Хүүхдэд ээлгүй улсаар Монгол тэргүүлж байна

2018-01-11 Гэр бүл

Агаарын бохирдлын хөнөөлийг хүүхдүүд амиараа төлж байна

Монгол Улс эх орны ирээдүй болсон бяцхан багачууддаа хамгийн ээлгүй орноор тэргүүлж байна. Үүнд агаар болон хөрсний бохирдол, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ундны ус, эдгээрээс үүдэлтэй харшил зэрэг элдэв бусын өвчнөөс болж тав хүртэлх насны хүүхдүүд олноор хорвоог орхиж байна. Ялангуяа, үүнд агаарын бохирдол онцгой үүрэг гүйцэтгэж байна. Товчхон дүгнэж хэлбэл, агаарын бохирдлын хөнөөлийг хүүхдүүд амиараа төлж байна. Зарим хүн үүнийг арай дэгсдүүлсэн хэмээн хэлж болох ч ямар нэг нэмэр хачиргүйгээр бодит тоогоор дүгнэвэл ийм байна. Манай улс агаарын бохирдлоос үүсч буй эдийн засаг болон эрүүл мэндийн хор хохирлыг тооцож гаргадаггүй. Ийм сонирхол ч байдаггүй. Тиймээс олон улсын судалгааны мэдээллээс иш татахаас өөр аргагүй байна. Дэлхийн банкнаас гаргасан судалгаанд анхаарлаа хандуулна уу.

SOS!!!-1: 1000 амьд төрөлтөнд ногдох тав хүртлэх насны хүүхдийн эндэгдлээр манай улс тэргүүлж байна. Тодруулбал, манай улсад 1000 амьд төрөлт тутамд ногдох тав хүртлэх насны хүүхдийн эндэгдэл 22.4 байна. Гэтэл ижил төстэй Шри-Ланка улсад 9.8 байгаа юм.

SOS!!!-2: Орчны бохирдлын нөлөөллөөс шалтгаалсан 5-аас доош насны 100 мянган хүүхдэд ногдох нас баралт 19 байгаа нь хүний хөгжлөөр өндөр орнуудын дунджаас 17-оор их байна.

SOS!!!-3: Дотоод орчны бохирдол буюу нүүрстөрөгчийн исэл, дам тамхидалт, харшил, хортон шавьж устгах бодис зэргээс шалтгаалсан 5-аас доош насны 100 мянган хүүхдэд ногдох нас баралт 78 байгаа нь хүний хөгжлөөр өндөр орнуудын дунджаас 68-аар их байна.

SOS!!!-4: Бохир ус, цэвэрлэх байгууламж, эрүүл ахуйн шаардлага хангаагүй зэргээс шалтгаалсан 5-аас доош насны 100 мянган хүүхдэд ногдох нас баралт 198 байгаа нь хүний хөгжлөөр өндөр орнуудаас дунджаас 138-аар их байна.

Саяхан эцэг, эхчүүдийн зохион байгуулсан утааны эсрэг жагсаалын үеэр жил бүр агаарын бохирдлоос болж 500 хүүхэд хорвоог орхиж байгаа албан бус мэдээг дуулгасан юм.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд утааг бууруулахад зөвхөн улсын төсвөөс 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Уг хөрөнгийг гэрийн дулаалга, цахилгааны хөнгөлөлт, уурын зуухыг сайжруулах, утаагүй зуух тавих, сайжруулсан түлш үйлдвэрлэх зэрэгт зориулсан гэдэг. Гэвч үр дүн нь хаана байна вэ. Эцсийн дүндээ агаарын бохирдол бол төр засгийн ажлын чадамж, хариуцлагын нүүр царайны тусгал гэвэл буруудахгүй. Агаарын бохирдлыг амижлттай бууруулсан өндөр туршлагатай Мехико хотын мэргэжилтнүүдээс та бүхэн яаж энэ амжилтад хүрсэн бэ хэмээн асуухад “Төр гаргасан шийдвэрээ тууштай, яв цав биелүүлж чаддаг байх хэрэгтэй. Авлига, шунал байж болохгүй” хэмээн хариулсан байдаг.

Бага насны хүүхэд түлэгдэх явдал газар авлаа

Бага насны хүүхэд түлэгдэж эрүүл мэнд, амь насаараа хохирох үзэгдэл буурахгүй байна. Энэ нь эцэг, эхчүүд болон асран хамгаалагчид бага насны хүүхдээ гэртээ хараа хяналтгүй орхих, хүүхдүүд тоглож байгаад халуун ус татах, хүүхдийнхээ гар хүрэх газар халуун хоол цайгаа тавьсаны улмаас татаж унагах зэрэг олон шалтгаанаас үүдэлтэй аж. Манай улсын осол гэмтлийн нийт нас баралтын 13 хувийг 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтэл эзэлж байна. Бага насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг нь түлэгдэлт болоод байгаа нь харамсалтай. Өнгөрсөн онд ГСҮТ-д түлэгдэлтээр нийт 4059 хүн яаралтай тусламж авсны 62.2 хувь буюу 2525 нь 5 хүртэлх насны хүүхэд байжээ. Түүнчлэн нийт нас баралтын 14.4 хувийг эзэлж байгаа бөгөөд 76.5 хувь нь түлэгдсэн шалтгаанаар нас барсан гэх судалгаа байна. Түлэгдсэн шалтгаанаар нас барсан хүүхдүүдийн 77 хувь нь халуун хоол цайнд, харин үлдсэн 23 хувь нь халуун усанд түлэгдсэн байна. Дийлэнх нь биеийн олон хэсгийн 3-р зэргийн түлэгдэлттэй байжээ.

Бага насны хүүхэд түлэгдэхэд түлэгдэлтийн талбай нь бага ч бие мах бодь, арьсны физиологийн бүтцийн онцлогоос шалтгаалан гүн түлэгддэг аж. Иймээс  зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, улмаар насан туршид хөгжлийн бэрхшээлтэй болох эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйгээрээ хохирч ирээдүйд идэвхигүй амьдрах эрсдэлийг дагуулж байна. Сүүлийн жилүүдэд 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлт, нас баралт, түүнээс шалтгаалсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо буурахгүй байгаа нь энэ асуудалд зөвхөн эрүүл мэндийн байгууллагууд бус төр, хувийн хэвшлийн байгууллагууд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай болжээ.

Г.Батзориг

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.