Байнгын хороогоор Ерөнхий сайдыг огцруулах санал ДЭМЖИГДСЭНГҮЙ

2017-08-30 Парламент

Байнгын хорооны хуралдаан

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг шуурхай хэлэлцлээ. Хуралдааны ирц 89.5 хувьтай эхэлсэн юм. Тодруулбал, 19 гишүүнээс О.Баасанхүү, Б.Наранхүү нар хуралдаа ирсэнгүй.

Ингээд санал хураалт явуулахад 17 гишүүнээс:

  • Зөвшөөрсөн 8
  • Татгалзсан 9 гишүүн байлаа.

Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдсэнгүй.

Дэмжээгүй есөн гишүүний нэр:

  1. Д.Лүндээжанцан
  2. Ж.Мөнхбат
  3. Д.Хаянхярваа
  4. Ж.Эрдэнэбат
  5. М.Энхболд
  6. Н.Энхболд
  7. О.Содбилэг
  8. Б.Ундармаа
  9. Н.Цэрэнбат

Дашрамд дуулгахад, байнгын хорооны энэ санал дүгнэлтийг энэ долоо хоногт УИХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргана.

Өнөөдрийн тус байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Хэрвээ би нэг л хүнээс нэг төгрөг авч томилгоо хийсэн бол Ерөнхий сайдаас өөрөө сайн дураараа огцорно. 800 тэрбумын концессын асуудалд манай Засгийн газрын зүгээс хамаатай хоёр л асуудал байгаа.

Нэг нь Дорноговь аймгийн зам, Хоёрт Хан-Уул дүүрэг дэхь 300 ортой эмнэлэг барих юм.

Өмнөх засгийн үед байгуулагдсан концессын мөнгөний хэмжээг багасгаад зургаан концессоос 50 тэрбум төгрөг хэмнэсэн. Энэ бол 50 цэцэрлэг барих мөнгө.

Энэ шийдвэрийг хууль зөрчсөн байна гэсэн байна. Хууль хүчний байгууллагын асуудлыг сөхөж тавьсан байна. Үүнийг бүх гишүүд мэдэж байгаа.

Засгийн газрын болон миний зүгээс хэн нэгнийг тагнаж чагнасан зүйл байхгүй” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.