Нөхөн олговоргүйгээр зургаан лицензийг цуцлах боломжтой

2017-02-22 Байгаль орчин

Цуврал 2

-12/12  нурууны хилийн заагийг тогтоох ажил удааширсаар байна-

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын хойд хэсэгт орших Тост, Тосонбумбын нурууг өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-аас тусгай хамгаалалтад авсан боловч өнөөг хүртэл хилийн заагийг тогтоогоогүй байгаа билээ.

Тус нурууг яагаад хамгаалах тухай дэлгэрэнгүй бичвэл сонины хэдэн нүүр дамнана. Хамгийн гол хоёр шалтгааныг шигшин дурдвал тус нуруу нь дэлхийд нэн ховор, тэр дундаа Монгол орны говийн бүсэд тархац нутаг нь улам хумигдаж байгаа цоохор ирвэс болон аргаль, янгир, ёл зэрэг ховор амьтад, жигүүртний өлгий нутаг болдог. Мөн Говь гурван сайханы байгалийн цогцолбор газар, Говийн их дархан цаазат газрын хоорондох амьтдын (мазаалай, хавтгай гэх мэт) нүүдэл бүхий коридор нутаг билээ.

Ихэнх хүний хувьд хууль тогтоох хамгийн дээд байгууллагаас Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан тул санаа зовох зүйлгүй хэмээн бодож байгаа. Гэвч УИХ-аас Засгийн газарт хилийн зааг тогтоохыг даалгасан ч өнөөг хүртэл биеллээ олоогүй байна. Энэ нь тус нуруунд цуцлагдаагүй үлдсэн хайгуулийн зургаан лицензтэй холбоотой. Энэ тухай Гурвантэс сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Дэжид “Хамгийн гол нь цуцлах үндэслэл нь байгаад байхад Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) өнөөдрийг хүртэл цуцлахгүй байна. Энэ тусгай зөвшөөрлүүд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр учир Засгийн газар Тост, Тосонбумбын нурууг хамгаалалтад авсанаар дээрх компаниудад нөхөн олговор төлнө. Үгүй бол тус нурууг тусгай хамгаалалтад бүхлээр нь авах боломжгүй гэсэн бодолтойгоор АМГТГ байгаад байна. Гэтэл энэ компаниуд 2013 оноос хойш хайгууль хийгээгүй, очиж ажиллаагүй. Тиймээс цуцлах үндэслэлүүд хангалттай байна гэж харж байгаа” хэмээсэн.

Мөн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл зургаан лицензид нөхөн олговор өгөхгүйгээр хуулийн дагуу цуцлах хангалттай үндэслэл бий хэмээн үзэж байгаа аж. Энэ тухай “Нийт зургаан тусгай зөвшөөрлийг цуцлахыг АМГТГ-ын кадастрын хэлтсийн даргад даалгаж өгөөч гэж шүүхэд хандсан. Дараах цуцлах үндэслэл бий. Ашигт малтмалын тухай хуулийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан. Тухайлбал, 33 дугаар заалт дээр нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч эхний 1-3 жилдээ тийм хэмжээний доллар, 4-6 жилдээ тийм хэмжээний долларын ажил хийнэ гэх зэргээр 12 жил хүртэл хийх ажлыг нарийн зааж гаргасан байдаг. Ийм ажлыг гектар тутамдаа хийх ёстой. Үүнийг хийгээгүй бол дээрх үндэслэлээр лицензийг ямар нэг нөхөн олговор өгөхгүйгээр цуцлах ёстой. Энэ үндэслэлээр цуцлах хүсэлт тавьсан. Гэвч АМГТГ-аас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, 2013-2016 он хүртэл жил бүр энэ ажлыг хийж, тайлангаа баталгаажуулж байсан гэсэн зүйлийг шүүхэд гаргаад өгчихсөн байдаг. Гэтэл бодит байдал дээр сумын ИХТ болон байгаль орчны улсын байцаагчийн дүгнэлтээр энэ компаниуд ерөөсөө ажил хийгээгүй гэдгийг тодорхойлоод гаргаад өгчихсөн” хэмээсэн юм.

Өөрөөр хэлбэл, Тост, Тосонбумбын нурууны тусгай хамгаалалтад авах хилийн заагийг тогтоохын тулд дээрх зургаан лицензийг цуцлах шаардлагатай. Үүний тулд Засгийн газраас нөхөн олговор өгөх ёстой. Хэрэв нөхөн олговор өгөх бололцоогүй бол уг лицензийн талбайнуудыг тойруулж хилийн цэсийг тогтоох шаардлагатай болж байгаа юм. Энэ тохиолдолд тус нурууг хамгаалах үндсэн зорилго алдагдана. Нөхөн олговрын хэмжээ албан бус мэдээгээр 40 орчим тэрбум төгрөг хэмээн яригдаж байгаа гэнэ. Харин орон нутгийн засаг захиргаа, шүүхэд нэмэмжлэл гаргасан төлөөлөл, өмгөөлөгч нар дээрх зургаан лицензийг цуцлахад нөхөн олговор өгөх шаардлагагүй хэмээн үзэж дээрх үндэслэлийг хэлсэн. Нэг үгээр хэлбэл, дээрх зургаан лицензийг эзэмшиж байгаа компани хуулийн дагуу хайгуулийн ажил хийж, их хэмжээний хөрөнгө зараагүй. Иймд нөхөн олговор өгөх үндэслэлгүй хэмээж буй аж.

 Өрөм тавьж хайгуул хийгээгүй

 Иймээс манай сурвалжлах багийнхан тухайн зургаан лицензийн талбай дээр хайгуулийн ямар ажил хийгдсэн тухай тодруулахаар өмнийн говийг зорьсон юм. Бидний хамгийн эхэлж уулзсан хүн бол Гурван  тэс сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Атар байв. Тухайн орон нутагт лиценз эзэмшигч компани өрөмдлөг, хайгуул хийхээс өмнө заавал орон нутгийн засаг захиргаагаар байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэдгийг батлуулах ёстой аж. Мөн барьцаа хөрөнгө байршуулдаг байна. Энэ нь хайгуул хийх явцад байгаль орчинд үүссэн нөлөөллийг арилгах төлөвлөгөө аж. Түүнчлэн, нөхөн сэргээлт хийлгүй явахаас сэргийлж барьцаа болгож мөнгө байршуулдаг байна. Хэрэв өрөм тавьж, хайгуул хийсэн тохиолдолд сумын байгаль орчны улсын хяналтын байцаагчид заавал танилцуулах учиртай аж. А.Атар зургаан лицензтэй холбоотой дараах тайлбарыг өгсөн юм.

-“Намуунт од” компанийн хувьд 2008, 2009 онд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө батлуулаад, энэ хугацаанд 1 сая 350 мянган төгрөгийн барьцаа хөрөнгө байршуулж байсан. Тухайн онд зураглал, дээж авах гэх мэт ажлууд хийгдсэн. Харин 2010-2011 онд байгаль орчны төлөвлөгөө батлуулаагүй. Яагаад гэвэл 2010 онд тухайн талбайд сунгалт хийх хугацаа дууссан. Тухайн үед орон нутгаас энэ компанийг дахиж үйл ажиллагаа явуулуулмааргүй байна гэдэг байдлаар төлөвлөгөөг нь батлаагүй. Үүнээс болоод шүүхдсэн. Ингээд “Намуунт од” компани 2012 оны дөрөв дүгээр сарын 26-нд 151 дүгээр шүүхийн шийдвэрээр тухайн талбайн эрх дахин сэргээгдсэн. Эрх нь сэргээгдээд 2013-2015 онд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө ирүүлсэн. Батлуулсан. Гэхдээ ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. Өрөмдлөг, суваг шуудуу малтах ажил хийгдээгүй. 17 ширхэг дээж авсан. Тийм л мэдээлэлтэй байна.

-“Мөнхийн номхон далай” компанийн хувьд дээрхтэй адилхан. 2008 онд анх байгаль орчны төлөвлөгөө батлуулж байсан. Тухайн үедээ 150 мянган төгрөгийн барьцаа байршуулсан. 2010-2011 онд байгаль орчны төлөвлөгөө ирүүлээгүй, батлуулаагүй. Шалтгаан нь “Намуунт од”-той ижил. Хугацаа сунгалт хийлгэх үеэр орон нутгаас батлаагүй. Ингээд шүүхдээд 2012 онд талбайн эрх дахин сэргэсэн. 2012-2013 оны байгаль орчны төлөвлөгөөгөө ирүүлсэн. Батлуулсан. Гэхдээ ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй.

-“Элбэг орд” компани байгаа. Анх 2008 онд “Гранд формул” гэж компанид олгож байсан юм байна. Тэгээд 2011 онд “Элбэг орд” компани шилжүүлж авсан. 2009-2013 оны хүртэлх хугацаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө ирүүлсэн. Батлуулсан. 750 гаруй мянган төгрөгийн барьцаа хөрөнгө байршуулсан. 2013-2015 оны хугацаанд төлөвлөгөө батлуулаагүй. Ямар ч үйл ажиллагаа явуулаагүй.

-“Эн Си Ар Ай” гэж компани бий. 2011 оноос хойш төлөвлөгөө ирүүлээгүй. Би мэдэхгүй байна. Ямар ч ажил явуулаагүй.

-“Эф Эм Ай” гэж бий. 2013 оныг хүртэлх хугацаанд төлөвлөгөөгөө ирүүлж байсан. Тухайн үедээ дээж авах гэх мэт ажил хийж байсан. Өрөмдлөгийн ажил хийгээгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Тэрбээр мөн “Бид 2008, 2010 оноос хойш Тост, Тосонбумбын нурууг орон нутгийн тусгай хамгаалалт цаашлаад улсын тусгай хамгаалалтад оруулахаар янз бүрийн аргаар үзсэн. Орон нутгийн хамгаалалтад авсаны дараа АМГ-ын кадастрын хэлтсийн бүртгэлд оруулсан. Ингээд сумын ИТХ-аас орон нутгийн хамгаалалтад авсан Тост, Тосонбумбын нуруунд хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохгүй, хугацаа дуусч байгаа хайгуулийн тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх шийдвэр гаргасан. Түүний дагуу лиценз эзэмшигч компаниуд төлөвлөгөө ирүүлсэн ч батлаж өгөөгүй зүйл байгаа” хэмээн хэлсэн.

Малчид гарын үсгээ цуглуулжээ

 Хэдийгээр хариуцсан байцаагч нь компаниуд нөөц тогтоох зорилгоор өрөм тавиагүй гэдгийг батлан хэлсэн ч орон нутгийн малчидтай уулзаж баталгаажуулахыг хүссэн юм. Иймд бид сумаас хойш 45 гаруй км-т орших Тост, Тосонбумбын нурууг зорилоо. Бидний эхний уулзсан хүн бол Тост багийн малчин З.Алтансүх байв. Тэднийх “Элбэг орд” компанид олгосон лицензийн талбайд нутагладаг аж. Үе удмаараа нутаглаж ирсэн, нутаг орныхоо байдлыг сайн мэднэ хэмээн биднийг угтсан юм. Тэрбээр “2009, 2010 оны үед пургонтой, жийптэй хүмүүс хааяа нэг явж харагддаг байсан. Уулын бэлээ дагаад хэсээд явна. Хэмжээ авдаг юм уу яадаг юм бүү мэд. Харин техник авчирч, өрөм зоосон зүйл үзээгүй. Лицензийн талбай нь Ар шавгаас зүүн тийш Хошуу ус, Зангад хайрханаас нааш байдаг гэж сонссон. Бид энэ хавиар үе удмаараа нутаглаж ирсэн. Хэрэв ухвал нүүх газар байхгүй. Малгүй бол улс орон, ард түмний аж байдал дээшлэх нь хэцүү шүү дээ“ хэмээн ярилаа.

Мөн Тост багийн малчин, Оюут нөхөрлөлийн ахлагч Д.Амарсайхантай уулзлаа. Тэрбээр “Тост, Тосонбумбын нурууг хамгаалахын тулд таван нөхөрлөл байгуулсан. Тус нурууг тав хуваасан гэсэн үг. Манай Оюут нөхөрлөл 54 мянга гаруй га газар хариуцдаг. “Элбэг орд” гэж компанийн лиценз манай газар дээр байгаа. Нийт 14 мянга гаруй га газар хамардаг гэсэн. Бид энэ хавиар нутаглаж байгаа хүмүүсээс гарын үсэг цуглуулсан. Нийт 29 өрх байдаг юм. Би бүх айлаар орж ямар нэг хайгуулын ажил хийгдэж, өрөм тавьсан, кэмп байгуулж том техник авчирч ажилуулсан уу хэмээн асуухад үгүй гэж айл бүрээс төлөөлөл болж 35 хүн гарын үсэг зурсан. Зарим айлын өрхийн тэргүүн, гэрийн эзэгтэй хоёул зурсан байгаа. Үүнийгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай усамнд уулзалт хийх үеэр гардуулан өглөө. Миний хувьд ямар ч байсан өөрийнхөө хариуцсан хэсгийн айлуудаар орсон. Бусад дөрвөн нөхөрлөл гарын үсэг цуглуулсан гэсэн. Уулзаж амжаагүй болохоор мэдэхгүй байна. Ер нь манай нутгийнхан бүгд зургаан лицензийг цуцлуулж нь энэ нуруугаа хамгаалж үлдэх энэ төрөөс хүсэх хамгийн дээд хүсэл минь тэр байна” хэмээсэн юм. Бид энэ тухай цувралаар хүргэх болно.

Өнгөрсөн зууны  археологийн шинжлэх ухааны хамгийн цуутай нээлт болсон Ноён уулын булш нь тухайн бүс нутгийг дэлхий дахинд алдаршуулсан бөгөөд уг газарт Хүннүгийн үеийн асар олон булш байдаг нь эрдэмтэн, судлаачдад илүү гайхамшигт олдворууд дахин олдоно гэсэн итгэл үнэмшил төрүүлдэг.  Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалын хамгийн гол салбарын нэг нь Хүннү судлал юм. МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандсан нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан монголчуудын өвөг дээдсийн булш бунхан, гайхамшигт дурсгал бүхий эртний тахилга сүлдэт уг газрын хэвлийд 75 тонн алт байгаа нь геологичид, уурхайчид, банк санхүүгийнхнийг хошууруулдаг.

Говийн байгалийн гайхамшигт баянбүрд, ургамал амьтдын диваажин болох Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумын нуруу орчимд уул уурхайн зургаан компанийн арав орчим тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд уул уурхайн компаниуд тус бүс нутагт олборлолтын үйл ажиллагаа явуулбал тус сум бүхэлдээ уурхайн талбай болох юм.

Дээрх бүс нутгуудыг Монгол төрийн хууль тогтоох байгууллага болох УИХ-аас Тусгай хамгаалалтад оруулахаар тогтоолын төсөл баталсан ч өнөөх л замбараагүй олгосон тусгай зөвшөөрлийн уршигаар өдийг хүртэл маргаантай байсаар байгаа бөгөөд “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс “Центерра гоулд” компани олборлолт явуулж эхэлбэл амь насаа өргөнө гэх мэдэгдлийг гаргаад байгаа юм.

                                                  Уул уурхайн салбарт баримтлах суурь зарчим алдаатай

Шүүх дээр очиж буй уул уурхайн тусгай зөвшөөрөл тойрсон маргаан нь бусад хэрэгтэй харьцуулахад нэг онцлогтой байдаг. Өөрөөр хэлбэл, шүүхээр дамжсан уул уурхайн олон лиценз нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Гадныхан уг нөхцөл байдлыг “Монгол Улсын хууль эрхзүйн орчин хөрөнгө оруулагчдад тааламжтай бус” хэмээн тайлбарлаж, манайх руу урсах валютыг хязгаарлахад тодорхой нөлөө үзүүлж байна.

Тэгвэл эцсийн дүндээ байгаль орчин хамгаалал, уул уурхайн салбарт баримтлах суурь зарчим алдаатай байгаа нь асуудлыг ийн хүндрүүлж буй хэмээн судлаачид үзэж байна. Тодруулбал, өндөр хөгжилтэй улс орнуудад хайгуулийн лиценз олгохоос өмнө байгаль орчны үнэлгээг түрүүлж хийх зарчим мөрдлөгө болдог. Энэ нь тухайн бүс нутгийг ургамал, амьтан, байгаль экологид гүйцэттгэх үүрэг, түүхийн дурсгал, хүн ардын тогтвортой амьдрах суурь нөхцөл зэрэг олон үзүүлэлтийг судалж тодруулдаг. Ингэснээр тухайн нутгийн хүн ард, байгаль экологи, түүхийн хувьд уг газар ийм үнэ цэнэтэй гэсэн үнэлгээг гаргаж ирдэг. Үүний дараа хайгууль оруулна. Мэдээж хайгуулийн эцсийн зорилго нь ордын нөөцийг тогтоох явдал билээ. Хайгуулаар илэрсэн баялагийг олборлож борлуулснаар улсын төсөвт ямар нэмэр болох, компани ямар хэмжээний орлого олох, мөн байгаль орчны нөхөн сэргээлтэд хэдий хэмжээний мөнгө төсөвлөх бололцоотой зэрэг ерөнхий ТЭЗҮ-г бий болгоно. Ингэснээр нэг талд байгаль орчны үнэ цэнийн үнэлгээ, нөгөө талд тухайн ордыг ашигласнаар бий болох ашиг гарч ирнэ. Одоо үүнийг харьцуулна.

Хэрэв тухайн ордыг ашиглахад төр, хувийн хэвшил зэрэг бүх оролцогч тал ашиг хүртээд нэмээд байгаль орчныг нөхөн сэргээх хуримтлал бий болгож чадах тооцоолол гарвал ордыг ашиглана. Харин тухайн ордыг ашиглаад олох ашиг нь тухайн газрын байгаль экологид гүйцэтгэж буй үүрэг, үнэ цэнээс давах боломжгүй гэж үзвэл ашиглахыг хориглодог. Өөрөөр хэлбэл, байгаль хэмээх үнэ цэнийг үүнд гол болгон авч үзэж байна.

Харамсалтай нь манайд энэ зарчим үйлчилдэггүй. Ямар ч үнэ цэнэтэй газар байсан хамаагүй ашиглана. Тэгээд илүү гарсан багахан мөнгөөр нөхөн сэргээсэн болно гэсэн зарчим баримталж байна. Үүний нэг тод жишээ нь Тост Тосонбумбын нуруу юм. Тус нуруу бол ирвэс, аргаль, янгир зэрэг дэлхийд нэн ховор амьтадын голомт нутаг, мазаалай, хавтгай зэрэг амьтадын коридор нутаг болдог. Мөн говийн хүн ардын усны нөөц бүхий сав газар, түүхийн хувьд үнэлж баршгүй дурсгалуудтай зэрэг үнэ цэнэ нь хөрсөн дор байгаа баялгаас нь хэдэн арав, магадгүй зуу дахин өндөр үнэлэмжтэй байсан. Гэтэл энэ бүхнийг тооцохгүйгээр лиценз олгодог. Эцэст нь орон нутгийн иргэд, судлаачид уг газрыг зайлшгүй хамгаалах ёстой гэж тэмцсэнээр лицензийн асуудлыг сөхөж тавиад, эргээд цуцлах асуудлыг тавьж эхэлдэг. Энэ нь Монгол төрийн нэр хүнд, хөрөнгө оруулалтын орчинд давхар хор хохирол учруулдаг.

Хамгийн харамсалтай нь аливаа шүүх хуралд Байгаль орчин аялал жуулчлалын яамны төлөөлөл, байр суурь огт явдаггүй. Тиймээс төрийн үүрэг хүлээсэн байгууллага нь байгаль хамгаалах, түүний үнэ цэнийг тодорхойлох үүргээ гүйцэтгэдэг. Үүнийгээ зохих байгууллагуудад нь хүргүүлж, лиценз олголт хийхдээ мөрдлөгө болгохыг сануулдаг. Ашигт малтмалын газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон судлаачдын дүгнэлтэд үндэслэж лиценз олгох эсэхээ шийдвэрлэдэг зарчмаар явбал сая зөв зүй тогтолд орох юм. Ер нь Тост Тосонбумбын нуруу байгаль экологийн хувьд асар өндөр үнэ цэнэтэй гэдгийг заавал салбарын яам гэлтгүй нутгийн иргэдээс эхлээд бүгд мэдэж байсан. Гэтэл зарим байгууллага чиг үүргээ мэдэхгүйгээс болж лиценз тойрсон их адаггүй маргаан шүүх дээр үргэлжилж байна.

 

 

 

 

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.