Чуулган: АН-ын бүлэг завсарлага авч, хуралдааныг цуцлав

2025-09-16 Парламент

УИХ-ын намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийсэн билээ. Нээлтийн эхний өдөр Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулсан.

Хуулийн төслийн талаар Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулсан юм.

Тоймлон хүргэвэл, манай улсын эдийн засгийн аюулгүй байдал болон хамаарал туйлын эмзэг байгааг онцлоод гадаад худалдааны 70 гаруй, экспортын 90 гаруй хувь ганц улсаас хамааралтай, эрчим хүч 24, түлш шатахуун 100 хувь импортоос хараат, гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 160 хувьд хүрсэн, эдийн засгийн төрөлжилтийн индексээр Монгол Улс дэлхийн 145 орноос 139-д бичигдэж байна. Тиймээс эдийн засгийн аюулгүй байдлаа эрс сайжруулж, эмзэг байдлаа бууруулахын тулд макро эдийн засаг тэр дундаа төсвийн бодлогын эрс шинэчлэлийг эхлүүлж байна гэсэн юм.

Үргэлжлүүлэн хэлэлцэх чуулганы хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг хоёр хоногийн завсарлага авчээ. Ингэснээр өнөөдөр 10.00 цагаас товлогдоод байсан чуулганы нэгдсэн хуралдаан цуцлагджээ. Улмаар маргааш АН-ын бүлгийн завсарлага дуусах тул чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.