Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзан эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл манай эрүүл мэндийн салбар Япон Улстай хамгийн ойр ажиллаж ирсэн ажлын түүхэн туршлагатай гэдгийг онцлоод ач холбогдол өндөр олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буйгаа хэллээ. Тухайлбал, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу ЖАЙКА-тай хамтран төслийн бус буцалтгүй тусламж болон “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдал” техникийн хамтын ажиллагааны төслийг тус тус хэрэгжүүлж байна. Мөн Амгаланд барьж буй АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн барилга бүтээцийн үндсэн ажил дууссанд талархаж буйгаа илэрхийллээ.
Элчин сайд Масато Такаока хэлэхдээ, Сургалтын бааз эмнэлгийг байгуулах ажил ирэх 2018 оны долдугаар сард дуусна. Тухайн эмнэлэг ашиглалтад орсноор Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээнд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна гэв.
Цаашид хамтын ажиллагааны хүрээнд Японы уламжлалт эмчилгээ Жүдо бариа заслын аргыг нэвтрүүлэх, сургагч багш бэлтгэх төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Нагояагийн их сургуультай хамтран “Залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд докторантурын сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, ЖАЙКА-гийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар харилцан ярилцсан юм.
87430
30698
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.