Г.Батзориг: Энэ сарын 21-25-ны өдрүүдэд зэрлэгшсэн нохой, муур барих ажлыг зохион байгуулна

12 цагийн өмнө Нийслэл

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эзэнгүй нохой, муур, мал амьтныг барьж, асрамжлах газарт байрлуулна. Уг арга хэмжээг дөрөвдүгээр сарын 21-25-ны өдрийн хооронд зохион байгуулах юм.

Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодрууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хот орчмын зуслангийн бүс болон Богдхан ууланд зэрлэгшсэн нохой, муурыг барих ажлыг нэгдсэн хэмжээнд зохион байгуулна. Урьдчилсан судалгаагаар дээрх байршлуудад 1000 орчим эзэнгүй мал, нохой, муур байна гэж тооцоолсон байна. Тиймээс дөрөвдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд дүүрэг, хороод, онцгой байдал болон цагдаагийн 1270 орчим албан хаагчтай хамтарч, бүсчилсэн байдлаар ажиллана. Мөн эдгээр албан хаагчдыг сургах, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах, тусгай багаж хэрэгслээр хангах зэрэг ажлыг зохион байгуулж байна” гэв.

Зэрлэгшсэн нохой, муурыг түр байрлуулах асрамжийн газрын талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодруулав.

Тэрбээр “Урин дулаан цаг ирж буйтай холбоотойгоор зуслангийн бүс, ногоон бүсэд амрагч иргэдээс ирсэн гомдлын дагуу дээрх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тус ажлын хүрээнд зэрлэгшсэн нохой, муурыг түр байрлуулах асрамжийн газрыг ашиглалтад оруулсан. Иргэдийн аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхийн тулд уг зориулалтын байр нь зайлшгүй байх шаардлагатай. Тиймээс иргэдийг энэ сарын 21-25-ны өдрүүдэд нохойгоо уях, ногоон бүсэд амарч, зугаалахаас түр зайлсхийхийг уриалж байна” гэв.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.