“Цалинтай ээж” хөтөлбөр дэмжигдлээ

2017-06-30 Парламент
УИХ-ын чуулганы хуралдаанаар “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулсан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүд дэмжлээ.
Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гурав хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах зорилтын үүднээс “Цалинтай ээж” хөтөлбөр, Өрх толгойлсон эцэг, эхийн нийгмийн хамгааллын тухай хуулийг тус тус баталж хэрэгжүүлэхээр тусгасны дагуу Засгийн газраас дээрх хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд жирэмсэн эхэд таван сартайгаас эхлэн төрөх хүртэлх хугацааны тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсны тэтгэмжийг сар бүр, дөрөв хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа мөнгөн тэтгэмж, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж олгохоор тусгажээ.Тухайлбал, төсөлд тусгагдсан

  • жирэмсэн эхэд сар бүр 40 мянга,
  • 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжид сар бүр 50 мянга,
  • 4 хүртэлх насны хоёр ихэр хүүхдэд тус бүр нэг удаа 1 сая,
  • 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа 240 мянган төгрөгийг тус тус олохоор тусгасныг Байнгын хороо бүхэлд нь дэмжсэн байна.
“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд улс орны эдийн засаг, санхүүгийн байдалтай уялдуулан залуу эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зохицуулалт хийсэн аж. Тухайлбал, өрхийн үйлдвэрлэлийг гэртээ хэрэгжүүлэх үүднээс хөнгөлөлттэй зээл олгохоор зохицуулж байгаа гэдгийг чуулганы хуралдааны үеэр ХНХ-ын сайд Н.Номтойбаяр хэлж байв. Ингээд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Тухайлбал, төслийн “0-3 насны” гэснийг “0-3 хүртэлх насны” гэж тохиолдол бүрт нь өөрчлөх саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжив. Мөн “хүүхэд төрүүлэн өсгөж байгаа” гэснийг “хүүхэдтэй” гэж, “асран хамгаалагч” гэснийг “хууль ёсны асран хамгаалагч” гэж тус тус өөрчлөхөөр болов. Түүнчлэн  “Энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан болзол, шалгуур, нөхцөлийг хангасан Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэн, харьяалалгүй хүн хамрагдах эрхтэй” гэж тусгахаар дэмжлээ. Үүгээр хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр шилжүүллээ.
С.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.