аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат эл асуудлаар хоёр намын бүлгийг зөвшилцөлд хүрэх хүртэл хуралдааныг завсарлуулсан. Зөвшилцөлд хүрч амжаагүй байхад МАН-ын бүлгийн 16 төлөөлөгч энэ сарын 21-ний өдөр ИТХ-ын нийт гишүүдийн 48.5 хувийн ирцтэй хуралдаж, аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбатыг огцруулж, шинээр ИТХ-ын даргыг сонгож, тамга, тэмдэггүй шийдвэр гарган төрийн хуулийг бүдүүлгээр зөрчлөө. Энэ мэтчилэн хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гарсан. Эдгээр хууль бус үйлдлийг манай намын бүлэг хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэдийн хурлын даргаа ямар шалтгаанаар огцруулж байгаа юм бэ?

-Би ер ойлгохгүй байгаа юм. МАН-ын 16 төлөөлөгчтэй хууль бус хурлаар ИТХ-ын хууль ёсны даргыг огцруулж, дахиад тамга, тэмдэг хийлгэнэ гээд явж байгааг юу гэж ойлгох вэ. Аливаа хурал асуудлаа олонхоор шийддэг. Гэтэл манайд ИТХ дахь МАН-ын16 төлөөлөгч шийдчихэж байна. Ингэж болохгүй.

-Та бүхнийг хуралдаа сууддаггүй гэх юм. Шалтгаанаа тайлбарлаач?

-Сүхбаатар аймгийн нийт сонгогчдын 60 орчим хувь нь АН-ыг сонгосон байтал бидний бодлого хэрэгжихгүй, санал хүндлэгдэхгүй байна. Яагаад биднийг оролцуулалгүй төсөв, төлөвлөгөөгөө баталж, ард түмний 60 хувийн төлөөллийн үгийг сонсохгүй, саналыг харгалзахгүй байгаа юм бэ. Ард түмний санал үнэгүйдэж болохгүй. Ийм л асуудлыг бид тавьсан. Түүнээс бид сандал, ширээний төлөө тэмцээгүй. Тиймээс асуудлаа ярилцаад зөвшилцөх хэрэгтэй байна. УИХ дахь олонхын бүлгээрээ түрий барьж асуудлыг хүндрүүлж таарахгүй.

Нөхөн сонгууль зарлаад асуудлаа шийдэж болоогүй юм уу?

-Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас сонгогдсон МАН-ын нэр дэвшигч хууль зөрчсөн нь тогтоогдсон учраас нөхөн сонгууль явуулах шаардлага гарсан. Ингээд нөхөн сонгуулиар АН ялж, 17 төлөөлөлтэй болсон. Гэтэл МАН сөрөг үйл ажиллагаа явуулж, олонхын санал авсан төлөөлөгчийг гэмт хэрэгт холбогдуулан татсан. Үүнээс болоод өнөөдөр хоёр намын бүлэг 50, 50 хувийн төлөөлөлтэй болчихоод байгаа юм. ИТХ-ын тэргүүлэгчдийн олонх нь МАН-ын төлөөлөл байдаг. Сонгууль явуулах эрх тэдэнд бий. Өнгөрөгч аравдугаар сард нөхөн сонгууль явуулах боломж байсан ч явуулаагүй. Цаашид нөхөн сонгууль явуулж асуудлаа нэг тийш нь шийдэхгүй бол зөрчил хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.