“Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” номын нээлт боллоо

5 цагийн өмнө Мэдээ мэдээлэл

Ардын хувьсгалын “анхны долоо”-гийн нэг, Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой энэ сарын 8-нд тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг угтан “Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” номыг эмхэтгэн гаргасан бөгөөд номын нээлт өнөөдөр /2025.02.06/ Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Номын нээлтэд Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, М.Мандхай, Ж.Галбадрах болон намын удирдах бусад албаныхан, зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, Х.Чойбалсангийн гэр бүлийнхний төлөөлөл оролцов.

Я.Содбаатар: Маршал Х.Чойбалсангийн энэхүү цомог нь Монголын түүхэнд нэгэн шинэ эх сурвалж болж байна

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар номын нээлтэд үг хэлэхдээ Монголын үндэсний бахархалт хүү, улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь, биеэ үл хайрлан зүтгэсэн, 1921 оны ардын хувьсгалын удирдагчдын нэг, БНМАУ-ын Ерөнхий сайд, хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойн мэндийг хүргээд маршалын тухай ийн тодотгов.

Тэрбээр “Эдүгээ Маршал Х.Чойбалсантай холбогдох эд зүйлс, архивын баримтын эх сурвалж, түүнд холбогдох гэрэл зураг, газар орон, байшин барилга гээд бүгд түүх соёлын өв болох нь маргашгүй үнэн юм. Бид Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан 1953 оноос хойш Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивт хадгалагдаж буй Х.Чойбалсангийн хосгүй өв болох Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагчид, тэргүүлэгчид, Ерөнхий сайдууд, яамдын сайд нар зэрэг 102 эрхмийн гэрэл зураг бүхий цомгийг эмхэтгэн өргөн түмэндээ хүргэхийг зорилоо. Энэхүү цомог 1934 оноос бүтээгдсэн гэж үзэж байгаа бөгөөд гэрэл зургуудын тайлбарыг улаан, хар өнгийн бэхээр монгол бичгээр бичсэнийг энэхүү номд дэлгэрүүлэн бичсэн. Маршал Х.Чойбалсангийн энэхүү цомог нь Монголын түүхэнд нэгэн шинэ эх сурвалж болж, Монгол төрийн зүтгэлтнүүдийн амьдрал, үйл ажиллагаа, намтар судлалд орхигдсон байх зүйлийг тодруулсан гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэлээ.

Мөн Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар “Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” номын өмнөтгөл хэсэгт мэндчилгээ хүргэхдээ “Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч, их удирдагч, шалгарсан хошой баатар, Маршал Х.Чойбалсангийн үлдээсэн түүх соёлын өвийг хадгалах, хамгаалах, судлах, олон түмэнд түгээн дэлгэрүүлэх нь эх оронч үзэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгох өндөр ач холбогдолтой билээ” хэмээн онцолжээ.

“Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” номыг Түүхийн ухааны доктор На.Батболд, Ч.Болдбаатар нар эмхэтгэн гаргаж, Түүхийн ухааны доктор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Хишигт редактор хийж, Монгол Ардын Намаас дэмжин хэвлүүлсэн байна.

Энэхүү номыг эмхэтгэн гаргасан, Түүхийн ухааны доктор На.Батболд хэлэхдээ Монголын түүхэнд үлдсэн улс төрийн зүтгэлтнүүдээс хамгийн арвин баялаг сан хөмрөгтэй хүн бол Маршал Х.Чойбалсан байдаг ч түүнтэй холбоотой судалгааны бүтээл, түүнийг судлаачид цөөн байгаа тул цаашид судалгааны бүтээл олон гарна гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов. Тэрбээр өмнө нь Маршал Х.Чойбалсангийн захидлуудыг эмхэтгэн ном гаргаж байсан судлаач юм.

Мөн энэхүү номыг эмхэтгэн гаргасан, Түүхийн ухааны доктор Ч.Болдбаатар онцлохдоо Маршал Х.Чойбалсан бол хувь хүн, удирдагчийн хувьд ч маш сонирхолтой тул түүний өвийг цаашид зайлшгүй судлах учиртайг хэллээ.

Энэхүү номын нээлтэд иргэд олон нийтийн төлөөлөл өргөнөөр оролцон төр улсынхаа тусгаар тогтнолын төлөө зүтгэж явсан Маршал Х.Чойбалсангийн түүхэн гавьяа үйлсийн талаар эрдэмтэн, судлаачдын яриаг сонсож, шинэхэн бүтээлийн дээжээс хүртсэн юм.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.