“Ажлаа” өгөх дараагийн хүн яагаад Я.Содбаатар биш гэж…

2018-11-7 Нийтлэл

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг хариуцлагаа хүлээн сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Тэрбээр 950 сая төгрөгийн зээл авснаа хүлээн зөвшөөрч энэ увайгүй үйлдлийнхээ төлөө Монголын ард түмнээс уучлалт гуйв. Харин дараагийн хүн хэн байх вэ. Ганцхан Б.Батзоригийг Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр энэ асуудал замхрах учиргүй. Тэрбээр өөрөө зээл авсан нь үнэн, гарын үсэг зурж бусаддаа авч өгсөн нь ч үнэн билээ. Тэгэхээр жил дарааллан зээл авсан Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан энэ үйлдэлд хариуцлага хүлээлгэх нь зохистой билээ. Тэрбээр өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан хоёр жил дараалан ЖДҮХС-гаас зээл авсан нь олны өмнө илчлэгдээд байна. Б.Батзоригийн араас “ажлаа” өгөх дараагийн хүн яагаад Я.Содбаатар биш гэж.

Хуудуугүй цэвэр улстөрч гэж үнэлэгддэг тэрбээр “Эпато анарваан” компаниа эхнэрийнхээ гэж мэлзсэн ч Авлигатай Тэмцэх газарт гаргаж өгдөг өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Эпато анарваан” компанийн хувьцааг 100 хувь эзэмшдэг тухайгаа мэдүүлсэн нь цагаан дээр хараар дурайж байгаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа авахдаа л нийгэмд төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг бэхжүүлэх, шударга ёсыг дээдлэхээ зарлан тунхаглаж байсан. Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ч хариуцлагын асуудлыг орхихгүй гэсэн   билээ. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Таны Засгийн газрын үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргах дараагийн хүн Я.Содбаатар юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.