ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан ажлын хэсгийн өчигдөр /2017.09.17/ Баянхонгор аймагт ажиллаж, дурангийн мэс заслын нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцлоо. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн болон холбогдох албаныхан оролцсон юм.
Баянхонгорчуудын хувьд энэ өдөр түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал болж буйг ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат онцолж, дурангийн хагалгааны орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжийг ЭМЯ-наас шийдвэрлэж, хүлээлгэн өгсөн гэдгийг дурдлаа. Түүнчлэн Цахим эрүүл мэнд төслийн хүрээнд хийж буй олон ажлыг нэг нь энэ гэдгийг тодотгов. Эрүүл мэндийн шинжлэх ухааны орчин үеийн шинэ технологийг Баянхонгор аймагт нийлүүлж, анхны мэс заслыг амжилттай хийлээ. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр эмчилгээний шинэ боломжийг бий болгохын зэрэгцээ иргэдийн хувьд санхүүгийн хүндрэл бэрхшээлгүй болж байна. Мөн үр дүнтэй шинэ эмчилгээг орон нутагт ийн нэвтрүүлсэн нь орон нутгийн иргэдэд олон давуу боломж олгож байна” гэлээ.
ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн багийнхантайгаа тус аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эхний хагалгааг өөрөө гардан хийсэн. Харин хоёр дахь хагалгааг ХСҮТ-ийн эмч нарын удирдлага дор аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нар гардан гүйцэтгэж буй үйл явцтай танилцлаа. Баянхонгор аймгийн уугуул хоёр иргэн энэ өдөр цөсний хагалгаанд амжилттай орж, зовиур шаналалгүй болгосон эмч нарт талархаж буйгаа илэрхийллэв. Ингэснээр дурангийн мэс заслыг хамгийн түрүүнд орон нутагт нэвтрүүлж буй анхны аймаг Баянхонгор болж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдэд илүү ойртов. Тодруулбал, Баянхонгор аймаг дурангийн мэс заслын тасагтай болсноор гуравдугаар шатлалын эмнэлэгт хийдэг үзлэг оношлогоо, мэс заслыг иргэд орон нутагтаа авах боломж бүрдэж байгаа юм. Нээлттэй мэс засал хийлгэсэн хүмүүс хагалгааны дараа долоо хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай бол дурангийн мэс засал хийлгэснээр 2-3 хоног эмнэлэгт хэвтдэг зэрэг эмчилгээний хувьд олон давуу талтайг эмч нар хэлж байлаа.
Нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг богино хугацаанд салбар яамнаас нийлүүлснээр дурангийн мэс заслыг аймгийнхаа эмнэлэгт хийдэг болж, иргэдэд хүргэх эрүүл мэндийн үйлчилгээнд дэвшил гаргахад хамтарч ажилласан холбогдох албаныханд талархаж буйгаа тус аймгийн Мэс заслын тасгийн гавал тархины мэс заслын эмч Б.Лхамсүрэн хэллээ.
Иргэд мэс засалд орохын тулд заавал нийслэлийг зорьж, хугацаа алдах шаардлагагүй, телемицнээр холбогдож, зөвлөгөө авах бүрэн боломжтой гэдгийг ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн хэллээ. Тэрбээр юун түрүүнд аймгийн нэгдсэн эмнэлгийг шилэн кабелтай холбох шаардлагатайг холбогдох дарга нарт уламжиллаа.
Мөн өнөөдөр дөнгөж төрсөн ихэр нярайд эрхтэн шилжүүлэн суулгахтай адилтгах мэс засал хийж, амь насыг нь аварлаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.
Тодруулбал, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт энэ сарын 14-нд Баянговь сумын иргэн Ч.Ц нь жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр заалтаар кесар мэс заслаар амаржиж, 2250 гр, 2610 гр жинтэй ихэр охидтой болсон билээ. Ихэр охидод “Эх ургийн цусны резүс үл тохирооны шалтгаант нярайн цус задрах өвчин”-ий улмаас нярайн цус задрал, хүнд хэлбэрийн цус багадалт, хүнд хэлбэрийн шарлалт үүсч амь нас нь эрсдэлтэй байдалд орсон юм. Тэднийг аврахын тулд охидын цусыг бүрэн сольж, сэлбэх эмчилгээ хийх шаардлагатай болсон. Цусыг сольж сэлбэх нь эрхтэн шилжүүлэн суулгахтай адилтгах ажилбар бөгөөд орон нутагт, ихрүүдэд нэгэн зэрэг хийж буйгаараа ховор тохиолдол, тус аймагт анх удаагийн тохиолдол юм.
Эх сурвалж: ЭМЯ
87430
30698
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.