“Хүн тархинаасаа эхэлж хөгширдөг. Эс нь үхэж хорогддог ба 40 наснаас дээш үхсэн эс нь эргэж сэргэдэггүй. Ийм учир уур уцаарыг тэвчиж, хүний хийж буй ажил, амьдарч буй орчинг шүүмжлэн гоочилохоосоо өмнө өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Зүй нь таниас л олон мянган эс үхнэ гэдгээ сайтар тунгааж бодох хэрэгтэй” хэмээн “Алтанболор” бариа заслын төвөөс зөвлөж байна.
Тодруулбал, тархины тэжээлийн дутагдал, шим тэжээлийн тэнцвэргүй хооллолт, амьдралын буруу хэвшил зэргээс тархины төрөлх чадвар нь эсэргүүцэж дийлэхгүй болдог. Нэг үгээр хэлбэл, гадны хүчин зүйлийг эсэргүүцэж дийлэхээ больдог гэсэн үг.
Тархины эс үхэж хорогдохоор эхлээд дархлаа муудна. Бодисын солилцоо хямарна. Дотоод шүүрлийн ажиллагаа хямарна. Дотоод шүүрэл хямарна гэдэг нь бамбайн булчирхайд өөрчлөлт орно гэсэн үг. Бас өөдөө хий хямарч голын хий үүснэ. Хүмүүсийн 90 хувь нь өвчин бий болж байгааг тоодоггүй. Тархины эсүүд хорогдохоор Тархи энэ бүхнийг жолоодож чадахгүй болдог. 30 наснаас эхлээд архаг өвчин хуралдаж ирдэг. Үүнийгээ тухайн үед нь засуулахгүй явснаас тархины тэжээлийн дутагдал, уламжлалт болон европ анагаах ухааны оношлогоо шинжилгээгээр тодлогдохгүй хий өвчин бий болж, яаж эмчилэхээ эмч нь ч, өвчтөн нь ч мэдэхээ больдог.
Үүнээс гадна манай төвд ирж буй хүмүүс толгойгоо чанга базуулж бариулах гээд байдаг. Гэтэл толгойн бариаг ерөөсөө чанга базаж, барьж болдоггүй. Учир нь толгойны маш олон тооны хялгасан судас, чамархайн захын судас гэх мэт судаснууд гэмтчих гээд байдаг. Толгойн бариа заслыг илэх, цэг дарах, судал хөөх гэх мэтээр зөөлөн илэх, гарын өндөгний үзүүрээр самнах аргаар бариа засал хийдэг. Хэрвээ толгойг хэтэрхий чанга базаж бариулдаг болсон бол та маш буруу бариа хийлгэж байгаагаас гадна ийм дадал тогтсон нь тархины нарийн хялгасан судасаа гэмтээж бариулсаар хэвшэл болчихсон байна гэсэн үг. Иймд хүн өөрөө өөрийгөө эртнээс судалж мэдэж, дутууг нь нөхөж, илүүдлийг нь устгаж байх учиртай. Устгана гэдэг нь туулгах, хөөх, гүйлгэх аргууд орно.
Ер нь манайхан бүр зовиурлахаараа л эмчид ханддаг. Тэгээд эм, тариагаар зовиураа түр намдаадаг. Ийнхүү өвчин нь намдахаар өвчинөө мартдаг, дахихыг нь хүлээгээд үлддэг. Өөрөөр хэлбэл, өвчин үүссэн шалтгаан, эрхтэн системийн гэмийг илрүүлэн оношилж эдгээх арга хараахан Монголд нэвтрээгүй байгаад би үнэхээр харамсдаг.
Бүх өвчин тархитай холбоотой учраас тархиа хамгаалвал архаг өвчнөөс сэргийлж чадна.
Учир нь хүн ахуйн бага сага доргилт гэмтлийг тархи, толгойдоо тэр тусмаа толгойн арын дагзандаа нэн түрүүнд авч байдаг. Үүнийгээ хүн ер нь мэддэггүй. Мөн судас хатуурлыг тархи толгойн зөв бариа заслаар 50-иас дээш хувьтай засаж болдог. Гэхдээ мэргэжлийн өчнөөн задланд орж туршлагажсан бариа заслын эмч засна уу гэхээс одоо үед Монголд лав хараахан мэргэжлийн түвшиний чадварлаг удмын судар бичигтэй бариа засалч бараг байхгүй байна. Байлаа ч нэн цөөхөн бий.
Судас хатуурсан бол өдөрт 200 эс үхдэг гэж орчин үеийн шинжлэх ухаан нотолсон. Харин нэгэнт үхсэн эс хэзээ ч дахиж сэргэдэггүй. Иймд үлдсэнийг нь хамгаалах шинээр бий болгохыг л бодох хэрэгтэй.
Гэхдээ ийм байдлыг уламжлалт арга ухаан хөгжсөн Хятад болон Японд уламжлалт бариа заслын эмчилгээгээр мэргэжлийн төвшинд засдаг. Эдгээр улс оронд тархиныхаа эсийг хамгаалах ойлголт өндөр байдаг учраас дэлхийд өндөр наслалт, зөнөгрөхөөс сэргийлэх тал дээр тэргүүлдэг. Учир нь тэд толгойн бариаг өнгөц судасны доргилтыг засах аргаас гадна гарын хөдөлгөөн сайн хийж, алгандаа цэвэр байгалийн гаралтай мод, хулс, чулуун бөмбөлөг өнхөрүүлэх зэргээр тархиа дасгалжуулдаг. Зүй нь тархитай гарын хуруунууд нягт холбоотой байдаг. Гарын хуруунуудаа хөдөлгөж байх нь тархинд илүүдэл хий хуралдахаас сэргийлнэ. Жишээ нь эрхи эргүүлэх нь гарын өндөгнүүдэд иллэг болж, тархины цусан хангамж сайжирдаг. Мөн тархины эсүүд үхжихээс сэргийлнэ. Нэг үгээр эрхи эргүүлэх нь тархины дасгал болдог. Тиймээс үр хүүхэд, байгаль дэлхий, эх орныхоо төлөө өөрийнхөө ерөөлийг хэлээд эрхи эргүүлчихэж байвал Танд тархины дасгал болохоос гадна зүрх судасны өвчлөлийг ч багасгахад ихээхэн тустай.
Түүнчлэн тархины хөгшрөлтөөс сэргийлэх хоолны хольц бол кари юм.
Тодруулбал, каригийн найрлаганд куркумин болон гоньд, хуажу(сирень), шанц, голт борын цэцэг (корица) кориандр гэх мэт халуун ногоо ордог. Судалгаанаас үзвэл куркумин нь их тархинд цардууллаг уураг бөөгнөрөхөөс хамгаалан зөнөгрөлт, хөгшрөлтөөс сэргийлэхээс гадна хүний таньж мэдэх чадварыг сайжруулахад идэвхтэй нөлөө үзүүлдэг байна. Иймд ердийн хүн 7 хоногт 1-2 удаа 15 грамм орчим кари юм уу турмерик (шар гаа) идэх нь зөв. Гэхдээ энд нэг зүйлийг анхааруулахад, ходоодны үрэвсэлтэй болон шархтай хүн халуун ногоотой кари идэхээс болгоомжлох хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд, тархиа хэдий чинээ арчилж, хамгаална төдий чинээ суурь өвчин багатай байна. Ингэхийн тулд тархиныхаа өнгөц судас, найман заадас ясны доргилтыг иллэг бариа хийлгэж засуулж байгаарай. Тархийг хамгийн сайн сэргээх бэлдмэл бол ердөө л цай юм! Тэр дундаа мэлрэг цэцгийн цай нь тархины цусан хангамжийг сайжруулах, сэргээхэд онцгой нөлөөтэй. Мэлрэг цэцгийн орчуулга нь жасмин цэцэг юм.
87308
30074
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.