Н.Тилеухан: Төрөлх нутаг маань дараагийн Дубай болно гэдэгт итгэдэг…

2 цагийн өмнө Нийгэм

Манай редакци “Нутгийн хөгжил-Иргэнээс” булангийнхаа хойморт Баян-Өлгий аймгийн иргэн, барилгын инженер мэргэжилтэй, төрөлх нутгийнхаа бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, өөрийн гэсэн зам мөр, бүтээх үйлсээ сийлж яваа, залуу боловсон хүчин Н.Тилеуханыг урьж, сонирхолтой яриа өрнүүлснээ толилуулж байна.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

-Намайг Нажкейны Тилеухан гэдэг. Би Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрж өсөж, ерөнхий боловсролын сургуулиа нутагтаа төгссөн. Төрсөн нутаг гэдэг хүний амьдралын хамгийн анхны багш, хамгийн үнэтэй дурсамж, бас хамгийн том хариуцлага гэж боддог. Миний хувьд, Идэр дээд сургууль болон МУИС, ШУТИС-д суралцаж, төгссөн. Өдгөө ч суралцаж байна. Ажлын гараагаа Монгол Ардын намын Улс төр намын байгуулалтын газраас эхэлж, Барилга, орон сууцжуулалтын яам болон хувийн хэвшилд ажилласан туршлагатай. Мөн аймгийнхаа Өлгий хүчтэн дэвжээний үүсгэн байгуулагч, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга гээд сонгуульт ажлууд хийж байлаа. Гэхдээ энд нэг зүйл онцлоход, хүн ер нь хаана ажиллаж, ямар албан тушаал хашиж байгаагаас илүүтэй хийж буй ажил нь хувь хүнд, нийгэмд, нутаг орондоо ямар үнэ цэнэ бүтээж байна гэдэг л хамгийн чухал юм билээ.

-Баян-Өлгий таны хувьд, төрсөн нутаг гэдгээс илүү ямар утга агуулдаг вэ?

-Баян-Өлгий бол миний хувьд, зүгээр нэг газар нутаг биш. Энэ бол миний хэн болохыг тодорхойлдог үнэт зүйл. Би нутагтаа хүүхэд нас, аав ээж, ах дүү, багш нар, найз нөхөд, амьдралынхаа хамгийн эхний мөрүүдийг үлдээсэн.

Тиймээс Баян-Өлгийг би “төрсөн газар” гэхээс илүү хариуцлага хүлээх ёстой нутаг гэж хардаг. Хүн төрсөн нутгаасаа хол явж болно. Өөр газар сурч, ажиллаж, амьдарч болно. Гэхдээ төрсөн нутгийнхаа төлөө сэтгэлдээ ямар нэгэн зүйл хийж үлдээх хүсэл хүнээс хэзээ ч салдаггүй байх.

-Нутагтаа ирэхэд хамгийн түрүүнд юу таны сэтгэлийг хөдөлгөдөг вэ?

-Баян-Өлгийн уул ус нь хүнийг нэг л өөрөөр угтдаг. Хүүхэд байхдаа өдөр бүр усанд сэлж, уулын бэлд гүйлдэж тоглодог байсан болоод ч тэр үү сэтгэлд нэг л ойр байдаг. Амьдрал өрнөхийн хирээр нутгаасаа холдож, олон газар үзэх тусам сэтгэлийн минь гүнд орших нутаг минь ямар үнэ цэнэтэй болохыг илүү ойлгох болсон.

-Та өөрийнхөө казах өв соёлоос дараагийн үед заавал өвлүүлж үлдээхийг хүсдэг зүйл юу вэ?

-Хэл, ёс заншил, ахмад үеэ хүндлэх хүмүүжил, гэр бүлийн үнэ цэнэ, хөдөлмөрч чанар. Өв соёл гэдэг зөвхөн хувцас, дуу, наадам биш. Тэр бол хүний өдөр тутмын амьдралд шингэсэн зан чанар, хүмүүжил, бусдыг хүндлэх хандлага юм. Бид дэлхийтэй хөл нийлүүлж, технологи эзэмшиж, орчин үеийн боловсролтой болох ёстой. Гэхдээ үүний хажуугаар өөрийн хэл, соёл, ёс заншлаа алдах ёсгүй. Өөрийнхөө үндсийг мэддэг хүн дэлхийтэй илүү итгэлтэй харилцаж чадна гэж би боддог.

-Нутагтаа хийсэн эсвэл хийхийг хүсэж байгаа хамгийн үнэ цэнэтэй ажил тань юу вэ?

-Миний мэргэжилтэй холбоотойгоор нутагтаа чанартай, зөв төлөвлөгдсөн барилга байгууламж бий болоход өөрийн хувь нэмрээ оруулахыг хамгийн үнэ цэнэтэй ажил гэж боддог. Барилга гэдэг нэг өдөр бариад маргааш нь дуусдаг зүйл биш. Хүний амьдралын орчин болж, олон арван жил ашиглагддаг. Тиймээс барилгын салбарт ажиллаж байгаа хүн бүр зөвхөн өнөөдрийн ажлаа биш, ирээдүй үеийн амьдрах орчныг бүтээж байна гэж ойлгох хэрэгтэй.

Цаашдаа аймгийнхаа онцлогт тохирсон, чанартай, эрчим хүчний хэмнэлттэй, эрүүл мэндэд ээлтэй,орчин үеийн хот төлөвлөлтийн шийдэлд өөрийн мэдлэг, туршлагаараа хувь нэмэр оруулахыг хүсдэг. Тэр утгаараа одоо энэ салбартаа ажиллаад, туршлага хуримтлуулаад явж байна даа.

– Зөвхөн төр, засгаас хамааралгүйгээр нутгийн залуус өөрсдөө юу хийж чадна гэж боддог вэ?

-Тийм ээ, хөгжил зөвхөн төрөөс ирдэг зүйл биш. Төр бодлого, дэд бүтэц, хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Харин иргэд, ялангуяа залуус өөрсдийн мэдлэг, хөдөлмөр, санаачилгаар хөгжлийг бодит болгоно. Залуус маань мэргэжил эзэмших, бизнес эрхлэх, шинэ технологи нэвтрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, барилга, боловсрол, мэдээллийн технологийн салбарт шинэ санаа гаргах боломжтой. Хамгийн гол нь “хэн нэгэн ирээд хийж өгөөсэй” гэсэн хүлээлтээс “би өөрөө юу хийж чадах вэ?” гэсэн хандлага руу шилжих хэрэгтэй.

– Баян-Өлгийн залуус нутагтаа үлдэж ажиллахад юу хамгийн их хэрэгтэй байна вэ?

-Ажлын байрнаас гадна ирээдүйдээ итгэх орчин хэрэгтэй. Залуучууд зөвхөн цалин харж нутагтаа үлддэггүй. Тэд хүүхдээ ямар сургуульд өгөх вэ, амьдрах орчин ямар байх вэ, орон сууцтай болох боломж байна уу, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ ямар байнэ, өөрийн бизнесээ хөгжүүлэх боломж байна уу гээд бүгдийг хардаг. Тиймээс залуусыг нутагтаа үлдээе гэвэл чанартай ажлын байр, боловсрол, дэд бүтэц, амьдрах таатай орчин, шударга боломж гэсэн цогц орчин бүрдүүлэх хэрэгтэй.

-Та төрөлх нутгийнхаа ирээдүйд юунаас хамгийн их санаа зовдог вэ? Харин юунд хамгийн их итгэдэг вэ?

-Санаа зовох зүйл бий…

Хамгийн их санаа зовдог зүйл бол залуус маань боломж хайж нутаг орноосоо явсаар байх, улмаар орон нутгийн маань хүний нөөц сулрах явдал.

Гэхдээ би ирээдүйдээ илүү их итгэдэг. Баян-Өлгийн залуус ухаантай, хөдөлмөрч, шинэ зүйл сурах хүсэлтэй. Манай нутгийнхан дэлхийн олон оронд ажиллаж, сурч, амьдарч байна. Тэдний мэдлэг, туршлагыг нутагтай нь холбож чадвал маш том боломж бий.

– “Би нутагтаа хэрэгтэй хүн байсан” гэж амьдралынхаа төгсгөлд хэлэхийн тулд та одоо юу хийх ёстой гэж боддог вэ?

-Хүн заавал том албан тушаал хашиж байж нутагтаа хэрэгтэй хүн болдоггүй. Өөрийн эзэмшсэн мэргэжил, туршлагаараа сайн ажиллах, мэддэг зүйлээ залуу үедээ зааж зөвлөж, нэг хүний асуудлыг шийдэхэд тусалж, нэг зөв санаачилгыг дэмжих гээд жижиг мэт боловч үнэ цэнэтэй зүйл энэ амьдралд олон бий. Миний хувьд, амьдралынхаа төгсгөлд “Би нутагтаа хэрэгтэй хүн байсан” гэж хэлэхийн тулд өөрийн мэдлэг, туршлагаа зөвхөн өөртөө хадгалах биш, нутагтаа хэрэгтэй зүйлд зориулах ёстой гэж боддог.

Аймгийнхаа дэд бүтцэд анхаарч ажиллах болно

 

-Барилгын инженер мэргэжлийг яагаад сонгосон бэ? Инженер хүний нүдээр Баян-Өлгийг харахад ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Улаанбаатар хотын дараах дэд бүтэц нь замбараагүй төлөвлөгдсөн аймаг бол Баян-Өлгий. Мэргэжлийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоогүй ажилласнаас үүдсэн асуудал байгаа юм.

-Танай аймагт барилга байгууламж барихад хамгийн их тулгардаг бэрхшээл юу байдаг вэ?

-Манай нутгийн эрс тэс уур амьсгал барилгын төлөвлөлт, чанарт маш их нөлөөлдөг. Өвлийн хүйтэн, температурын огцом өөрчлөлт, салхи, цас зэрэг нөхцөлийг зураг төслийн эхний үе шатнаас тооцох шаардлагатай.

Ялангуяа барилгын дулаалга, суурь, дээвэр, цонх хаалга болон инженерийн шугам сүлжээг нутгийн онцлогт тохируулан шийдэх нь чухал. Тиймээс өөр газарт ашигласан шийдлийг шууд хуулбарлах бус, Баян-Өлгийн нөхцөлд тохирсон инженерийн шийдэл боловсруулах хэрэгтэй.

-Баян-Өлгийн эрс тэс уур амьсгал барилгын чанар, төлөвлөлтөд сөргөөр нөлөөлдөг талаар та дурьдлаа. Энэ талаар тодруулна уу?

-Энэ асуудал бол зөвхөн манай орон нутаг төдийгүй Монгол Улсын хэмжээнд барилгын техникийн хяналтыг шинэчлэх шаардлагатайг илтгэдэг. Одоо манайд барилга эхэлж, дууссаны дараа шалгаж, зөрчил гарвал торгох хандлага байдаг. Харин барилга эхлэх үеэс нь техникийн хяналт, мэргэжлийн зөвлөх баг ажиллаж, үе шат бүрт зөвлөгөө өгч, чанарт нь хяналт тавьдаг тогтолцоо хэрэгтэй. Ингэснээр алдаа гарсны дараа засахаас илүүтэй, эхнээс нь урьдчилан сэргийлэх боломжтой.

-Та Өлгий хотыг ирээдүйд ямар хот, сууринтай болсон байгаасай гэж төсөөлдөг вэ?

-Төрөлх нутаг маань дараагийн Дубай болно гэдэгт итгэдэг. Учир нь бидэнд жуулчдыг татах үзэсгэлэнтэй байгаль, олон ястан үндэстнээс бүрдсэн түүхэн дурсгал, хэл соёл, өв зан заншил бий.

Засаг дарга бол эрх мэдлийн эзэн биш, иргэдийн өмнө хүлээсэн хариуцлагын эзэн байх ёстой

-Баян-Өлгий аймаг одоогоор Засаг даргын асуудалтай, удирдлагын шилжилтийн нөхцөлд байна. Та энэ байдлыг орон нутгийн иргэний хувьд, хэрхэн харж байна вэ?

-Иргэний хувьд, энэ асуудал аль болох хурдан, хууль журмын дагуу, тогтвортой шийдэгдээсэй гэж хүсэж байна. Засаг даргын асуудал бол зөвхөн улс төрийн хүрээний асуудал биш, төрийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, иргэдийн төрд итгэх итгэлтэй холбоотой. Хувь хүний асуудлаас илүүтэй аймгийн өдөр тутмын ажил тасралтгүй, хэвийн үргэлжлэх нь хамгийн чухал.

-Засаг даргын албан тушаал эзэнгүй байх нь аймгийн өдөр тутмын ажил, хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтад ямар нөлөө үзүүлж болзошгүй гэж та харж байна?

-Томоохон төсөл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт бол урт хугацааны шийдвэр шаарддаг. Удирдлагын тодорхойгүй байдал удаан үргэлжилбэл, шийдвэр гаргалт удаашрах, зарим төсөл хойшлох эрсдэлтэй. Гэхдээ нэг хүний албан тушаалаас бүхэл бүтэн аймгийн хөгжил хамаардаг байж болохгүй. Зөв тогтолцоо бүрдсэн үед удирдлага солигдсон ч ажил үргэлжилдэг байх ёстой.

-Засаг дарга хэн байх нь чухал уу, эсвэл тухайн хүн ямар бодлого баримталж, нутгийнхаа төлөө хэр ажиллах нь илүү чухал уу?

-Хэн байх нь тодорхой хэмжээнд чухал. Гэхдээ нэр, албан тушаалаас илүү тухайн хүний чадвар, ёс зүй, бодлого, ажлын үр дүн чухал гэж боддог. Засаг дарга бол эрх мэдлийн эзэн биш, иргэдийн өмнө хүлээсэн хариуцлагын эзэн байх ёстой.

– Дараагийн Засаг даргыг сонгохдоо казах түмэн юуг хамгийн түрүүнд харж, ямар шалгуур тавих ёстой гэж та бодож байна?

-Миний бодлоор энд хамгийн түрүүнд иргэдийн эрх ашиг тавигдах ёстой. Улс төрийн нам бол төрийн нэг хэсэг боловч төрийн албан тушаалтан бүх иргэний төлөө ажиллах үүрэгтэй. Улс төр нь хөгжлийг дэмжих хэрэгсэл болохоос хөгжлийн саад болох ёсгүй.

-Орон нутгийн удирдлагын асуудалд улс төрийн намын эрх ашиг болон нутгийн иргэдийн эрх ашиг зөрчилдөх тохиолдол гарвал аль нь нэгдүгээрт тавигдах ёстой вэ?

– Маш чухал асуулт байна. Баян-Өлгий бол газар зүй, түүх, хэл соёлын хувьд өөрийн онцлогтой нутаг. Үүнийг мэдэхгүйгээр хөгжлийн бодлого боловсруулахад хүндрэлтэй. Гэхдээ зөвхөн нутгийн хүн байх нь хангалтгүй. Нутгаа мэддэг, мэргэжлийн чадвартай, өргөн хүрээнд сэтгэж чаддаг хүн байх нь хамгийн зөв гэж бодож байна.

– Хэрэв та аймгийнхаа Засаг дарга байсан бол Баян-Өлгийн хөгжлийн хамгийн эхний гурван асуудлыг юунд төвлөрүүлэх вэ?

-Миний хувьд, хамгийн түрүүнд нэгдсэн дэд бүтцийн төлөвлөлт, мэргэжлийн байгууллагуудын уялдааг чухалчилж ажиллана. Улаанбаатар хотын дараа дэд бүтэц, хот төлөвлөлтийн хувьд хамгийн замбараагүй төлөвлөгдсөн аймаг бол Баян-Өлгий. Үүний нэг шалтгаан нь мэргэжлийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоогүй ажилласантай холбоотой. Мөн зам, цэвэр, бохир, дулаан, цахилгаан, ногоон байгууламж, барилга зэргийг тус тусад нь биш, нэг систем болгон төлөвлөх шаардлагатай. Тэгж байж цаашдын бүтээн байгуулалт үр дүнтэй болно.

– Баян-Өлгийд зам, ус, дулаан, цахилгаан, барилга байгууламжийн хувьд хамгийн түрүүнд шийдэх шаардлагатай асуудал юу гэж та үздэг вэ?

-Монгол Улсын хүрээнд 2020–2050 оны хөгжлийн мөрийн хөтөлбөр батлагдсан байдаг. Үүнтэй уялдуулан аймгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, мэргэжлийн байгууллагуудын туслалцаа, зөвлөмж, үйл ажиллагааг хэрэгжүүлж байж дараа дараагийн хөгжлийг жил бүр сайжруулж, үр дүн үзүүлнэ гэж харж байна.

– Өнөөдөр Баян-Өлгийн иргэдэд хамгийн их дутагдаж байгаа зүйл нь сайн Засаг дарга уу, эсвэл зөв ажилладаг тогтолцоо юу?

-Миний харж байгаагаар сайн менежер мэдээж хэрэгтэй. Гэхдээ түүнээс илүү зөв ажилладаг тогтолцоо хэрэгтэй гэж боддог. Сайн хүн нэг өдөр албан тушаалаас бууж болно. Харин зөв тогтолцоо үлддэг жамтай. Тиймээс бид нэг хүнийг хүлээхээс илүү мэргэжлийн хүмүүс ажилладаг, шийдвэр нь ил тод, хариуцлага нь тодорхой, сайн ажил нь үргэлжилдэг тогтолцоог бий болгох хэрэгтэй.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.