“Дэлхийн хүн амын байдал-2017” тайланг танилцууллаа

2017-11-2 Мэдээ мэдээлэл

НҮБ-ын Хүн амын сангаас жил бүр эрхлэн гаргадаг “Дэлхийн хүн амын байдал-2017” тайланг танилцууллаа. Тайланд ядуу эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхгүй бол дэлхийн хөгжлийн зорилтод хүрч чадахгүйг анхааруулжээ. Тиймээс ядуу эмэгтэйчүүдэд гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхгүй бол эдийн засагт хүндрэл учирна гэж үзэж байна. НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара энэ үеэр  “Монгол Улсын хувьд тэгш бус байдалд илүү анхаарах шаардлагатай болжээ. Үүний нэг хэлбэр нь нөхөн үржихүйн эрхийг хангах тухай асуудал. Дэлхийн хамгийн ядуу эмэгтэйчүүд хөдөөгүүр байгаа бөгөөд  энэ нь эмэгтэйчүүдийн ажил, амьдралд сөргөөр нөлөөлж байна. Монголд бараг гурван хүний нэг нь ядуу амьдарч байна. Эндээс үзвэл эмэгтэйчүүд жирэмслэлтээс сэргийлэх арга, холбогдох мэдээллийг авч чадахгүй, улмаар ядуурлын эргүүлгээс гарч чадахгүй улам ядуурч байна. Мөн ядуу таван эмэгтэй тутмын нэг нь л жирэмсний хяналтад хамрагддаг бол чинээлэг эмэгтэйчүүдийн хоёр эмэгтэй тутмын нэг нь хамрагдаж байна. Эмэгтэйчүүд нөхөн үржихүйн асуудлаа хянадаг болсноор сурч боловсрон, ажил эрхэлж, цалинтай, эдийн засгийн эрх мэдэлтэй болдог” гэлээ.

Түүнчлэн “Монголд эдийн засгийн тэгш бус байдлыг шийдвэрлэхийн тулд гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцэээг шийдэж, эмэгтэй хүн хэзээ, ямар зайтай, хэдэн хүүхэдтэй болохоо төлөвлөдөг орчинг бүрдүүлэх ёстой. ” гэж байлаа. Тайланд дурдсанаар гэр бүл төлөвлөлтийн талаарх мэдээлэл хомс байгаагаас хөгжиж буй орнуудад 89 сая хүсээгүй жирэмслэлт, 48 сая үр хөндөлт гардаг юм байна.

Сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “НҮБ-ын Хүн амын сангаас жил бүр дэлхийн хүн амын байдлын талаар тайлан гаргадаг. Энэ жилийн хувьд “Хамгийн холд нь эхэлж хүрэх” уриатай ажиллаж байгаа юм  байна. Монголчууд бид уриалгыг хүлээн авч байна. Яагаад гэвэл ядуугаас болоод эмэгтэйчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, өөрт ойрхон байдлаар авч чадахгүй байгаа. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал нь ядууралтай холбоотой. Эхийн эндэгдэл өнгөрсөн жилээс 50 хувиар буурсан ч энэ оны эхний найман сарын байдлаар 14 эх энджээ. Нялхсын эндэгдэл өнгөрсөн жилээс 358-аар буурсан ч 825 хүүхдээ алдаад байна. Мөн одоогийн байдлаар энэ жил 18 мянган эмэгтэй үр хөндүүлсэн байна. Засгийн газар энэ чиглэлд ажиллаж байгаа. Ядуурал, эмэгтэйчүүдийн энэ асуудал нь ажилгүйдэлтэй холбоотой. Цэцэрлэгийн насны 240 мянган хүүхдийн 60 мянган нь цэцэрлэгтээ явж чадахгүй байна. Хөдөлмөрийн насны олон мянган ээж гэртээ, хүүхдээ хараад сууж байгаа. Тиймээс шинэ Засгийн газрын хэрэгжүүлэх эхний ажил бүх хүүхдийг цэцэрлэгтэй болгох. Үүнд 2018 оны төсвийг зориулж байгаа. ЭМЯ эрүүл мэндийн боловсролыг цоо шинэ түвшинд гаргахаар ажиллаж байгаа. Мэдээлэлгүйгээс болоод үр хөндүүлдэг байдлыг илааршуулахаар ажиллана” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.