Юуг яаж идвэл хүсмээргүй ямар зовлон үүсдгийг өөрийн бие дээр нотолж, бодитоор амсч эдэлнэ гэдэг дахин өөрийгөө хорлохгүй байхад тун сайн хамгаалалт болно гэдэг утгаар нь. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг үг байдаг. Гэтэл буруу хооллоод хаширч ханадаггүйн цаана нэг чухал учир шалтгаан байна. Түүнийг ойлгочихвол өвчингүй амьдрах, өвдсөн бол эдгэхэд тун амархан.
Энэ талаар өтгөн хатахтай холбоотой хамгийн түгээмэл жишээн дээр ярья л даа. Эслэгтэй бүдүүн борог хүнс байнга идэх нь биедээ зохимжтой хооллож байгаа хэрэг учир өтгөн хатахгүй. Дээд гурилан боов, цагаан будаа идэх, бүдүүн ширхэгтэй гурилан боов, хальстайгаа будаа идэх нь зажлах, залгих талаасаа бол яг адилхан ажил.
Харин хүний сэтгэлд тэс өөр санагддагаас л борог хүнсээ идэхээс яаж ийгээд зайлсхийдэг. “Дөрвөн цагаан хор”-ын нэг гэж нэрлэгддэг цагаан гурил байнга идэхэд өтгөн хатдагийг үзэж мэдсээр байж, цусны даралт, чихрийн шижингээр бодьтойгоор зовж байж хашрахгүй л цагаан гурилдаа дурласаар байдаг шүү дээ. Өтгөн нь хатдаг ихэнх хүнд илэрдэг асуудлуудаас заримыг нь нэрлэвэл шамбарам, чихрийн шижин, бөөрний үрэвсэл, судас хатуурах, зүрх өвдөх, дархлаа муудах, харшилтай болох, вирус тээгч болох, ханиаднаас салахгүй гэх мэт.
Мөн хавдар, шарх гээд гэдэс өөрөө хэлмэгдэх нь мэдээж ойлгомжтой. Бас илүүдэл жинтэй болох магадлал өндөр. Яагаад гэвэл ийм хүн бүдүүн гэдсэндээ дунджаар 8-25кг илүүдэл тээж явдаг. Ийм их “овоолго” тээж явахад бэлхүүс нарийхан байх боломжгүйгээс гадна жинд сүрхий нэмэр. Гэхдээ өтгөн хатдаг л бол туранхай хүний гэдсэнд ч илүүдэл байдаг. Дээрх өвчин эмгэгүүд үүсэхэд өтгөн хаталт нөлөөлдгийг мэдэхгүй хүн олон бөгөөд өвчнүүдээ тусдаа зүйл гэж ойлгох тул эмчлэх гэж тусгайлан хөөцөлддөг. Жинхэнэ шалтгааныг биш үр дагавартай л их “ноцолдоно”. Эм тариа гээд төрөл бүрийн заслуудыг ээлж дараалан хийлгэвч зовиур шаналгаа түр намдахаас цаашгүй. Үнэхээр халширмаар!
Физиологийн жам ёсоор өдөрт 2-3 удаа хүндэрч, үргэлж бие хөнгөн, бэлхүүс гоолиг, өвчингүй амьдардаг хүн дэндүү цөөн юм. Өдөрт олон удаа хүндээр бие засах нь жам ёс гэдгийг Стив Паркерын “Хүний бие” гэдэг номноос иш татан сонирхуулъя. “Нарийн гэдэснээс ялгаатай нь бүдүүн гэдэсний дагуух булчин түүний ханыг бүтээж, бүрэн хучдаггүй. Булчин нь гурван хэсэг болж багц үүсгэдэг бөгөөд бүдүүн гэдэсний шугам гэж нэрлэгддэг. Эдгээр шугам хүрээ гэдэсний дагуу явахад шугам хооронд цүлхэн гэж нэрлэгддэг хонхорхой уутнууд үүснэ. Хүрээ гэдэс ханынхаа булчингийн хөдөлгөөнөөр доторх баасыг хольж, шулуун гэдэс рүү түлхэж өгнө. Гэдэс доторх агууламжийн хөдөлгөөн янз бүр байдаг бөгөөд доторх хоол боловсруулах үе шатаас хамаарна.
Тухайлбал үечилсэн, гүрвэлзэх хөдөлгөөнөөр шахагдсан, бөөнөөр хөдөлсөн хэлбэрүүд байна.” Хүрээ гэдсэн доторх агууламж нарийн гэдсэнд байхаасаа удаан хөдөлж, гэдэс өдөрт 2 литр усыг эргүүлэн шимж авч байна.
Үечилсэн хэлбэр: Бөөрөнхий хэсгүүд тодорхой завсартайгаар шахагдана. Эдгээр нь нухагдаж холигдох байх боловч урагш явдаггүй.
Гүрвэлзэх хөдөлгөөнөөр шахагдсан хэлбэр: Энэ нь бага багаар долгилсон хөдөлгөөн бөгөөд баасыг шулуун гэдэс рүү түлхэж өгнө. Арын булчин агшиж байхад урд хэсгийнх нь булчин суларч байдаг.
Бөөнөөр хөдөлсөн хэлбэр: Энэ нь хөндлөн хүрээ гэдэсний дунд хэсгийн хүчтэй гүрвэлзэх хөдөлгөөн юм. Эдгээр хөдөлгөөн өдөрт 2-3 удаа хийгдэж, баасыг шулуун гэдсэнд оруулна.
Ингээд өдөрт хоёроос гурван удаа хүндрэхээс өөр аргагүй болно гэсэн үг.
Гэтэл яагаад үүнээс цөөн байна вэ?
Эслэгээс нь салгачихсан, цавуулаг ихтэй учир наалдамхай чанартай гурил, будаа их иднэ. Төмс, ногоо жимсээ хальсалж, үрнээс нь салгана. Түүнчлэн эслэг агуулдаггүй мах хэтрүүлж иддэг атал эслэг цагаан идээ, ногоон навчит ургамал бараг идэхгүй учраас гэдэсний дотор ханын сахлаг хөхлөгүүдийг “сойздон” цэвэрлэх аргагүй болж, цардагдсан гадаргуу үүсч, гүрвэлзэх хөдөлгөөнд саад учирдаг. Аажимдаа цүлхэнгүүдэд өтгөний овоолго, чулуужсан хэсгүүд хуримтлагдан, гэдэс хэцүүдэж, элэг, бөөрний ажил хүндэрнэ. Тэдгээр овоолгуудад үүсэх хорт бодисууд, бүдүүн гэдсэнд амьдарч ажилладаг бичил биетнүүдийн алдагдсан харьцаа гээд зөндөө асуудал ар араасаа үүсдэг ажээ. Тэгэхээр эслэгтэй хүнс өдөр тутам идэж заншихад л өтгөн хатахын нэг том шалтгаан арилах нь байна шүү дээ. Ийм амархан!
Өтгөн хатахаа больчиход нөгөө олон өвчин зовиуруудын шалтгаануудын нэг нь бас давхар устана гэсэн үг. Хичнээн сайхан! Гэтэл яагаад ийм амархан боломжийг ашиглахгүй байна вэ? Энэ нь эдэлгээнд сургагдаагүй эмнэг амьтан мэт сэтгэлээс болдог юм байна. Тиймээс өөрийгөө танина гэдэг нь сэтгэлээ таних, хүн болно гэдэг нь сэтгэлээ боловсруулан номхотгохыг хэлдэг ажээ. Нөгөөх чухал учир үүнд л оршдог. Энэ ажлыг л багахан ч гэсэн амжуулбал хүн болж төрсний хэрэг давхар давхар гарна. Ядаж л өтгөн хатахгүй байх нь л дээ.
Сэтгэлээ боловсруулах ажил нь ном сурахтай адилгүй. Мэдлэг олж авахтай зэрэгцүүлээд дадлагын ажил хийхгүй бол огт номхрохгүй. Маш сонирхолтой бөгөөд асар их ач холбогдолтой энэ ажил үр дүнтэй болохын тулд дараах үе шатыг дамжин өрнөх номтой ажээ.
Харин одоо Танд цусны даралт өндөр, нэгдүгээр бүлгийн цустай, өтгөн нь хатдаг хүнд зориулсан нэг өдрийн үлгэрчилсэн цэс сонирхуулж, нэг хоолны орцыг танилцуулъя.
Өглөө: 1. Хоёр ширхэг өндөгний цагаанаар хийсэн омлет /ногоотой/ 2. Оливын тосоор амталсан брокколи, салат навч, ногоон сонгино, улаан манжин зууш 3. Буудайн соёолж 4. Хивэгний ундаа
Өдөр: 1.Гурван шимтийн шөл /амтат чинжүүтэй/ 2.Жигнэсэн гүзээ, шар лууван 3. Өргөст хэмхийн зууш 4. Бүхэл үрийн гурилан мантуу 5.Алимны шинэ шүүс /эслэгтэй/
Орой: 1.Дүфүтэй ногоо жимс 2.Хөх тариа, буудайн гурилан ёпоошиг Дүфүтэй ногоо жимсний орц: Дүфү, ногоон навчнууд /салат, чинцай, яншуй, юуцай г.м./, өргөст хэмх, цагаан лууван, шар лууван, улаан манжин, ногоон сонгино, аньс, алим, хальстай нимбэг.
Эдгээрийг хүссэн хэлбэр, хэмжээгээрээ хэрчин, шар буурцгийн жан, оливын тосоор амталж, холиод идэхэд бэлэн болно. Өөр ногоо, жимс нэмж болно.
Бэлтгэсэн: “Соёолж” зохимжит хоолны газрын зөвлөх Б.Гэрэлмаа
87430
30705
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.