Ав+дар

2017-08-30 Монгол уламжлал

Өвгөдийн яриа

Танайд АВ+ДАР байна уу?

Аваад дардаг савыг авдар гэнэ. Даллага аваад авсан юмаа дардаг савгүй болжээ бид. Дүүрэн билэгтэй түвшин жаргалтай амьдрахыг билэгдсэн сав юм авдар. Бид өнөөдөр яагаад буян хишиг муутай, чадан ядан амьдарч байна вэ гэж өөрөөсөө та асуугаад үз дээ. Гэрт тань цоож цуургатай авдар сав байна уу бас ажаадхаа. Алга мэдээж.

Аавын авдар, ээжийн эрэгнэг ч алга. Аягүй бол тагтан дээр эсвэл амбаар саванд хог болоод хэвтэж байх вий. Хуучин юм ул болж шинэ юм зул болж бид хувхайрах замдаа шулуудсан нь энэ. Ингээд бид амныхаа хишгийг ардаараа гаргасан байгаа юм. Авдар бол бидний хишигийн даллага байж. Үүнийг япон солонгос хятадууд мэдчихээд маниусын хөгшидийн авдар савыг нутаг руугаа зөөж байна. Мэдэж байна уу.

Авдар нь айлд буян тогтоож, эд баялаг дууддаг гэж монголчууд эртнээс хэлэлцсээр ирсэн түүх ийм юм. Гэвч суурин соёл ноёрхож орчин үеийн барилга байшинд том том модон авдар тавих нь зохимжгүй учраас энэ цагийнхан аргагүйн эрхэнд хишиг буяны савнаасаа сайн дураараа татгалзаж, улмаар мартахад хүрээд байгаа. Өөрөөр хэлбэл ямбаа алдаж ядуу явах үйлээ өөрсдийн гараар бүтээж байна гээд ойлгочих. Урдуураа онгойдог нь хишгийн авдар, харин тахилгын авдар дээшээгээ онгойдог байж. Хишгийн авдарт дээл хувцасаа хийдэг. Харин дүүрэн билэг гээд тахилын авдарт билэгдлийн 9 зүйл хадгалсаар ирсэн юм бидний өвөг дээдэс. 1.Цагаан хурганы арьс 2.Сур /айл бүр 9 алд сур бүр адаглаад алд сар байх/ 3.Таван тансаг үнэртэн /арц, ганга, даль, зандан,аги/ 4.9 зүйлийн таван тарианы үр 5.Таван өнгийн торго эсвэл хадаг. 6. 9 эрдэнэ 7. Баадантай мөнгө 8.Таван хошуу малаа дүрсэлсэн дүрс /сийлбэр, эсвэл зурагаар орлуулах/ 9. Азын дөрвөн шагай байх. Зарим эх сурвалжид нэрмэлийн охь байдаг гэх.

Хүн юуг зөв гэж бодно түүнийгээ хийхэд төвөг болохгүй санагддаг. Мэдээж даллагынхаа уутыг авдартаа хадгалах нь зөв байх. Ингэж авдраа тахиж авшигтай амьдардаг байв. Одоо айл бүрт авдар, авдар бүрт 9 билэгдэл байхгүй болжээ. Эдийн тэнгэрийг сахигч нь нохойн тэнгэр гэдэг. Үүнийг билэгдээд авдрын нүүрэндээ сайн банхараа билэгдэн урласан байх нь элбэг. Ингэж эдийн тэнгэрээ билэгдлээр давхар мануулдаг байж. Авдартай байхдаа монголчууд баян байсан. Авдраа шүтэж тахидаг байсан уламжлал нь ул болоод улдаж ядарч яваа юм байна шүү дээ бид. Бидний хувьд аав ээжээс үлдсэн хойморт тойроглох 5 сайхан авдрыг нь голомт сайхан гэртэй нь тордон авч үлдэн тоонот гэрийг нь тоосонд даруулахгүй уламжлан авч үлдсэндээ омогшиж явдаг. Авдраа шүтэн амь оруулан авшиг хүртэж, дүүрэн билэгтэй түвшин амгалан аж төрж, улам ухааран амьдарцгаая.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.